Автомашины дугаар шинэчлэх ажил хэн нэгний бизнес үү?

🕔 2018/01/26 15:42

 

 

Өнгөрсөн онд Зам тээврийн хөгжлийн яамнаас санаачилсан авто машины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 стандартыг батлуулсан. Уг стандартын дагуу ирэх долдугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчилнэ гэх мэдээлэл иргэдийг бухимдуулаад буй. Учир нь дугаар солих зайлшгүй шаардлага байгаа юм уу, ард нь ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз гэх зэргээр хардлагатай байгаа юм.

Манай улс 2002 онд Венийн конвенци, Олон улсын тээврийн конвенцид нэгдсэн байдаг. Энэ дагуу олон улсад мөрдөгдөж байгаа стандарт номер дугаарыг дагаж мөрдөх ёстой гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн. Одоо бидний хэрэглэж буй УБЯ, УБН гэх мэт 25 кирилл үсэг бүхий тэмдэглэгээтэй номер дугаарыг 2005 оноос олгож эхэлсэн байдаг бөгөөд тухайн үед манай улсын тээврийн хэрэгслийн тоо 197000 байсан гэх.

Одоо бол тээврийн хэрэгслийн тоо 900 мянга болж, бараг тав дахин нэмэгдсэн байна. Үүний 500 мянга орчим нь идэвхтэй хөдөлгөөнд оролцдогоос тодорхой тооны тээврийн хэрэгслүүд хөрш орнууд болох ОХУ, Казахстан, цаашлаад Европ руу ажил, амьдралын шугамаар байнга зорчдог байна. Тэгэхээр Европ болон дэлхийн стандартад манай номер дугаар тэнцсэн байх шаардлага тулгарч, дугаар өөрчлөх гарцаагүй шаардлагатай болсон гэдгийг албаныхан хэлж байлаа.

Энэ асуудлаар өчигдрийн /2017.01.25/ чуулганы нэгдсэн хуралдаан дээр ХЗДХСайд Ц.Нямдорж "Автомашины дугаарыг солих гэж байгааг Хууль зүйн яам дэмжихгүй. Номер хийдэг бизнес л яваад байх шиг байна. Монголчуудаас цөөн тооны хүн л авто машинтайгаа хоёр хөрш рүүгээ л нэвтэрч байгаа. Зөвхөн үүний төлөө болж байгаа юмаа албадаж солих тухай асуудал гаргаж болохгүй. Цагдаа нарт албадаж автомашины номер солих ажиллагаа явагдвал оролцож болохгүй гэдэг үүрэг өгсөн. Хэрвээ номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстээ л өг. Хуучныг албадаж давхар бизнес хийж болохгүй гэдгийг үүрэгдсэн" гэв.

Шинэ дугааруудыг эхний ээлжинд гадаад улсаас импортоор орж ирж зарагдаж буй шинэ машинуудад олгох аж. Дараа нь гадаад оронд зорчих ажилтай, улсын дугаар нь тухайн улсын стандартад нийцэхгүй байгаа хүмүүсийн автомашины дугаарыг шинэчлэх юм. Ингэсний дараа иргэдийн машины дугаарыг аажимдаа сольж эхлэх бөгөөд хугацаа зааж, торгууль шийтгэл оноохгүйгээр ард иргэдийн автомашины дугаарыг солих гэнэ.

Одоо хэвлэгдэж буй автомашины дугаарыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгаруулсан 17 аж ахуйн нэгж хэвлэдэг аж. Шинэ дугаар хэвлэж эхлэхэд тус хэвлэх үйлдвэрүүдийн одоогийн хэвлэж байгаа машинд ямар ч өөрчлөлт орохгүй. Иргэд өөрсдийн дугаараа дуртай үйлдвэр дээрээ авч очоод, одоо байгаа үнэ ханшаар сонгон хийлгэх боломжтой учраас нэг үйлдвэрт давуу эрх олгох, хэн нэгний бизнесийг дэмжих ойлголт байхгүй юмсанж.

Үнэхээр л дээрх тайлбар үнэн бол сайнсан. Улс оронд хөрөнгө мөнгө шаардлагатай олон асуудал байсаар атал энэ мэт зүйлд мөнгө зарцуулах шаардлага үнэндээ байхгүй юм. 

Угтаа одоо хэрэглэгдэж байгаа дөрвөн оронтой тоо, гурван үсэг бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаар нь хүмүүсийн нүдэнд дассан байдаг тул цагдаагийн байгууллагад гэмт хэрэг ирлүүлэхэд нь дөхөмтэй байдаг аж.

Г.Хулан

bataar.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!