Хүүхдүүдээ хууль ёсны асран хамгаалагчаас нь хамгаалъя
Тээр жил... Наадмын үеэр л юм даг. Зуслангийн автобусны арын суудал дээр хөдөөнөөс шилжин ирээд удаагүй байрын хээгүй эцэг, эх хоёр самар цөмөөд бас болоогүй ясыг нь шалаар, цонхоор ээлжлэн шидлээд л гурван жаахан хүүхэд нь автобус тоормоз татах тоолонд хойноос урагш шалан дээр шидэгдэж унах бүрт өнөө ээж, аав хоёр инээлдээд л байж билээ.
Хүүхдүүд нь унах, өнхрөх, өвдөх бэртэхийг юман чинээ тоохгүй байгаа тэднийг хүүхдээ хөрвийн аргаар өсгөж байна гэж магтах уу, өнөөгийн хэллэгээр бол жинхэнэ "оорк”-уудын жишээ гэж муулах уу бүү мэд... Ямартай ч тэр ээж, аавын нүүрэн дээрх маанагдуу инээмсэглэл одоо хүртэл нүдэнд харагддаг.
Жилдээ /2017 оны статистикаар/ 2,500 хүүхэд халуун тогоонд түлэгддэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт эмчлүүлж буй гурван хүүхэд тутмын хоёр нь халуун тогоотой хоол, цайнд түлэгддэг, түлэнхийн улмаас нас барагсдын 76.5 хувь нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд байна. Ийм статистик мэдээг уншихад миний нүдэнд яагаад ч юм бэ, тээр жилийн наадмын үеэр зуслангийн автобусанд таарсан өнөөх хэнэггүй хоёрын царай төсөөлөгдөөд байдаг юм...
Жилдээ /2017 оны статистикаар/ 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт цаазын ялыг хэрэглэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан албан бичигтээ тусгажээ.
Халуун тогооноос түлэгдсэн хүүхдийн тоо хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тооноос /энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа тохиолдлын тоо гэдгийг санах ёстой/ бараг 10 дахин их байна. Хооронд нь харьцуулахад зохимжтой эсэхэд эргэлзэж байгаа ч эдгээр нь миний хувьд юуг харуулж байна вэ гэвэл хүүхэд хамгааллын орчин Монголд маш муу төдийгүй бүр аймшигтай хэмжээнд байна гэдгийг л өгүүлээд байгаа биз?! Хүүхдийг хамгийн түрүүнд хэн хамгаалах үүрэгтэй юм бэ?
Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь тэдгээр бяцхан үрсийг хайрлан хамгаалах анхдагч үүргийг хүлээдэг. Халуун тогоонд түлэгдэн шархандаа шаналж байгаа, зовууриа даалгүй нөгөө ертөнц рүү цаг бусаар одож байгаа, хүчирхийллийн шархыг бие махбодоороо, сэтгэл зүрхээрээ хүлцэн тарчилж байгаа, хүлээс тэвчээр нь тасрахад нөгөө ертөнц рүү гомдолтойгоор буцаж байгаа тэдгээр хүүхдүүдийн өмнө хамгийн түрүүнд хууль ёсны асран хамгаалагчид нь буруутай байж таарна..
Хүчирхийллийн гэмт хэргийн ялыг чангатгах Ерөнхийлөгчийн санаачилга, олон нийтийн жагсаал тэмцэл гэмт хэрэгтнийг жигшин зэвүүцэх сэдлийг давалгаалуулахын хэрээр тэдгээр хохирогчдын асран хамгаалагчдын хууль ёсны үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг анхаарлын гадна орхих талтайг үгүйсгэж боломгүй байна. Тэр тусмаа бага насны хүүхдийг хүчирхийлэгчид нь ихэнх тохиолдолд эцэг, эх, ойр төрлийнхөн, танил хүмүүс нь байдаг гэх судалгаа бий.
Ийм учраас энэ төрлийн хэрэг нууц, далд хэлбэрт, хууль, хяналтын байгууллагын хяналт, бүртгэлийн гадна ял шийтгэлгүй үлддэг. Хэрэг гэмт хэрэг хоёрын хооронд хуулийн процессын асар их ялгаа, орон зай бий. Тэр хоосон орон зайд хохирогчид хамгаалалтгүй шаналж, хэрэгтнүүд ял зэмгүй зайлж байгаа нь бүр аймшигтай. Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилж буй цаазын ял хэрэглэх хуулийн заалт парламентаар дэмжигдсэн тохиолдолд хэрэг явдал гэмт хэрэгт тооцогдох хүртэлх хуулийн үйлчлэлгүй тэр хоосон орон зай улам тэлэхийг үгүйсгэхгүй.
