Хүүхдийн эрхийн тухай хууль хэзээ төгс хэрэгжих вэ?

🕔 2018/06/28 14:47

Хүүхдийн эрхийн тухай хууль хэзээ төгс хэрэгжих вэ?

 

Сүүлийн үед бага насны хүүхдүүд осолдож, золгүй байдлаар амь насаа алдах тохилдол цөөнгүй гарсан. Энэ оны эхний таван сарын байдлаар 833 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон тоо баримт байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 229 нэгжээр буюу 38 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж. Мөн улсын хэмжээнд энэ оны зургадугаар сарын 27-ны өдрийн байдлаар төөрсөн, сураггүй алга болсон 0-18 насны 859 хүүхэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 858 хүүхдийг олж тогтоон ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ. Энэ сард л гэхэд 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр гарсан хэрэг, Сэлбийн голд есөн настай хүүхэд хараа хяналтгүй явж байгаад эндсэн, уржигдархан гарсан эмийн сангийн цахилгаанд цохиулж хүүхэд эндсэн гээд цочирдом гурван хэрэг гарсан. Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

Энэ бүхнээс харахад сургууль, аж ахуй нэгж байгууллага дотоод болон гадаад орчин дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт суларсан, хайнга хандсан, сургууль цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүд гэмтэж, эндэх тохиолдлууд гарч байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, аливаа эрсдэлээс сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сард Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хуультай болсон. Одоо энэ хууль хэрэгжиж байна уу? Хэрэгжиж байгаа гэж үзвэл хэдэн хувьтай вэ гэдгийг хэлэх хүн байна уу? Манайд хууль нь байгаа ч гэсэн үүнийг хэрэгжүүлэх шат дараалсан ажил, хянах байгууллагууд хангалтгүй байгаа. Гэнэтийн осол, таагүй байдал гарахад түүнийг хариуцаж ажилладаг хүмүүс нь өнөөдөр тоон судалгаа хэлээд сууж байна. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирч байна. Бодит байдал дээр бидэнд тоон судалгаа гэхээс илүүтэй хүүхдийг хэрхэн аюулгүй орчинд байлгах нь хамгийн чухал байгаа гэдгийг хүүхдийн асуудлыг хариуцаж ажиллаж байгаа хүмүүс мэдэж баймаар юм. Цагаан дээр хараар бичигдсэн Хүүхдийн эрхийн тухай хууль хэзээ төгс хэрэгждэг болох вэ?

Хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагуудаас гадна хүүхдийг асарч хамгаалах эцэг эхийн хувьд ч гэсэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Аливаа зүйлийг болсон хойн нь биш, гарах эрсдлээс урьдчилан сэргийлдэг болцгооё.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!