ГОВИЙН ГАНЦ АЙЛЫН ҮНЭН ТӨРХ /НУУЦ ЗАДАРЛАА/

🕔 2016/06/16 19:02

ГОВИЙН ГАНЦ АЙЛЫН ҮНЭН ТӨРХ /НУУЦ ЗАДАРЛАА/

 

Соц үеэс л говийн ганц айлын талаарх янз бүрийн таатай, таагүй мэдээлэл тархдаг байв. Хамгийн гол нь, үзсэн харсан зүйлээ бусдад ярьж, худал цуурхал тарааж болдоггүй тийм цаг үе байсан гэдгийг тухайн үед амьдарч байсан хөгшүүл одоо ч ярьдаг юм. 


Говийн ганц айлын үнэн төрх анх удаа ямар байдлаар илчлэгдэж байсан талаар сайн мэдэх хүн ийнхүү ярьж байна. Энэ хүнийг Лувсан гэдэг бөгөөд нутгийнхан нь Лууяа гэж авгайлдаг аж. Тэрбээр сүнс сүүдэр, буг чөтгөр судалдаг, бас сонирхдог нэгэн гэж ойлгож болно. Хаа газрын сонин сайхан, адал явдалтай аймшигтай, аймшиггүй болсон бодит явдлыг түүнээс сонсохоор айл саахалтыхан тэднийд орой үдшийн цагаар цугладаг байжээ. Хүүхдүүд чихээ сортойлгож, томчууд нь чимээ чагнаж, Лууяа өвгөний аманд орох шахам сонсдог байжээ.Лууяа өвөө одоо ч онц сонирхолтой болсон бодит байдлын талаар ярьдаг. Түүний говийн ганц айлын үнэн төрхийн талаар ярьсан нь ихээхэн анхаарал татсан юм. Дээр үед говьд нэг айл дандаа ганцаараа нутаг сэлгэн нүүж буудаг байжээ. 

Тэр айлыг ойр хавийнхан нь ихэд гайхдаг бөгөөд ерөөсөө өтөлж өвгөрдөггүй тийм залуу хосууд хоёр хөөрхөн тэрсхэн жаахан хүүтэй байжээ. Айл саахалтынхан тэднийхээр орох гэхээр гэрийн үүдэн дээрээс нохой нь ойртуулахгүй боргож, гэрийн эзэн гарч ирэнгүүтээ ихэд сандарч "Манайхан одоо яг сумын төв явах гэж байна” гэж худлаа хэлээд хүмүүсийг гэртээ оруулалгүй үүдэн дээрээсээ буцаадаг нэгэн байжээ. Тэгсэн хэрнээ сумын төв явсан нь огт харагддаггүй, үзэгддэггүй байж. Харин нутгийн Чулуун гэх залуу тэднийхийг ихэд ажиглаж, бас сэжиглэдэг байжээ. 
Тэрбээр бодохдоо "Эднийх их сонин айл шүү. Гаднаа малын мөргүй бас хотгүй, гэрээс хүн амьтан орж гарна гэж ер байхгүй. Наад зах нь гал түлдэггүй айл гэж байх уу? Яндангаас нь огт утаа гардаггүй юм даа. Тиймээс би энэ айлыг сэмхэн мөрдөж мөшгинө” гэж дотроо бодон, дов довцог дээрээс байнга дуранддаг болжээ. Өдөр болгон адуугаа хариулж явахдаа өнөөх айл руугаа дуран тавихаа огт мартдаггүй Чулуун нэг өдөр дуран тавитал нүдэндээ итгэхийн аргагүй муухай зүйл олж хараад мэл хөхөрч, цэл гайхаад тэрхэн зуур ухаан нь балартаад авчээ. 

Учир нь, гэрийн ойролцоох дэрсний араас өлөн цайвар өнгөтэй том гээч, яг ямар гэгч хэлбэр дүрстэйг нь хэлж мэдэхгүй тийм нэг муухай амьтан зүүн хатавчаар нь яваад орчихжээ. Айж бас гайхсан Чулуун мориндоо ухасхийн мордож, нутгийн хоёр залууг дагуулан тэр айл руу хар хурдаараа давхижээ. Тэд бодохдоо аймшгийн муухай амьтан айлын эздийг барьж идэж, гэр орныг сүйтгэлээ гэж бодон аврахаар буугаа агсаж, тэнзэн ташуураабэлтгэсээр давхиж иржээ. Гэрийн гадаа буутал нөгөө боргоод гэр рүүгээ алхам ч ойртуулдаггүй нохой ч алга, чимээ ч үгүй, гэрийн дотор нам гүм байв. Чулуун зориглож очоод хаалгыг нээтэл мөнөөх аймаар амьтан хоймор нь хүн дүрсэнд орчихсон завьжаараа цус садруулсан суусан харагдана гэнэ. Цочиж, айж балмагдсан тэд юу ч хийж чадалгүй мориндоо яаж мордож давхиснаа ч санах сөхөөгүй явжээ. 

