Та үүнийг мэдэх үү: Бага газрын чулуу

🕔 2018/06/04 15:55

Та үүнийг мэдэх үү: Бага газрын чулуу

 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна.
Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.
Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.
Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.
Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг.
Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг доор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ. (Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" ном)

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!