Өмгөөлөхийн заяанд төрсөн хүн
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
Өмгөөлөгч хүн, би”
Ардын уран зохиолч П.БАДАРЧ
Та Сумъяа өмгөөлөгч мөн үү?
-Сумъяа өмгөөлөгчтэй уулзах гэсэн юм.
-Намайг Сумъяа өмгөөлөгчөөр л өмгөөлүүл гэж ээж минь хэллээ.
Энэ бол Сумъяа өмгөөлөгч хаана явнав, тэнд болж байдаг эрэл, сурал.
Хаалга цохисон ч, утас дуугарсан ч, хэн нэгэн гудамжинд таарсан ч ийм л үг сонсоно. Дэлгэрцогтын Сумъяаг тавиад жил дагалдсан энэ үгэнд ижил дасал болжээ. "Дэлгэрцогтын Сумьяа” гэхээр тэр болгон хүн мэдэхгүй ч "Өмгөөлөгч Сумьяа” гэхээр захын хүн дуу алдан танимгайрхана. Өөртэй нь уулзахаар ирэгсэд өөрөө юмуу, ойр дотны хэн нэг нь хэрэг түвэгт орсон, бүр хүн амины хэрэгтэн, олны ярьдгаар засрашгүй этгээд, аль нь байлаа ч өршөөл аврал эрж, асар их итгэл тээж ирснийг Сумъяа нүднээс нь хараад түвэггүй "Уншиж” чадна. Тэр их итгэлийг дааж үйлчлүүлэгчээ өмгөөлнө гэдэг хуулийн болон хүн ардын зан үйлийн өргөн мэдлэг, хуулийн гаргалгааны олон хувилбарт чөлөөтэй хөрвөх чадвар, илтгэх урлаг шаардах ч олон арван жилийн туршлага, дадлага, илтгэн үнэмшүүлэх урлагийн хүчээр түүнийг давж гарсан гэгээн саруул замнал түүнийх. Сумьяагийн энэ мэргэжлийг сонгосон түүх ч сонин. Дунд сургуулиа дүүргэсэн түүнийг шууд л Өвөрхангай аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр суралцуулахаар хуваарилчихаж. Хуваариа сонсчихоод хүрч ирэхэд аав, ээж нь "Юү ярьж байгаа юм. Зам, харилцаа буйд, нас, бие бага охиноо хүний нутагт явуулж чадахгүй. Охиныхоо хойноос санаа зовоод нэг хоног ч тайван байж чадахгүй” гээд халгаасангүй. Ингээд оёдолчин ээжийнхээ дагалдангаар найман сар ажиллав. Дагалдан оёдолчин болох ч санаснаар биш байж. Ээж нь дарга нартаа учирлаж гуйж байгаад дэргэдээ суулган эхлээд тууш оёдол зааснаар гэрийн цагаан бүрээс, хөшиг зэргийг оёж оёдлын машиндаа ч дасч дадаж эхэлсэн ч, үеийхэнтэй бужигнаж, инээж хөхөрч сурч мэдэх их хүсэл түүнийг далласаар л байж. Нэгэн өдөр үйлдвэрийнх нь улаан буланд нээлттэй шүүх хурал болоход дарга нар нь ор гэсэн ч юмуу, өөрсдөө сонирхсон ч юмуу, оёдлын тасгийнхан орцгоочихож. Урлагийн тоглолтоор аймагт ирсэн хүмүүсээс нэг нь амиа алдсан хэргийн холбогдогчийг шүүх хурал юмсанж. Ээжийгээ дагаж орсон Сумьяа шүүх хуралд хэн юү ярьж байгааг төдийлөн сонирхоогүй ч хотоос ирсэн өмгөөлөгчийн үг сэтгэлийг эзэмдэх нь тэр. Тэр өмгөөлөгчийн яриаг хүмүүс маш их анхаарч, зарим нь нулимсаа чимээгүйхэн арчихыг ч анзаарчээ. Сургуульд явах, сурч мэдэх хүсэл сэтгэлийг нь эзэмдсээр байсан Сумъяад ч ерөөсөө энэ хүн шиг л өмгөөлөгч болъё гэсэн бодол төрсөн гэдэг. Ээж, аавдаа ч энэ бодлоо хэлэхэд нэг их ундууцсангүй. Тэгж байтал Хууль цаазны дунд сургуульд элсэлт авах сураг сонсдсон нь Сумъяагийн сэтгэлд нар гийх шиг болов.
