Төр “угж”, ард түмэн “бэрд” биш...

🕔 2018/06/13 11:51

Төр “угж”, ард түмэн “бэрд” биш...

 

Монгол улсыг хэзээнээс л халамжийн орон гэлцэж ирсэн. Нээрээ ч манайд ялангуяа сүүлийн жилүүдэд гадна, дотны халамж хавтгайрсан гэж хэлж болно. Мэдээж нийгмийн тодорхой бүлэгт халамж туслалцаа, дэмжлэг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ халамж огт шаардлагагүй, бас халамж авчихаад зүгээр суугаад сурчихсан хүмүүс их бий. Тодруулбал дөрвөн мөч нь бүрэн бүтэн, эрүүл саруул бас ч үгүй залуу хэрнээ төрөөр амруугаа бэлэн хоол хийлэгчихээд хүмүүс түүнд өгөх л ёстой юм шиг авирладаг нөхөд манайд нуулгүй хэлэхэд олон. Монгол Улс 71 төрлийн халамжийн үйлчилгээтэй гэвэл та итгэх үү...

Монгол улсын 3 хүн тутмын нэг нь халамжид хамрагддаг...

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар зочлоход "хавтгайрсан халамж” гэх брэнд үгийн утгыг ойлгож болно. Одоогийн байдлаар Монгол Улсад үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд 71 төрлийн халамжийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Энэ бол нэлээд их тоо. Сүүлийн үеийн статистик ч халамж хавтгайрсан гэдгийг нотолно. Тухайлбал 2018 оны 4 дүгээр сарын байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 1,162,677 хүн хамрагдсан байх жишээтэй. Үүнээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 154,909 иргэн, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 328,102, хүүхдийн мөнгөн тэтгэмжид 679,666 иргэн хамрагдаад байгаа аж. Тэгэхээр Монгол улсын 3 хүн тутмын нэг нь ямар нэг халамжийн бодлогод хамрагддаг байх нь.

Нийгмийн халамжийн үйлчилгээ өмнөх оноос 4.5 тэрбумаар өсжээ...

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 4 сард 154.9 мянган хүнд 45.4 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 24.2 (13.5%) мянгаар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1.4 (3.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 4 сард 54.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 (4.2%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 4.4 (17.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны эхний 4 сард 328.1 мянган хүн хамрагдсаны 75.2 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 19.5 хувь нь ахмад настан, 4.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.2 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.1 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 44.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.5 (11.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны 3 сард 18 хүртэлх насны 679.7 мянган хүүхдэд 13.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон байна.

Манайд улсад хамгийн сүүлд хэрэгжсэн халамжийн бодлого бол Насны хишиг. Монгол Улсын 2017 оны төсөвт 20,5 тэрбум төгрөгийг Насны хишгийн зардалд зориулан тусгасан. Ингэснээр 122.0 мянга орчим ахмад настанд жилд 2 удаа 50,0-250,0 мянган төгрөгийн тэтгэмж боломж бүрдсэн. 2017 оны байдлаар Улсын хэмжээнд Насны хишиг авахаар өргөдөл гаргасан 65-69 насны 42,096 ахмад, 70-79 насны 52,403, 80-89 насны 17,559 ахмад, 90-ээс дээш насны 2,366 ахмад нийт 114,424 ахмад настан байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад гурван сая гаруй хүн амтай улс гэхэд аргагүй л халамжийн орон юм гэж бодогдохоор. Гэвч мэдээж насаараа улс эх орныхоо төлөө зүтгэж, татвараа төлсөн хүмүүс тэтгэвэр авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмжээ авалгүй л яах вэ. Гэхдээ ядуу, ядарсан хүн гээд эрүүл саруул, хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай байж улсаас халамж аваад байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Тэгээд авсан мөнгөөрөө архи ууж, болж бүтэхгүй зүйлд цацаад дуусдаг нь нууц биш. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ эрүүл, хөдөлмөрийн чадвартай хүмүүстэй ижил түвшинд ажиллаад сайн сайхан амьдарч буй олон иргэд манайд бий. Гэвч эрүүл саруул байж ажилгүй, архи ууж өдөр хоногийг өнгөрүүлдэг үл бүтэх нөхөд ч олон. Манай улсаас үзүүлдэг энэ халамжаас гадна гадны томоохон тусламжийн байгууллагууд, нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхай, олборлолтын компаниуд иргэдийг ёстой л "угжих” шиг болдог. Тийм ч учраас ажил хийх сэтгэлгүй, залхуу, ажил голдог сэтгэлгээтэй болж байна. Хатуухан хэлэхэд халамж авсаар байгаад бүр даварчихсан гайгүйхэн өнгөтэй өөдтэй хүмүүс ороод гарахад л мөнгө нэхдэг, төр засаг, УИХ-ын гишүүд, тойргоос нь сонгогдсон төлөөлөгчдөө "сэгсрээд” сурчихсан нөхдүүд олон бий. Дарга, даамал, хөрөнгө мөнгөтэй хүн, улстөрч гэхээрээ л хүсэл биелүүлдэг "бэрд” биш шүү дээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүн /жил бүрийн эхний 4 сарын байдлаар/

 

Үйлчилгээний төрөл

2015 I-IV

2016 I-IV

2017 I-IV

2018 I-IV

Хүн

1

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж

185,368

199,127

179,094

154,909

 

Халамжийн мөнгөн тэтгэмж

63,073

59,920

51,944

54,126

Нөхцөлт мөнгөн тэтгэмж

122,295

139,207

127,150

100,783

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн

82,680

92,370

79,313

49,884

Ахмад настныг асарч буй иргэний

18,247

22,456

23,624

25,768

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний

18,943

21,830

22,022

22,792

Бүтэн өнчин хүүхэд үрчлэн өсгөсний

2,425

2,551

2,191

2,339

2

Нийгмийн халамжийн үйлчилгээний болон хөнгөлөлт

305,126

317,865

299,654

328,102

 

Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж

66,653

70,607

46,662

64,038

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж

9,185

9,242

8,421

13,177

Нийгмийн халамжийн үйлчилгээ

6,289

1,425

395

158

Нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж

220,346

233,940

238,547

246,860

Алдар цолтой амадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж

2,653

2,651

2,629

3,869

3

Хүүхдийн мөнгөн тэтгэмж

1,005,437

1,004,933

639,053

679,666

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!