Ах аа, намайг битгий хүчирхийлээч

🕔 2018/07/04 12:44

Ах аа, намайг битгий хүчирхийлээч

Өчигдөрхөн Фэйсбүүкийн нэр групп дээрээс нэгэн ээжийн бичсэн постыг уншаад өөрийн эрхгүй айдас хүйдэст автаж, бяцхан охидоо хаанаа нуух вэ, хэрхэн хамгаалах вэ хэмээн толгой гашилгах болсон юм. Тэрхүү постыг сийрүүлбэл, бичигч эмэгтэй байрныхаа гадаа машинаасаа юм буулгаад зогсож байх үед хажууханд нь хоёр эрэгтэй сааданд тоглож буй охидыг хараад "Ийм жаахан охидынх ямар байдаг бол” хэмээн хоорондоо ярилцан, чанга чанга инээлдсэн гэнэ.

Энэ мэт шүлэнгэтсэн харцтай, хүн биш, араатнаас дор бодолтой эрчүүд хаа сайгүй болсон гэж бодохоос өөрийн эрхгүй жихүүдэс төрж, өөдөсхөн охидоо өрөвдөхийн дээдээр өрөвдөж, харамлахын дээдээр харамлах сэтгэл төрнө.

Долоодугаар сар гараад дөрөвхөн хонож байна. Гэтэл энэ дөрөвхөн хоногийн дотор бага насны хүүхдийг хүчирхийлэх гэж оролдлого дахиад нэг гарчихлаа. Тодруулбал, Баянхонгор аймагт төрийн албан хаагч, сумын нягтлан бодогч хийдэг залуу тавхан настай охиныг хүчирхийлэх гэж байгаад баригдаж, цагдан хоригдож байна.

Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын мэдээллээс үзэхэд өнгөрсөн онд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл 187 гарчээ. 2014-2016 оны шүүхээр шийдэгдсэн нийтдээ 80 хавтаст хэрэгт анализ хийлгэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, 18 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдарч байгаад хохирогч болсон, нийт дүнгээр 94 хувь нь эцэг, эхтэйгээ байж байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Харин 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн тоо 59 байж магадгүй гэсэн дуудлага мэдээлэл манайд ирэн хяналтад аваад ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ тоо 68 болсон гэжээ. Тэдгээр 59 тохиолдол дээрээ судалгаа хийхэд ямар нэгэн байдлаар хамаарал бүхий этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн тоо 74 хувьтай байгаа. Улсын хэмжээнд нийтдээ сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо эхний улирлын байдлаар 424 байсан бол өнөөдрийн байдлаар 499 болсон. Үүний 71.2 хувийг хамаарал бүхий этгээд үйлдэж байгаа. Хамаарал бүхий этгээд гэдэгт хамгийн холдоо хөрш айлын этгээд хамгийн ойрдоо төрсөн эцэг эх багтдаг гэжээ.

Таван настай, хойд эцэгтэйгээ амьдарч байсан охин, ой найман сартай хүү гээд үзэхэд л бүгд л ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэсэн үг.

Охид багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөр бие эрхтнээрээ хохирохоос гадна насанд туршдаа сэтгэл санааны дарамт, сэтгэл гутралд ордог. Бяцхан охидын зүрхэнд таньдаг ах, хойд аав, өвөө, хөршийнх нь хүний хийсэн үйлдлээс болж насан туршдаа эрэгтэйчүүдийг үзэн яддаг, үргэлжийн мөнхөд айдаг эмгэгтэй болно.

"Ах аа, намайг битгий хүчирхийлээч” хэмээн харцандаа айдас тээсэн бяцхан зүрхний төлөө эцэг эх бүр анхаарал халамжаа нэмэгдүүлж, хүн бүр ийм асуудлын өмнө дуугүй сууж боломгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!