Ингээд л Аймгийн шүүх дээр очиж шалгалт өгч тэнцсэнээр Хууль цаазны дунд сургуулийн оюутан болох томилолт өвөртөлсөн нь 1968 он. Хорин насандаа хүсч мөрөөдсөн мэргэжлийнхээ сургуулийн босго алхаж хорин гурван настайдаа төгсөн төрөлх аймагтаа өмгөөлөгчөөр томилогсон нь 47 жилийн тэртээ.
... Зээ охиныхоо амийг хохироосон гэх 67-той эмээгийн хэрэг өмгөөлөх боллоо. Зээгийнх нь нас барсан шалтгаан тун бүрхэг. Охин малд мөргүүлснээс үү, эмээ нь мод, төмрөөр санаандгүй цохисноос уу гэдгийг ялгах хэцүү байв. Гэтэл "... Тэр гуай зээ охиноо алчихжээ” гэсэн яриа хуурай өвсөнд ассан түймэр шиг тархаж. "Даарин дээр давс” гэгчээр аймгийн сонинд "Ухна биш эмээ нь алжээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн нь эмээг илт буруутгасан байв. Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ зөвтгөх нотолгоог хайж эхлэв. Тэднийд хавьтсан ойртсоноо мөргөдөг айхавтар ухна байсан нь залуу өмгөөлөгчийн анхааралд өртсөн байна. Ахмад өмгөөлөгчдөөс асуухад "Тэнд чинь юм байж мэднэ” гэлцсэн ч ухнын эвэрт наалдсан үсийг хүнийх үү, малынх уу, хүнийх бол хэнийх вэ гэдгийг нотлох шинжилгээ хийх боломж хөдөө орон нутагт байсангүй. Гэлээ ч өмгөөлөгчийн үнэн үг шүүх бүрэлдүүнийг эргэлзэхэд хүргэсэн төдийгүй, залуу өмгөөлөгч түүний хойноос уйгагүй явсны хүчинд ухнын эвэрт наалдсан үс хүнийх төдийгүй, зээ охиных гэдэг нотлогдсоноор эмээ хэрэгт холбогдолгүй болсон нь санаанаас гардаггүй.
Өөр нэг тохиолдол. ...Таяг тулсан эмгэн Сумьяа өмгөөлөгчийг зорин ирж. Эмээгийн царайд арга барагдсан, итгэл алдарсан шинж илт. Эмгэн "Гомдлын мөрд энэ охинтой л уулзаж нэг үг дуулъя” гэж эцсийн горьдлогоо тээж ирснийг ч Сумьяа хараад л мэдэрсэн байна.
"Би гэж мунгинасан амьтан. Төрүүлсэн үр хүүхдүүд маань хайхардаггүйгээс насны эцэст ганц бие ядарч явнаа, эмээ нь. Харж хандах хүнгүй над туслах арга байна уу” гэхдээ хоолой нь зангирч гал нь буурсан нүдний нулимсаа барьж чадахгүй байв. 75 нас хүрсэн эхийгээ ямар гээч хүүхдүүд нь ингэтэл хөсөр хаясны учрыг олохоо ч өмгөөлөгч эмээд амлаад хөөцөлдөж эхлэв. Эмгэний хүүхдүүдтэй уулзахад өөрсдийн баян тарганаа гайхуулж эхийгээ бараг л "Даварчихсан хөгшин” гэх нь халаг авирлах хүү, охин хоёрыг тус болохгүйг мэдсэн өмгөөлөгч эмээгийн өмнөөс өргөдөл гаргаснаар хүүхдүүдээс нь сар бүр тэтгэмж гарган эмээд олгох шийдвэрийг шүүхээр гаргуулж чадсан байна.
