ЗАВА ДАМДИН РИНБҮЧИ: АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

🕔 2018/09/25 08:58


          Их Зава Дамдин ринбүчи буюу Лувсандаржаа ринбүчи  энэ найм, есдүгээр сарнаа  алс баруун хязгаар Алтай таван богд хүртэл аялж  түүх, соёлын дурсгалын олон газар морилон саатсан аян замын тэмдэглэлээ шүлэглэн бичсэн нь сонирхол татсан юм. Их ламтаны энэхүү  тэмдэглэл гүн ухааны хийгээд түүхийн олон зүйлийг хөндөн яруу сайхан илэрхийлснийг түүний дүү Да лам Билгүүний цахим хуудаснаас авч сониндоо цувралаар нийтэллээ.

ЦАМБА ГАРАВ МИНУ

 

Суут Богдын удам билээ би

Суу билигтийн хүү билээ л

Сутай хайрхан даа бараалхав л

Судар номоо уншлаа л

Харц ардаа тэтгэнэ л

Хамаг улс даа зүтгэнэ л

Хар Ус нууран даа

Хайртай үгсээ шивнэлээ л

Цамба тэнгэрийн угсаатай би

Цагаан дагина ээжтэй л

Цамба гаравтаа мөргөлөө л

Цагаан лавайгаа үлээлээ л

 

Газрын эсүран хурмаст

Ган болд дуулгат

Хөх ширэн хуягт

Хөхүмдэг номин нөмрөгт

Ган зудыг зайлуулагч

Гай зовлонг холдуулагч

Гартаах дайсныг номхтгогч

Гал голомтыг сахигч

Цас зүсэн титэмтэй

Цайвар торгон манжлагатай

Цагийн дуудлага бүрээтэй

Цамба гарав мину

Цаг лугаа буусан

Цагаан хурмаст тэнгэр

Цалин мөнгөн хуягтай

Цамба гарав мину

Ариун тэнгэрээс заяатай

Агь хүжсэн дээлтэй

Алтан харгана гуталтай

Агуу Цамба мину

Хан, хатад, агь, гүнж

Хараат албат бүхэн дор

Хамаг улсаа даатгаж

Хатан зүрхээр мэндчилье

Арц хүжсээр сүрчиж

Анхилам тахил өргөе

Алд цэнхэр хадгаар

Ариун үйлсээ даатгая

Есөн эрдэнэ өргөж

Ерөөл бүхнээ даатгая

Ер бусын хундгаар

Есөн хүслээ ерөөе

Цамба гарав мину зээ

24.08.2018

 

