1000 СЭТГҮҮЛЧИЙН ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР, 16 ДАВХАР "СЭТГҮҮЛЧ ОРДОН СҮНДЭРЛЭН БОСНО

🕔 2018/09/27 16:28

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын түүхэнд томоохон үйл явдал өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.
МСНЭ-ийн XVII Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болж, Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ баг бүрдэн ажлаа эхэлсэн. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү амлалт ажил хэрэг болох эхлэлийг тавьж, тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан ”Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.
Тэгвэл хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцууллаа. Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар "Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.
Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Мөрийн хөтөлбөртөө тусгасан "1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” амлалтаа богино хугацаанд ажил хэрэг болгож чадсанд салбарынхан талархалтай байна. Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын "Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын төслийг "Шинэ Гарц" ХХК 2015 оноос өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл "Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон "Шинэ Гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа Сэтгүүлч, Редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлах ажээ. Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.
"Шинэ Гарц" ХХК-ийн "Шинэ Гүрэн" төсөл
"Шинэ Гарц” ХХК нь 2005 оноос барилга угсралтын чиглэлээр 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, оффис, цэцэрлэг гэх мэт 200 гаруй барилгын ажил гүйцэтгэсэн. Нийтдээ 900 айлын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч болон захиалагч гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтанд оруулсан.
Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын иж бүрэн цогцолбор хорооллын "Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын төслийн ажлыг "Шинэ Гарц" ХХК амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа хэмээн "Шинэ Гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа мэдэгдсэн. 
Б.Бадамрагчаа цааш нь үргэлжлүүлэн ярихдаа "МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр "Шинэ Гүрэн" хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд нэг метр квадратыг нь 1.099.000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгааг та бүхэндээ хэлье ээ. 
Монголын оюунлаг сэхээтний төлөөлөл, нийгмийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ардчиллын хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох чөлөөт хэвлэлийн сахин хамгаалагч Монголын сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож байгаадаа баяртай байна.
Шинэ гүрэн төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2.300.000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1.099.000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтанд орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана" гэж мэдэгдсэн.

"Марс Констракшн” ХХК
1992 онд байгуулагдсан. Барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зураг төслийн тусгай зөвшөөрлийн хүрээнд: 16 хүртэлх давхар барилга байгууламжийн барилга архитектур,барилга бүтээцийн зураг төсөл хийх, Барилга угсралтын тусгай зөвшөөрлийн хүрээнд: 7 хүртэлх цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил хийх хүчин чадалтай. Зөвлөх инженер 1, архитектор 3, магистр инженер 1, барилгын зураг төслийн салбарт арваас дээш жил ажиллаж байгаа барилгын инженер 3 болон залуу инженерүүд ажиллаж байна. Нийт 600 гаруй барилгын зураг төслийн ажлын гүйцэтгэсэн. Үүнээс зарим томоохон төслүүдийг дурьдвал: 
"Эко констакшн” ХХК-ийн "Маршал таун хотхон”
24 давхар "МН товер" оффиссын барилга
"Долоон Болдог” ХХК-ийн үйлдвэрийн барилга
"МСS” ХХК-ийн спорт заал, усан бассейн
"Мобиком” ХХК-ийн 15-35 метр металл цамхагууд
"Соёмбот Өргөө” 30 давхар үйлчилгээтэй орон сууц
"ОССК”-ын 7-р хорооллын орон сууцны хороолол
"Алтай Констракшн” ХХК-ийн "Алтай" цогцолбор
"Eco tower" 24 давхар оффисын барилга

МСНЭ-ийн Ажлын алба

 

 

 

1000 СЭТГҮҮЛЧИЙН ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР, 16 ДАВХАР "СЭТГҮҮЛЧ ОРДОН СҮНДЭРЛЭН БОСНО

 

1000 СЭТГҮҮЛЧИЙН ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР, 16 ДАВХАР "СЭТГҮҮЛЧ ОРДОН СҮНДЭРЛЭН БОСНО

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!