Хайрын тухай сайхан түүх

🕔 2018/02/14 13:21

Хайрын тухай сайхан түүх

 

Сайн Ноён Хан аймгийн Дайчин Вангийн хошууны Цагаан нуур гэдэг, үлгэр домгийн гэлтэй энэ сайхан нутаг ямарч улиралд дэндүү үзэсгэлэнтэй харагддаг байлаа. Байгалийн дүр зургаас илүү, ямарч агуу дүрслэл гэж үгүй билээ. Дуниартсан өндөр шаргал зэгсэн дунд, нүдэн хэлбэрт ганцхан нуурыг Цагаан нуур гэж нэрийдэх аж.

Тэртээх нэгэн намар, нуурын хөвөөгөөр үеийн хэдэн найзуутайгаа тоглож явлаа. Намрын сэрүүн орсон ихэд хүйтэн өдөр байсан юм. Тэр үед би дөнгөж арван хоёрхон настай годгонсон шар хүү байлаа. Урд дэнжээс тэмээгээ хураах замдаа, нуур дайрч тэнд зүггүйтдэг байв. Тэр өдөр би аавынхаа нэртэй, нэгдэл дундын ачаа хөсөгний том хөх атыг уначихсан ихэд бухимдангуй, Тоочгийн бор овгорын тэндээс, тэмээгээ авчирсан юм. Тэмээ малладаг айлын хүүхдүүд, ер унтдаггүй шахам ихэд хэцүү санагддаг байв. Ямар сайндаа л ямаа хариулдаг айлын хүү болчихгүй дээ гэж бодох билээ дээ.

Говийн бор бударган нүдлэх цагаар хаварт, усандаа ирнэ гэж бараг үгүй. Талаар нэг тарсан тэмээгээ хураах гэж тэмээчин айлын, хөвгүүд охид өдөржингөө найш цааш шогшиж,нар жаргах хавьд гэртээ ирдэг байлаа. Харин намарт арай гайгүй боловч заавал хураах ёстой байв. Намрын сарын сүүлчээр тэр өдөр, нуурын хөвөө даган явахад, нуурын босгийн дэргэдэх Соосгор хулсний дэргэд хоёр хун харагдаж байлаа. Гэгэн балчир насанд тэр хоёр шувууг олж хармагц шуудхан бусаддаа хэлээд л яваад очлоо доо. Бидний бараанаар нэг хун нь ихэд удаанаар болихдуухан гүйсээр нисээд л холгүйхэн сүрхий муухай дуургаран буулаа. Дөхөж очоод хартал хөөрхий үлдсэн хун нь үхчихсэн байсан юм.

Бид бууж зарим нэгэн хөвгүүд түүний биед хүрэх санаатай очтол харин өнөөх холгүйхэн буусан хун учиргүй уурсан нисч ирээд л жаахан хөвгүүдийг сандаргаад авлаа. Зарим нэг нь намайг алгадчихлаа ямар ааштай юм бэ? гэж цохих зүйл хайж гүйхэд зарим нь тэмээрүүгээ зүтгэнэ. Хүзүүгээ доошлуулан далавчаа дэлгээд ихэд уурсан хөөж эхлэв. Бид холдож зогсоод тэмээн дээрээс ажилаа. Болсон явдлын талаар айх гайхахтай зэрэгцээд ам уралдан ярьцгаалаа.
Хэдэн өдрийн дараагаар томчууд хүртэл өнөөх шувуудын талаар ихэд өрөвдөн ярьцгааж эхлэв. Намар аажуухан шувууд буцсанч үхсэн сэгийг нь сахих тэр шувууг хөөрхий гэж өрөвдөх хүмүүс өдөр бүр ихсэж байлаа. Бид нар ч гэсэн хөөрхий шувууг өрөвдөн холоос л өдөр бүр хардаг байв.

Нэгэн өдөр тэнгэр бүрхэж шуураад, таагүйхэн болж өнгөрлөө. Настай хөгшид өнөө шөнө цас орох байхдаа. Нөгөө хөөрхий шувуу яандаа, одоо бараг шувууд буцчихсан байлтай. Ганц нэг шувууд үлдчихсэн байдаг л юм. Харз олоод л өвөлждөг байхдаа. Гэхдээ эдгээр шувууд хөөрхий өвлийн хүйтэн уснаас гараад мөсөн дээр буугаад наалдаад үхчихдэг юм гэлээ гэж ярьцгаана. Би битүүхэндээ өнөөх шувууг ихэд өрөвдөж байлаа.
Харин тэр шөнө анхны цас ороод хоносон юм. 
Өглөө нь ээж маань урд шөнө явчихсан байхаа даа. Ихэд дуу шуу гараад л шувууд буцах шиг болно лээ. Тэгээд ч хөөрхий шувууд буцахдаа тэнгэрийн муу бүрхэг өдөр буцдаг юм гэсэн гээд л ярьлаа.

Би тэмээндээ явахдаа өнөөх хун яасан бол гэж үзэх санаатай яваад очиход нөгөө шувуу явчихсан байсан юм. Тэр өдрөөс хойш би нэгч удаа өнөөх үхсэн хунг харахгүйгээр, очихгүйгээр өнгөрдөггүй байлаа. 
Харин яг дараагийн хавар нь өнөөх хун үхсэн хунгийн сэгэн дээрээ ахиж ирсэн юм. Тэгээд л мөн ялгаагүй, түүний хатаж хорчийсон сэгийг сахисаар л байлаа. Хөөрхий шувууг нутгийн хүмүүс хүнээс ч илүү өрөвдөж бас түүний чин үнэн сэтгэлийг бахдаж ярилцана. Харин тэр нэгэн өдөр түүний дэргэд үхсэн байсан юм.

Амьдралд хүн хүндээ итгэхгүй, анх хэлсэн үгэндээ үл багтаж, хаяж, орхиж, зовлонг өөрсдөө зохиох явдал хаа сайгүй л байх юм. Хамгийн үнэн төгс хайрыг "Хун" гэх энэ шувууд л надад мэдрүүлсэн юм даа.

Бие биедээ үнэнч байж, итгэж амьдрах нь бат бөх хайрын үндэс юм шүү... #кооппи

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!