УРИАНХАЙ ЗОН МИНУ

Урианхай зоны урилгаар

Уулс Алтайг зорилоо л

Урдах зам саадгүй

Ухаант ардтай золголоо л

Чойпаг ламын заллагаар

Чойрын хийдээс мордлоо л

Бундай ламын уриагаар

Буурал Алтайд ирлээ л

Буянт уулын энгэрт

Богд Алтайд илбүүллээ л

Бурхан номоо дэлгэж

Будалын авшиг хүртээлээ л

Сагсай голын эрэг дээр

Саатан өнжин хонолоо л

Сайхан сэтгэлт ардуудад

Сайтар адистид хайрлалаа л

Сагсайн хүрээн тууринд

Сайны ерөөл тавьлаа л

Сартагтай баатар ажирсан

Саарал хөлөг нь цавчилсан

Алтан цөгц нуураас

Авшиг рашаан хүртлээ л

Чингис Сүрэн залуугийн

Чин сэтгэлийн дуудлагаар

Баясгалант сэтгэлээр зочилож

Бахтай найрлан суулаа л

Бага Алтайг зорьж

Бартаат замыг туулж

Баатар Дамба, Намнангын

Баатарлаг хөшөөнд мэхийв л

Мөнх хөх тэнгэрт

Ёл, бүргэд дэвнэ л

Дамбын сүлд нь ёл

Намнангийн сүлд бүргэд л

Аян замд өчүүхэн

Амсхийн дугжрах зуур

Гэрэл сацруулсан хадагтай

Нүд гялбуулан ирлээ л

Усан болор аягаар

Усан тунгалаг дүүргээд

Урдаас минь барихад

Уулгатай аваад сэрлээ л

Хийморьтой гурван хилчинтэй

Цэргийн ёсоор мэндлэлцээд

Цэцэлсэн шастир хүүрнэлдэж

Цээж дүүрэн дуулалдлаа л

Улаан хадын дунд

Улсын хилийн манаанд

Урьдын сайхан ерөөлөөр

Уужран бясалгаж суув л

Намрын саран авхай

Нууцхан аальгүй зангаар

Нуурын толинд тольдож

Нут утгыг илэрхийллээ л

Тунгалаг сэрүүн Алтайд

Тухлан сууж бясалгалаа л

Туяарах сарны гэрэлд

Тун чиг бодолд автлаа л

Цагаан дэгдээр дэр хийж

Цантсан зүлгэн дээр нойрслоо л

Цаст уулын нууранд

Цагаан арслан мэт эрхэллээ л

Цалин мөнгөн аягаар

Цалгисан эрдэнэ дүүргээд

Цагаан хүслээ шивнэж

Цалгитал шидэж өргөлөө л

Урьдын гүн ерөөлт

Урианхай ардтайгаа нөхөрлөлөө л

Сүбээдэй баатарын хойчис

Сүн барилдлага тогтоов л

Зэлмэ баатарын удам

Зэврэхгүй гангаар холбогдлоо л

27.08.2018 Баян Өлгий Аймаг

БОГД ЧИНГИС ХААНДАА БАРААЛХСАН НЬ

Эмахо Маш Гайхамшиг!
Зөөлөн Эгшигт Үндсэн дандарт лүндгэнэсэн
Зүйрлэш үгүй хүчит Очир Ваанийн хувилгаан
Гайхамшигт Алтан Дэвтэрт гараар зааж үзүүлсэн
Газрын Эсүран Хурмаст Галбын Эзэн Хаан мину

Хир үгүй Охин Тэнгэрт мөргөн бараалхаад
Хэв сайн нөхөдтэй Толбын хөвөөнд үдэлцэв
Аргамаг хөлгийн жолоог Отгон хайрханлуу залав
Алтай Цагаан Дагинаа санан санан бодлогошров

Алтан жолоо хумилгүй алжаахыг умартан явав
Ахуй их Очирваанийн хувилгааныг алсаас тольдов
Бараан догшин нөмрөгөө баруун тийш хумив
Зөөлөн цагаан нөмрөгөө зүүн тийш хумив

Тунгалаг сэрүүн голд нь умбаж аваад алхав
Тунамал сайхан лагшинаа тун тодорхой угтав
Өлмий дор нь мөргөөд өөд тэмүүлэн алхав
Өндөр дээд тэнгэрт үүлсээр наадаж үзүүлэв

Очир алмасан титэмд охь цагаан манжлагатай
Орой дээрхи шүхэр нь онц сонин хувилгаантай
Огторгуй дахиныг аюулгагч онцгой аюумшигт аянгатай
Огоот үл дарагдагч ган болд хуягтай
Болд хуяг нь дотроо дүгүла хив дээлтэй
Дүгүла хив дээлэн дээр уул усан магнагтай
Уул усан магнаган дээр ургамал цэцгэн хээтэй
Болор шилэн хажлаган дээр хүрэл очир шигтгэсэн
Баруун мөрөн дээрээ баатарын хоромсого асаасан
Зүүн мөрөн дээрээ саадаг нум агссан 
Ар нуруун дээрээ дайны хилэн нөмрөгтэй 
Ахуй өвөр дээрээ Алтан Ургийн шастиртай
Бадаргуу Цагаан Тэнгэрийн Отгон хөвгүүн мину
Баатарлаг Чингис өвгийн хайрхан дүр мину
Бадрангуй Ядам Бурхан Очир Ваань мину
Бат Нууцын Эзэн Отгон Тэнгэр мину

Баруун өлмийн тушаа Хатан Дагина нь саатсан
Бахдам түүний агь, гүнж эцэг эхээ өргөсөн
Үлэмжийн гуа хатан нь Бадар Хундага барьсан 
Үлэмж баатар, багатудчид үй олноороо чуулсан

