ГОВИЙН ДӨРВӨН АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТЫГ ДАРАА ЖИЛ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

🕔 2017/08/31 11:31

ГОВИЙН ДӨРВӨН АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТЫГ ДАРАА ЖИЛ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн эгшиг" нэртэй говийн дөрвөн аймгийн зохиолчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тавантолгой ХК-ийн ивээл дор болсон уг арга хэмжээний хүрээнд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 50 гаруй зохиолч яруу найрагчид оролцож аймгуудын утга зохиолын нэгдлүүдийн хамтын ажиллагааны талаар болон Монголын зохиол бүтээлийн үнэлэмжийн талаар хэлэлцсэн юм.

Уг чуулга уулзалтад АБТА зөвлөх багш Д.Тунгалагтамир "Эх хэлний дархлаа" сэдвээр, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв "Дэлхийн утга зохиол ба Монгол дахь оюуны бүтээлийн үнэлэмж" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцлээ.
Энэ үеэр тус аймгийн үлэг гүрвэлийн паркт "Говийн найраг" нэртэй яруу найргийн чөлөөт уншлага болж нутгийн зон олонд говийн тухай яруу найргаар сонорыг нь мялаасан юм. Мөн Гурван сайхан ууланд "Говийн эгшиг" нэртэй говийн дөрвөн аймгийн яруу найрагчдын оролцсон яруу найргийн наадам зохион байгуулж Өмнөговь аймгийн яруу найрагч Т.Батхүрэл тэргүүлэн цомын эзэн боллоо. Дээрх арга хэмжээг "Нүнжиг" мужаан цех, "Монгол говь" нүүдэлч малчдын холбоо ивээн тэтгэгчээр хамтран оролцож Өмнөговь аймгийн утга зохиолын нэгдэл зохион байгуулсан байна. 
Говийн дөрвөн аймгийн зохиолчдын дараагийн уулзалтыг ирэх жил Дундговь аймагт зохион байгуулахаар боллоо. 
Д.Мишигсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!