Гэр бүл, ойр төрлийн хүрээнд гарсан гэмт хэрэг цагаа тулахаар гомдолгүй, хохирогчгүй болж хувирах нь практикт түгээмэл гэдэг юм билээ. Цаазын ялтай тохиолдолд хүүхдийн хүчирхийллийн хэрэг харин ч нүднээс далд дарагдаад өнгөрөх, эсвэл бүр гэрч, хохирогчийг давхар устгадаг хэлбэр рүү шилжих магадлалыг нэмэгдүүлэх эрсдэл бийг олон нийт бас харж байна.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч эрүүгийн хуувьд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүүхдийн хүчирхийллийн хэрэгт цаазын ялыг хэрэглэх тухай хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэний дараа буюу ням гаригт төв талбайд болсон хүчирхийллийн эсрэг жагсаалд оролцогсод цаазын ялыг шууд дэмжээгүй байгаа нь анхаарал татав. Нэг үгээр бол Ерөнхийлөгчийн байр суурь, олон нийтийн санал хоёрт зөрүү байна.
Жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсоноос 15,590 хүн төрийн гурван өндөрлөгт хүргэх шаардах бичигт гарын үсэг зуржээ. Уг бичигт хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг тусгасан байх ба гэмт хэрэгтэнд олон жилийн болон бүх насаар нь хорих ял оноох, гэмт үйлдлийг нуун далдалсан, худал мэдүүлэг өгсөн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид өндөр хариуцлага тооцох, хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх орчныг бүрдүүлэхийг шаардсан байна.
Тэгээд цаашид яах ёстой вэ? Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээд зогсохгүй тодорхой алхам хийлээ. Олон нийт ч мөн өөрсдийн саналыг илэрхийллээ. Энэ хоёр субъектийн хувьд гэмт хэрэгтнийг хатуу шийтгэх гэдэг байр суурь ижил ч цаазын ялыг хэрэглэх эсэх дээр өөр, өөр санаа бодолтой байгаа юм. Тэгвэл одоо бусад нь дуугарах ёстой. Тухайлбал, хүний эрхийн болон нийгмийн зүтгэлтнүүд, нэн ялангуяа судлаачид, эрдэмтэд, сэтгэлзүйчид, хүүхдийн эрх хамгаалах чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудыг ДУУГАРАХЫГ хүлээе.
Хүний эрхийн комиссын тайланд дурдагдсан аймшгийн тоонуудын ард юу байгааг одоо задалж ярьцгаая. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо цаазын ялыг түдгэлзүүлснээс хойш өссөн үү, өссөн бол үүнд цаазын ялыг үгүй болгосон нь хэдэн хувийн нөлөөлөл бэ? Ер нь яагаад ийм муухай явдлууд гарч байна вэ... гээд ул үндэстэй, бодитой дүгнэлт гаргалгааг иргэд хүлээж байна. Ийм өргөн хүрээнд, магадгүй урт хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг парламентаар хэлэлцэхэд учир дутагдалтай байх болов уу.
Халуун тогоонд түлэгдсэн, үүнээс болж нас барсан хүүхдийн тоо хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тооноос их үү, бага уу гэдэг у утгагүй асуулт гэдгийг би мэдэж байна. Гэхдээ маргашгүй нэг зүйл нь энэ бүх аймшигт хэрэг явдлуудын дийлэнх нь тохиолдол нь эцэг, эхийн халамжгүй, хайхрамжгүй, хэнэггүй, хуулийн хэллэгээр бол ХАРИУЦЛАГАГҮЙ байдлын төлөөс юм шүү. /Зарим тохиолдол нь гарцаагүй золгүй явдал, гэнэтийн халдлага, гэдгийг ойлгож байна/
Цаазын ялыг сэргээх тухай биш эцэг, эх байх эрхийг хасах тухай энд ярих ёстой байж магадгүй. Эцсийн эцэст, хүүхдийг хууль асран хамгаалагчаас нь хамгаалахад хүрнэ гэдэг хамгийн гунигтай, бас хэцүү хэрэг биш гэж үү?!
З.БОРГИЛМАА