Тэнгэрийн цагаан чонос тэнд эндээс ульсан
Таниа нь үгүй бодгалиуд таахын аргагүй дуугарсан
Ширмэн цөвдөл хошуутай шийдэмгий бараан элчистэй
Шижим бүр нь гайхамшигтай шид бүрдсэн орон

Ойр хэмээн харвал хол болгож тэнсдэг 
Хол хэмээн харвал ойр болгож нааддаг
Очсон болгоныг сорьж бараалхсан болгоныг шалгадаг
Холч билиг билгүүнээр хол ойрыг болгоодог

Наран жаргахын урьд Найрын Хундагат хүрэв
Саран ургахын урьд саатан сууж бясалгав 
Найраг сайхан хойлоогоор Сампэл хүү унзадлав
Найдвартай чин сүжгээр Насан Бат тахилчлав

Гурван хүн тэндээс гурван орчлонг хурайлав
Гундаа нь үгүй сэтгэлээр хурай хадуулан уухайлав
Харин чимээгүй болоход Хан хайрхан дотроос 
Хамаг олноор дуугаран хад чулууг доргилуулав 
Хан тэнгэр огторгуйд цуурай хадан эгшиглэв
Элдэв зүйлийн араатан энд тэндээс архирав
Эгшиг дуутай жигүүртэд эргэн тойрон донгодов 
Мань гурав тэндээс шар үсэн босов
Магад хувиршгүй сүсэг маш бат ургав
Алтан мөнгөн аяганд эрдэнийн хумх хийж
Аав ээжийн хайрласан алс дээдсийн хадаганд 
Амьсгаа даран ерөөгөөд ариун эдээ боож
Алдлан шидэж өргөөд амьтан бүхнийг даатгав

Алимад гурван хүн алхаж доош буухад 
Анивчих одод чуулж анир чимээгүй болов
Гүн хөх тэнгэр тунгалаг болоод сэрүүн
Гүн бодолт автаж гүнзгий утгасыг ухав
Гурван нөхөд тэндээ аяны цацраа буулгаад
Гүн нойронд автав гэтэл үнэгэн шөнөөр
Агуу хурмастын оройгоос аварга луу хүрхэрэв
Аянга цахилгаан нажигнаж асар майхныг хөдөлгөв
Хөх Тугийн Дэвтэрт хөвчин Их хааныг 
Хүдэнт аянгын дуугаар хөө хуягтныг захирдаг 
Хүндэт дээд шастир хүүгийн сэтгэлд санагдав
Хүчит их аадар асар цацарыг дагжуулав
Хүй олон баатрын хөлгийн төвөргөөн бодогдов

Үүрээр эртлэн босоод үлээх цайгаа зооглоод 
Үнэн дээд хаандаа гурвуул залбирал талбив
Цагийг захирсан Богд минь цахилгаан титэм соёрхож
Цагаан дээлээ асааж цацарсан алмас шигтгэжээ

Ай Цагаан Хурмаст минь аварч биднийгээ өршөө
Ахуй энэ төрөлд амин зүрхнээс хагцахгүй
Алимад төрөл бүхэнд ахин дахин учруулахтүн
Аюулхай цээжинд минь аливаа эрдмийг төрүүлэхтүн

Уулс давааг даваад Улиастай хотод ирлээ
Урьдын сайхан шавь нар урам зоригтой угталаа
Удам ухаан сайт Хүрэн Адуут овгийнхны 
Уужим сайхан голомт нь улам бадрах болтугай

Аяа Бадаргуу Цагаан Тэнгэр минь Агуу Очир Баригч минь
Агуа Чингис хаан минь Их Нууцын Эзэн минь
Газрын Эсүран Хурмаст минь Галбын Эзэн Хаан минь
Очир Ваань минь Отгон Тэнгэр Хайрхан мину


2018.09.01 Отгон Тэнгэр Хайрхан 

ХИРГҮЙ ОХИН ТЭНГЭР МИНЬ

Ай гайхамшигтай!