Хэсэг давхисны дараа эргэн харвал нөгөө айлын хаалга нээгдсэн, муухай үзлийн амьтан чинь араасаа өөртэйгээ адилхан хоёр жижигхэн зулзагаа дагуулсаар бутны араар ороод алга болжээ. Тэр шөнө Чулуун халуурч дэмийрэн, хавийн улсуудыг сандаргаж хоножээ. Тэр айлд болсон явдлын талаар аав ээж, айл саахалтындаа хэлэх гэсэн ч ээрч муураад хэл нь ээдэрч, ерөөсөө эвлэж, үг хэлж чадахгүй хэдэн өдөр гөлийсэн байдалтай байж. 
Гэтэл Чулууны эцэг хүүгээ хий юм харж, ямар нэгэн юмны дайрлагад өртсөн юм шиг байна хэмээн нутгийн сайн нэртэй лам дээр очиж, асууж үзүүлэн засал ном хийлгэжээ. Лам залуугийн эцэгт хэлэхдээ "Хүү чинь ер бусын юм харжээ. Түүнийхээ хорлол болсон байна. Даруйхан арга ширэг хийлгэх хэрэгтэй” гэж айлджээ. Хүүдээ энэ тухай дуулгахад, тэрбээр нээх сонин царайлж ирээд тэр айлд очоод үзсэн зүйлийнхээ талаар их итгэл муутай ярьжээ. Эл ярианаас хойш хэд хоногийн дараа говийн ганц айлтай саахалт айлууд холдон нүүж, намаржаандаа гарчээ. Удалгүй нөгөө айл мөн л айлуудаа бараадан нүүгээд ирсэн харагдав. 

Хамгийн гол нь, тэднийх гэгээн цагаан өдрөөр гэрээ ачаалж нүүнэ гэж байдаггүй. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар л үл мэдэгдэхүйцээр нүүгээд буух газраа буучихдаг нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татдаг байжээ. Тиймээс учир мэдэх хүмүүс тэднийхийг ажиглаж, тандаж эхэлжээ. Нэг хуйсгаран салхитай бүрхэг өдөр Чулууны гэрийн гадуур үхэр мөөрөлдөж, хонь ямаа майлалдаад бөөн юм болж гэнэ. Гэрийн эзэн гараад хартал бод малынх нь дунд галзуу мэт нэг нохой боргож хуцаад гаслаад байж гэнэ. Ойртоод харвал бүхий бие нь хүйтэн мэсэнд сэглүүлсэн байдалтай гаслаад газар самардаад байв гэнэ. Сайтар харвал нохой орилж гасалсаар байгаад хотны цаахна амьсгал хураажээ. Харин нөгөө говийн ганц айл чимээ аниргүй, гэр нь дүнхийж цайсаар л байв. Нэг өдөр нутгийн хөгшүүл хэдэн эрсийн хамтаар зориг гаргаж тэднийд орохоор явжээ. Хамгийн гол нь, гэрийн эзэд ерөөсөө хөгширдөггүй, хүүхэд нь өсдөггүй жаахан хэвээрээбайдагт олон хүн гайхаж, эргэлздэг байв. 

Тиймээс тэд учрыг нь олж, хужрыг нь тунгаахаар ийнхүү биесээ уруу татаж тэднийх рүү морджээ. Хамгийн ахмад настай нэгэн нь гэрийн хаалгыг сэмхэн онгойлгоод ортол үйрсэн хэдэн араг яснууд угтжээ. Нөгөө гэрийн эзэн, эхнэр болон хоёр хүүхэд нь яс болсон байхыг олж үзжээ. Хамгийн сүүлд учрыг нь лавлаж, сураглаж асуухад гэрийн эзэн гэх залуу нутгийнхаа нэгэн домогт хайрханы савдагтай нөхцөж, гэр бүл болж, үр хүүхэдтэй болсныг олон жилийн дараа буюу хожим нутгийн хөгшүүл мэджээ. Тэдний ярьж буйгаар мөнөөх аймаар муухай үзлийн амьтан нь эмэгтэй савдаг байсан бөгөөд нохой болон гэрийн эздийн амийг нь авч одсон гэдэг.

Эл явдлаас хойш говьд ганц нэгээрээ буусан айлуудаас хүмүүс их жийрхдэг болсон гэх яриа гарчээ. Мөн нэгэн хурандаа хоёр цэргийн хамтаар говьд явж байгаад ихэд ангаж цангаж, айл бараадахын түүс болжээ. Тэд үдшийн бүрий тасрахаас өмнө ганц айлын бараа хараад ихэд баярлаж, мотоциклтойгоо давхисаар байгаад очжээ. Гэрийн гадаа ганц шар нохой байв. Гэрийн эзэн бололтой нэгэн эр гарч ирсэнээ орохыг дохижээ. Тэд ортол учиргүй ганган нэгэн эмэгтэй толины өмнө эргэлдэж байснаа тэдэнд цай хийж өгч, идээ тавьжээ. Хоёр цэрэг говийн гоё хүүхнийг хараад маазрах маягтай, бас болоогүй даргынхаа эв хавыг олж байгаад энэ айлд хоноглох санаа агуулж байсан нь нууц биш. 

Харин хашир туршлагатай хурандаа хэрэг явдал бишидсэнийг мэдээд хийж өгсөн цайг нь ч амсалгүй "Болсон идээнд ам хүр” гэж сайхан үг байдаг юм гэж бодоод дунд хуруугаа цайнд дүрээд магнайдаа хүргэжээ. Хамгийн сонирхолтой нь, уур савсаж байсан халуун цай нь цэл хүйтэн болохыг ганцхан тэр л мэджээ. Тиймээс хоёр цэрэгтээ дохио зангаагаараа эрт явахгүй бол горьгүй нь гэсэн санааг ойлгуулахын зэрэгцээ цайнаас ууж, идээнээс амсахгүй байхыг анхааруулжээ. Тэд үнэгэн харанхуйтай уралдаж гэрээс гараад хар хурдаараа давхисаар байж. Гэтэл нөгөө хоёр цэрэг эргэн харсанаа "Дарга аа, нөгөө айл чинь харагдахаа больчихож. Алга болжээ” гэж хэлжээ. Учрыг мэдсэн хурандаа хоёр цэргээ загнаж зэмлэхээс илүүтэй учир явдлыг сайтар тайлбарлан өгч, дараа иймэрхүү зүйл таарвал сонор сэрэмжтэй байхыг сануулсан гэдэг. 

Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!