... Тээврийн жолооч нар хээр цайлаад хөдлөхдөө эхний тэрэг босч амжаагүй нэг жолоочоо дайрчихжээ. Яах аргагүй хүний амь үрэгдсэн хэрэг. Нэгнийгээ машинаар дайрч хөнөөсөн жолоочийг өмгөөлөх болов. Хохирогчийн ар гэрийхэн "Амийг амиар” хэмээн хашгиралдаж хэрэгтний талд үг дуугарах бүрд эсэргүүцэж байсан ч санамсар, болгоомжгүйгээс гарсан хэрэг болохоос санаатай, зориудын биш тохиолдол болохыг олон талаас нь нотолж чадсанаар тэр жолооч хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай гарчээ.
Энэ мэт жишээг хэдэн зуугаар нь иш татаж болно. Бүр хэлгүй, дүлий... гээд өөрийгөө зөвтгөн мэдүүлэг өгөх чадваргүй олон хүнийг өмгөөлөн хэргийг хөнгөлүүлж, цагаатгуулсан тохиолдол ч олон бий. Тэр бүхнийг зүгээр л цээжний пангаар хийх аргагүй. Үйлчлүүлэгчээ зөвтгөхийн тулд зөвхөн ганц хэрэг дээр л гэхэд олон олон хууль судалж ямар гаргалгаа байхыг эрж хайна. Бодит байдал, ойр орчны нь хүний үнэлэлт дүгнэлт, мөн чанарыг судлан уйгагүй явахаас аргагүй. Гэгээн өдөр сэтгэлдээ, харанхуй шөнө орондоо тэр бүхнийг эргэцүүлэн бодож тархи толгой байнга ажиллаж бүр нойрон дунд ч тэр хэргийг ингээд шийдчихлээ, тэр үйлчлүүлэгч маань тэгээд цагаадчихлаа... гээд зүүдэнд хүртэл орно.
Нэг удаа "Үнэн” сонины тэргүүн нүүрэнд түүний тухай "Өмгөөлөгч” гэсэн нийтлэл гарсан нь Сумъяаг одооны хэлээр "Од” болгож өгчээ. 1986 оны мартын 8-ны дугаарт гарсан тэр нийтлэлтэй сониныг хайчлаад барьчихсан хүмүүс "Та л над тус бол” "Таныг л зорьж эрж хайлаа” гэсээр ирэх болж. Тэд нь дандаа хүнд, хүн амины хэрэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн байснаар хоёр жилийн турш хүн амины хэрэг өмгөөлсөн гэдэг. Нэг тоо баримтыг энд дурьдъя. Сүүлийн таван жилд 389 \218 нь эрүүгийнх\ өмгөөлөгчөөр оролцон 31 хэргийг хэрэгсэхгүй болгуулж, 34 хүнд хөнгөрүүлэн хуулийн зүйл ангийг өөрчлүүлж 33 хүнд хуульд заасан ялын хэмжээнээс доогуур ял ногдуулж 26 хүний биечлэн эдлэх ялыг тэнсүүлж 28 хүнд хорихоос өөр төрлийн ял ногдуулахад нөлөөлсөн. Энэ бол ойрхны жишээ. Гэхдээ зөвхөн нэг таван жилийнх гэж бодохоор тавиад жил ажиллахдаа хэдэн мянган хүний хувь заяаг шийдэхэд эерэг, нааштайгаар нөлөөлж буян үйлдсэн болоо гэж бодогдоно.
