Археологичид 5,000 жилийн өмнө амьдарч байсан аварга хүмүүсийн ясыг Хятадаас олжээ

🕔 2017/07/04 11:44

Археологичид 5,000 жилийн өмнө амьдарч байсан аварга хүмүүсийн ясыг Хятадаас олжээ

Археологичид Хятадын зүүн хэсгээс 5,000 жилийн өмнө амьдарч байсан ер бусын өндөр биетэй хүмүүсийн ясыг илрүүлсэн байна.

Шандон мужаас олдсон булшинд хамгийн богино нь 1.8 метр, дээд тал нь 1.9 метр орчим урттай араг яснууд байжээ. "Энэ бол зөвхөн араг ясны бүтцээр хийсэн тооцоо. Эдгээр хүмүүс нь амьддаа 1.9 метрээс өндөр байсан гэсэн үг” хэмээн Шандоны их сургуулийн түүх, соёлын тэнхимийн тэргүүн Фан Хуй ярьсан байна.

2016 оноос эхэлсэн малтлагын хүрээнд эртний хүмүүсийн амьдарч байсан 104 сууц, 205 булш илрүүлээд байгаа юм. Олдворууд нь Шар мөрний дунд болон адаг хэсэгт шинэ чулуун зэвсгийн үед оршин тогтнож байсан Лоншань соёл иргэншилд хамаарах гэнэ.

Энэ үеийн хүмүүс газар тариалан эрхэлдэг болоод байснаас гадна гахай үржүүлдэг байсан аж. Булшнаас гахайн яс, шүд олдсон нь үүнийг баталж байна. Тариалангийн хувьд шар будаа голлодог байжээ.

Булшнууд нь тухайн хүмүүсийн нийгэмд эзлэх өндөр байр суурийг харуулж байгаа тул тэд чанартай хоол хүнс хэрэглэдэг байсан нь ийм өндөр бие хаатай болгосон байх гэж таамаглаж байгаа гэнэ.

Ер нь Шандон мужийн уугуул хүмүүс биерхүүд тооцогддог. Энэ нутгийн уугуул иргэн байсан Күнз (Н.Т.Ө 551-479) 1.9 метр өндөртэй байсан гэгддэг юм.

Сүүлийн үеийн тоо баримт ч үүнийг баталж байна. 2015 оны тооллогоор Шандоны 18 настай эрчүүдийн дундаж өндөр 1.753 метр байсан бол улсын дундаж 1.72 метр байжээ.

Олдворын байрлаж байгаа Жяожяа хэмээх газарт 2,000 м.кв талбайд малтлага хийгээд байгаа юм.

Эх сурвалж: Xinhuanews

Р.ТӨМӨР, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!