Хир үгүй Гэрэлт Охин Тэнгэрийн сударт

Хэт дээд утгасыг хэргийн тухайд тодорхойлсон
Алтан Дэвтэр шастирт Алтайн уулс болоод
Алтан ургийн хэлхээг алдаагүй сайтар болгоосон

Эрд урьдын цагт энэ түүхийн эхэнд
Энгүй дээд тунгалаг ариун тэнгэрийн орноо
Эрх нэгэн гүнж их алдаа гаргаж
Энхэр таван зуун шивэгчдийн нэгэн хамт
Эзэрхэг дээд тэнгэрийн хараалаар ягчис болоод

Эл Алтайн уулсад нутаг заан оршоосон
Ээнэгшин суун дасаж аж амьдрахуйн цагт
Эрхэм Гуа Бүст Огбагжан хэмээх бодисун
Эрэлхэг таван зуун нөхөд алт хайхаар одоод
Энэхүү орноо зорчин эгэлгүй хадагтайдтай золгожээ

Хиргүй Охин Тэнгэр Гуа Бүст хоёроос
Хутаг дээд язгуурт Хуша гүнж мэндэлсэн 
Хувилгаан оньст европчууд Азия хэмээн тэмдэглэсэн
Хувиршгүй алтан ураг хүй тэнд цөглөж
Хуша тэр бээр хатан төр эрхтэй
Хүмүний алтан төрийг анх энд байгуулжээ

Арвист хөвүүн би алдрай бага ахуйгаас 
Аавын сургаал дахь Алтайн үлгэр домог
Арван хэдхэн наснаас өвгөн туульчдийн амнаас
Арван гурван Алтайн туульс магтаал хайлал
Алд бие идэр оюунтан залуу наснаас
Алтан Ганжуур хийгээд Алтан Дэвтэр дахь
Хир үгүй Гэрэлт Охин Тэнгэрийн айлтгасныг 
Хэр чадлаар сонсож санахыг эрхэм болготол 
Хэтэрхий дээд Богд Алтай Цагаан Дагинад
Хэт чулуун зүрх минь уяран хайрлаад удав

Есөн хүслийн оргил Богд багшдаа даатгав
Ерөөл хүсэл мөрөөдөл ер биелэх нь магад
Ер нэгэн өдөр Урианхай зоны дуудлагаар
Ер бусын Алтайг бишрэн бишрэн аялав

Аюумшиггүй зүрх сэтгэлээр Богд Алтайг зорин
Адармаат замыг туулаад Тува малчныд буудаллав 
Арга ухаант Болор Сүх ааль сайт гэрийнхэнтэйгээ
Ааруул цай зоог амтат идээ жимсээр
Алжаал тайлан зочлоод атан тэмээ хөслөв
Аргамаг хээрийн дэл дээр Богдын хормойд хүрч 
Аяны цацраа буулгаад цогчод идээн өргөлөө

Алтан нарны цацраг Алтайн уулсыг шижиртүүлнэ
Аюумшигт Мөсөн гол ангал чулуун хөвөөтөй
Алтай цагаан дагина аюулхай цээжийг долигсуулна
Агшин зуур хувилгаж адилгүй үзэгдлийг үзүүлнэ

Мөнгөн сарны туяа болор оргилд туяарна
Мөсөн голын хархираан мөрөөдөл зүүдийг сарниулна

Цастын цагаан чоно цаана наанаас улина
Цас, мөсөн тасхийж цацар майхан чичрэнэ

Үүр шөнийн завсар үснир задгай авхай
Үүд хоймрыг нээж хойд үүдээр ирээд
Үүргэлэх нойрыг сэрээж үл ялиг саатаад
Үүдэн хөл дээр суугаад чинуа болон одов

Агшин зуур нойрсоод аяны нөхдөө сэрээж
Аяга зайрмагтай усаар алд биеийг сэргээв
Анд сайхан нөхөдтэй Алтайн оргилд мацаж
Аварга оргилын дунд алтрах наран мандлаа

Амьд үхсэнд ч үзээгүй асар гайхамшгийг үзэв
Алтай сүмбэр уул Азийн цагаан дагина
Сувдан титэм соёрхож сул манжлага унжуулан 
Сондорт болор уужин дээр танан цагаан дээлтэй
Танан цагаан дээлэн дээр тал бүрийн хээтэй
Талст очир алмас таашгүй олныг шигтэгсэн
Тунамал хив эмжээртэй тунгалаг торгон нөмрөгтэй
Туналзан намрих бүчтэй тансаг үүлэн хээтэй
Молор эрдэнийн хормой дээр мөсөн хучлага зүмбэртэй
Мохош үгүй эрдэнийн Цагаан Дагина мину