Өмгөөлөгч хүний ажилд цаг, нар гэж үгүй. Ажлын цагаар өрөөний хаалга амраахгүй хүн цувна, шөнө дунд ч гэрийн хаалга цохиж мэднэ. Тэр бүхэнд цааргалах арга байхгүй. Итгэж найдаж, магадгүй, хамгийн сүүлчийн горьдлого тээн өмгөөлөл эрж яваа хэнд ч бай хүнлэг хандаж туслах нь өмгөөлөгчийн ёс зүй, хэм хэмжээ. Түүнийг Улаанбаатарт өмгөөлөгчөөр ажилласан хугацаа ная, ерээд он. Унаа ховор үед өмгөөлөгчид "Ганц худаг” орж үйлчлүүлэгчтэйгээ уулзаад буцахад унаа таарахгүй, голчлон л Цагаан даваа уруудан алхсаар Улаанхуаран дахь гэртээ ирэхэд хүүхдүүд нь "Ээжид шоронгийн үнэр шингэчихэж” хэмээн сортолзцогоох. Хүний эрхэлсэн ажил юм болохоор тэглээ гээд яах вэ дээ.
Сумъяа аймагтаа таван жил ажиллаад Улаанбаатар хот шилжих болоход ээж нь "Цэргийн даргын эхнэр, цагаан зээр хоёр нутаггүй” гэсэн үг үнэн юм даа гээд л хоцорч. Хуулийн сургуульд оюутан ахуйдаа Завхан аймгийн уугуул, гялалзсан залуу дэслэгчтэй танилцан ханилсан нь эдүгээгийн буурал хурандаа Буян гуай. ЗХУ-д \хуучин нэрээр\ цэргийн сургууль төгсч насаараа цэргийн ангийн захирагчаар ажилласан түүнийг Монголын Зэвсэгт хүчний ахмад үеийхэн андахгүй. Өмгөөллийн ажлаараа мянга мянган хүний амьдралд буян үйлдсэн энэ буянтай эмэгтэйн ажил үйлс, амьдрал ахуйг тэгшилсэн хань нь бас "Буян” нэртэй байгаа нь тохиолдол боловч бэлгэ дэмбэрэлтэй л юм. Тэднийх таван сайхан хүүхэдтэй, бүгд ажил амьдрал тэгшрээд явж байгаа. Хоёр хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж цэргийн хүн болсон. Ач зээ нараас нь ч мөрдөс зүүсэн албан хаагчид бий. Хууль, цэргийн гэр бүл гэхэд болно. Тэднийхийг инээд наадам, баяр хөөр дүүрэн, найз нөхөд нь цуглан наргиж даргисан, айраг цагааны үеэр хуруу, дэмбээний ая, дуу хадаж Сумъяа өмгөөлөгчийн өвөрмөц аяар дэмбээдэх нь ялгарч хэн нэгнийг хожин адтай инээх содон дуулддаг гэлцэх юм билээ. Дундговийхон дуу хууртай юм чинь аргагүй гэж хол ойрын мэргэжил нэгт нөхөд нь ч үүнийг их зөвтгөн ярилцана. Д.Сумъяагийн энэ буянтай үйлст зүтгэсэн тавиад жилийн үнэлгээ нь Монгол төрийн "Алтан гадас” одон, "Хөдөлмөрийн хүндэт медаль”, ойн медалиуд, Монголын өмгөөлөгчдийн холбооны нэр хүндтэй шагналууд юм. Ээж Бүтэд нь их сайхан дуулдаг, ойр хавийхандаа гайхагддаг байсан нь охинд нь өвлөгджээ. Дуучин ээж нь "Миний охин чинь өмгөөлөхийн заяанд төрсөн хүн дээ” гэж охиныхоо хүн бүрээс магтаал сайшаал, баярласан сэтгэлийн үг сонсдог буянтай сайхан ажилтайг орсон гарсан бүхэнд ярин ер гаруй насандаа бурхны орноо морилсон аж.
Үнэхээр өмгөөлөхийн заяанд төрсөн хүн гэж Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Дэлгэрцогтын Сумьяаг хэлэхээс өөр хэнийг гэх вэ.
С.ПҮРЭВСҮРЭН