Хаалттай & Нээлттэй

🕔 2017/06/24 17:28

Хаалттай & Нээлттэй

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт өнгөрсөн жилүүдэд цөөнгүй хүнийг хорьж, шалгаж байсныг мартах учиргүй юм. Цорын ганц гэрч гэгдэж байсан Булган гэж эмэгтэйн хэлснээр Батаа, Оюунаа нэртэнгүүд дундаас хэрэгтнийг нэлээд хайсан даа, манай улстөрчид. "Ард” хочит Батсүх, Д.Энхбат гэхчлэн нэрэнд нь "бат” орсон хүмүүсийг баривчлах операцийг манай тагнуулынхан төрийн даалгавраар гүйцэтгэсэн байдаг. Гээд үр дүнд нь хэрэгтэн илрээгүй.

Харин өнгөрсөн оны төгсгөлд  Монгол Улсын шүүх шийдвэрээ гаргаж нэр бүхий гурван хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүд гэж улс даяар зарласан. Тэдний хоёр нь шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан. Шат шатны шүүхийн шийдвэрийг эцэслэх Улсын дээд шүүх Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэхээ энэ сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Өмгөөлөгчийн хүсэлтээр ийн хойшлуулсан байгаа юм. Гол нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ байнга тавьж ирсэн. Гэсэн ч нээлттэй шүүх хуралдаанаар улсын нууц задарчихна гэсэн үндэслэлийг хуулийнхан хэлж, хурлыг хаалттай хийж ирсэн. Энэ удаа ч хаалттай хийхээр байгаа. Тэрчлэн хаалттай шүүх хуралдаанаар юу ч өөрчлөгдөхгүй, өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг давтах байх гэсэн айдастай байгаагаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийн хүмүүс хэлж буй.

 Юутай ч анхан шатны шүүх шийдвэрээ гаргахад  үнэнд ойрхон байгаасай гэж  олон Монголчуудгайхширсан гэдгийг эргэн санахад илүүдэхгүй биз ээ. Улстөрөөр халхавч хийсэн төлөв царайтай этгээдүүдийн ээлжит жүжиг битгий байгаасай гэх бодол дагаж буй.  24-25 жилийн ял. Сонсоход үнэхээр чанга. Хэрэг хийсэн жинхэнэ гэмтэнд бол оноох л ёстой ял байх. Гэхдээ... Өнгөрсөн жилүүдэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор эрдэнэт хүний амь нас сүйдсэн хэрэг явдлууд ч гарч байсан.

Францаас манай сөрөх тагнуулынхны хулгайлж авчирсан Д.Энхбат агсны тухайд ярихад түүнийг шоронд хорьж байхад биеийн байдал нь их муудсан байдаг. Суллагдаад удалгүй нас барсан юм. Дүү нь тэр тухай ярихдаа "Ах зайсангийн хорихоос их шөнө болсон хойно гарсан юм. Би гадаа нь хүлээж байсан. Тогоо шиг гэдэстэй хүн л гарч ирсэн. Тэгээд "Ах нь ямарч байсан даваад гарлаа. Одоо хэр их нас үлдсэн юм бол доо” гэж байсан юм. Би ахаас "одоо хоёулаа хаашаа очих вэ” гэсэн чинь ах маань "Туул гол дээр очьё” гэсэн юм. Шөнө хоёулаа Туул гол дээр очоод л. Ах маань нүүр гараа угаачихаад инээж байсан юм. "За ах нь давсан. Хэдий хэр нас үлдсэнийг ёстой мэдэхгүй байна” гэж байсан хэмээн хэдэн жилийн өмнө надад ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.

Тухайн үед Б.Хурц гэж хүн Англид баривчлагдаад байсан юм л даа. Манай улсын сөрөх тагнуулын дөрвөн ажилтан Д.Энхбат гэж хүнийг хууль бусаар баривчилсан асуудлаар европын хэд хэдэн орноос эсэргүүцэл илэрхийлж байсан бөгөөд Б.Хурц баривчлагдсан нь уг асуудалтай холбоотой байсан билээ. Явж явж энэ нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой л доо. Тиймээс ч Б.Хурцыг баригдсаны дараа Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл, дүүгээс нь ярилцлага авч байсан. Тэгэхэд тэрбээр "Би тэр Б.Хурц гэдэг хүнд нь буруу өгдөггүй. Тэр ажиллагаанд Дорноговь аймгийн харьяат, нэр нь тодорхой биш нэг эмэгтэй оролцсон байдаг юм билээ. Сүүлд ахтайгаа уулзаж байхад тэр хүнийг амьдралдаа алдаж, эндэж явсан хүн гэж ярьж байсан юм. Манай ах бол угаасаа хүн тус дэм гуйхад үгүй гэж чаддаггүй л хүн байсан. Тиймээс ч тэр эмэгтэйг тухайн үед тус гуйхад нь "Өө тэгье. Би очоод туслаад өгье” гээд өөрийнхөө машинаар очсон байдаг. 2003 оны тавдугаар сарын 15-ны үед баригдсан. 18-нд Монголд онгоцоор авчирсан гэж яригддаг. Тэр олон хоног нүүр амыг нь боогоод, шингэн юм уулгаад, тариа хийгээд, зодож нүдээд, амыг нь скочдоод ЭСЯ-дуудаар дамжуулаад л авчирсан байдаг юм байна лээ. Ах маань өөрөө тэр тухай ярьж байсан юм. Харин би нэг юманд харамсдаг. Хурц нь байна уу, хэн нь ч бай. Тэд бол тушаал биелүүлж байгаа цэргүүд. Магадгүй, тэд Д.Энхбат гэдэг хүн С.Зоригийн хэрэгт оролцсон байна гэдэг мэдээллийг аваад, нэг л мундаг гэмт хэрэгтэн барих гэж байна гэсэн сэдэлтэйгээр тийшээ очсон байж таарна. Тийм сэтгэлгээгээр хандсан байж таарна...

...Тэр үед "Сайн уу Энхбат аа” гээд дуудсан байдаг. Тэгэхээр нь манай ах таньдаг л юм байлгүй гээд яваад очтол нөгөө дөрвөн залуу дайраад, шууд барьж аваад л, ямарч тайлбаргүйгээр үсдээд, бороохойдож, машиндаа чихэж оруулаад л, хүчээр шингэн юм уулгасан байдаг. Тэгж явж байхдаа өөр газраас ямар нэгэн зааварчилгаа, төлөвлөгөөтэйгөөр утсаар ярьж "Бид аль замаар явах уу, яахав” гэхчлэн зааврын дагуу явж байсан байдаг. " хэмээн ярьж байхав.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэнд тухайн үед нэрийг нь дэвшүүлээд байсан Д.Энхбатыг ийм л байдалтайгаар хулгайлж авчирж байжээ. Батаа нэртэй өөр хэд хэдэн хүний асуудал бий гэдгийг дахиад хэлье.

Э.Богема

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!