Агуу Шагжмун Бурханы айлдан соёрхсон эштэй
Алтан ургийн өлгий ард олны голомт
Аав ээжийн минь алс дээдсийн болор орд
Ахуй Монголын шүтээн сахиулсан дээд тэнгэр
Алтан дэлхий гаригийн Анхил Цагаан Эх
Амармаг хүсэл мөрөөдлийн Ариун Цагаан Алтай

Амьсгаа даран бясалгаж ахин дээш авирлаа
Алаг хэдэн бялзуухай мэндлэн жиргээд өнгөрлөө
Ай энэ бөгөөс ер бусын үзэгдэл
Ахин дээш мацлаа ахин өөд авирлаа

Цагын цагаан эрслэнгын цагаан алтан оргил дээр 
Цаг лугаа бууж цар идээгээ бэлтгэн
Цагаан лавайгаа үлээж цагаан дагинасыг чуулуулж
Цас хонх дамараар тэврэн хурим өргөв
Цадиг түүхийг нь дэлгэж цаглашгүй их баясуулав 
Цасан зөөлөн бударсан нь ширхэг бүр цэцэг
Цэцгийн хурд баясан өөрийн эрхгүй хайлав
Цэцэн дагины тааллаар салхи, манан, цас
Цэц байгалийн үзэгдэл бүгд энэрэл хайр

Алтан дэвтэр судраар ашид сайныг хурайлав
Аг тарнийн эрихээр шид бүтээл хурайлав
Тэнгэрийн солир илдээрээ тэнсэш үгүй хурайлав
Тэсвэрт болд сүхээрээ тэнгэрт хадтал уухайлав

Шадарласан хүмүүс хэмээвээс нийт найман шавь
Шаламгай сайн авьяаст Лувсан Сампэл хүү
Алтайн Урианхай түмний Лувсан Чойпаг хамба
Алтан жолоонд гавшгай Насан Бат хиа
Мөн хашир няхуур Мөнх Бат туслагч
Мөрөөдөлдөө хүрсэн хадагтай инээлгэгч Энх Туяа
Зуны гуталтай гарсан зурагчин Эрдэнэ Заяа
Хамаг түрүүнд түүчээлэн хамаагүй чирсэн Болд
Хамт бүгдэд туслагч отгон Чин Зориг

Зава Дамдин гуайн үлдээсэн соёмбот цэнхэр хадаг
Завсаргүй буянтны хураасан есөн эрдэнэ сэлтийг
Завъя мөнгөн аягаар дүүргэн байж өргөөд
Замбуу тив дэлхийн сайн сайхныг ерөөв

Уярах сэтгэл хорогдов ч цагийн юмс цагтаа
Урдах замдаа хөдөлж урсгал нулимс асгарав
Ухаан бодлоо цэгцэлж цасаар нүүрээ үрэв
Уужим тайван болоод уужран бясалган буув

Анхил Цагаан Дагина ахин дахин үзэгдэж
Агшин агшинд хувилж алив хувилгааныг үзүүлнэ
Ариун тэнгрийн хөшиг ахин дахин татна
Алдхан би чинь тандаа хайртай сэтгэлээ өргөнө
Алс хөдлөхийн өмнө малгайг минь нууж наадав
Аргамаг хөлгийн дээрээс эргэн харж явав

Ай Алтай мину Азийн Цагаан Дагина минь
Ариун Тэнгэрийн Хадагтай минь Анхил Цагаан Дагина минь
Азия хэмээх бүсгүй минь Хиргүй Охин Тэнгэр минь
Алтай Таван Богд минь Арван гурван Алтай мину

29.08.2018 Алтай Таван Богд

ЗАВА ДАМДИН РИНБҮЧИ: АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

 

ЗАВА ДАМДИН РИНБҮЧИ: АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

 


<!-- [if !supportLineBreakNewLine] -->
<!-- [endif] -->

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!