"Солиорсон" хэрэглээ

🕔 2017/11/30 14:26

"Солиорсон" хэрэглээ

 

…Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс  ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг. Хэмжээ нь хэтэрсэн шунал тухайн хүний сэтгэхүйг ШУЛАМ болгож, амьдралыг нь ЗОВЛОН болгон хувиргана. Уг нь байна шүү дээ, хүний үндсэн хэрэглээ нь идэх хоол, ѳмсѳх хувцас, амьдрах орон байр, унах унаа тѳдийгээр хязгаарлагддаг. Харин энэ хэрэглээ нь энгийн эсвэл тансаг, үгүй бол хэтэрхий тансаг гэсэн ангиллаас болж ѳѳр хоорондоо зѳрчилдѳнѳ. Хичнээн зѳрчилдлѳѳ гэвч эцэст нь бүгдээрээ л энэ ертѳнцѳѳс буцацгаадаг. Хѳдѳлмѳрлѳж, зовж, шунаж бүтээсэн бүх л эд зүйлс энэ ертѳнцѳд үлдэнэ. Аажимдаа элэгдэж хорогдон, эцэстээ бидэнтэй адил алга болдог материаллаг зүйлс ч бидэнтэй адил мѳнх бус.

 

…Харин Монголчууд бидний ѳнѳѳгийн материаллаг хэрэглээ арай л солиорсон хэлбэрт орж, хүмүүсийн сэтгэлгээг галзууруулж байгааг та анзаардаг уу?

 

Нэгэн зүйл: Утасны зѳвхѳн дугаарыг нь ѳндѳр үнэ хүргэж зардаг солиорол Монголоос минь ѳѳр газарт байгаа гэж үү? 9911 …. дугаар болон бусад дугаарууд хэдэн арван саяар үнэлэгдэж, ѳнѳѳ ч үнэ нь тѳдийлэн буугаагүй энэ дугаар нь барьж байгаа хүнийхээ эдэлж буй хѳрѳнгѳ чинээнийх нь үнэлэмж, нэр тѳрийнх нь баталгаа болдог гэнэ. Ийм дугаартай утсаар ярилаа гээд бусдаас уянгалаг ялдам сонсогдлоо юу? Тэнэг яриаг ухаантай болгон хѳрвүүллээ юу? Цаг хугацааг товчлон ажил хэрэг тань ѳѳрѳѳ бүтлээ юу?

 

Нэгэн зүйл: Aвтомашинд олгож байгаа улсын бүртгэлийн "Азын” тодотголтой дугааруудыг бас л үнэ хүргэж зардаг гэнэ.  00 01 ээс 88 88, 99 99 тоотой дугаарууд нилээд үнэ хүрдэг бололтой.  "Мѳнгѳ дууддаг”, "аз дагуулдаг”, "хийморь сэргээдэг” хэмээн хѳѳрцѳглѳдѳг ийм дугаарууд бэлэгдлийн гэхээсээ мухар сүсгийн шинжтэй. Бусдаас ялгарч, бусдад гайхуулах хүслээс үүдэлтэй энэ солиорол заримдаа дүрэм журмыг зѳрчих шалтгаан болдог бололтой. Ийм дугаартай машин уналаа гээд шидийг олон нислээ юу ? шатахуун бага зарцуулж хэмнэлээ юу ? амь насыг тань бүтэн байлгах баталгаа боллоо юу?


Нэгэн зүйл: Ѳѳрт нь зохисон зохиогүй нь хамаагүй, биед нь таацсан эс таацсан нь шалтгаангүй, ѳѳр хоорондоо зохицох зохицохгүй байгаа нь ч чухал бишээр зѳвхѳн БРЕНД ийн хувцас зүүсгэлээр гангардаг тѳдийгүй энэ солиорлоороо бусад хүмүүстэй харьцах зэрэг зиндааг тодорхойлдог, бас ялгаварлан гадуурхдаг үзэгдэл Монголд минь түгээмэл болжээ. Хүнийг дотоод сэтгэл, сэтгэлгээний цар хүрээ, эрдэм мэдлэг, авьяас чадвараар нь бус ѳмссѳн хүвцас зүүсэн зүүсгэлээр нь үнэлж харьцана гэдэг ямар ѳчүүхэн сэтгэлгээ ямар давчуухан зарчим, ямар ѳчүүхэн багтаамжтай тэнэглэл болон харагддагийг мэдэхгүй байна гэж үү? Хувь хүнд сэтгэлгээний эрх чѳлѳѳ байдагтай адил, ѳѳртѳѳ таалагдсан биед эвтэйхэн хувцсаа сонгож ѳмсѳх эрх чѳлѳѳ бас бий. Ѳѳртѳѳ байгаа санхүүгийн боломжиндоо таацуулан сонголт хийх эрх ч бас бий.  Хүн болгон заавал адилхан  хувцаслах шаардлага бий гэж үү?

 

Бусад зүйл: Хүн амынх нь бараг 20 орчим хувь нь баян чинээлэг, 60 орчим хувь нь ядуу, үлдсэн нь нэн ядуу амьдардаг монголчуудын ядуурлын нэгэн шалтгаанд, сэтгэлгээний ядуурлаас гадна хэрэглээний солиорол нѳлѳѳлж байна хэмээн би харж байна. Сумын ойн наадамдаа очихдоо зээл тавьж байгаад ч болов үнэтэй машин унаж очин амьдралын түвшингээрээ ѳрсѳлддѳг, цагаан сараар "амьтан хүнд муу хэлэгдэхгүй”- н тулд хамаг байдгаа шавхаж "овооны мод” шиг харагдацгаадаг, бие биетэйгээ уулзах болгондоо  баян чинээлэг амьдарч яваагаа нотлох гэж жүжиглэцгээдэг амьдралын хэвшилтэй болох нээ бид.  Хѳѳсѳрсѳн сэтгэлгээ, солиорсон хэрэглээ бидний сэтгэл зүй болон амьдралыг ядуурал руу улам ихээр хѳтѳлж байна.  Та анзаарч харахгүй, эсвэл хүлээн зѳвшѳѳрѳхгүй байна гэж үү? Та залхаж ядрахгүй байна гэж үү?  Та ухаарч ѳѳрчлѳхийг хүсэхгүй байна гэж үү?

 

…Ийм муу үзэгдэл дуршлыг Монголын улстѳрийг бизнес болгон хувиргаж, хууль бус аргаар баяжигсад болон тэдний гэр бүлүүд, бас хамсаатнууд бий болгож байгаа юм. Хѳлсѳѳ дуслуулан байж хѳдѳлмѳрлѳж, сэтгэлээ чилээн байж баялаг бүтээдэг хүмүүс ингэж олсон мѳнгѳѳ хэзээ ч дэмий зүйлд үрдэггүй. Ѳѳрийн болон хѳдѳлмѳрийн үнэ цэнийг мэддэг хүмүүс мѳнгѳний үнэ цэнийг мэдэх хэрээрээ хэрэгцээндээ тохируулдаг. Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳдѳггүй, зѳвхѳн хулгайлдаг хүмүүс  ѳѳрийн болон мѳнгѳний үнэ цэнэ гэж юу болохыг огт мэддэггүй. Амар хялбар аргаар олдож байгаа мѳнгѳ бол тэдний хувьд зүгээр л цаас.  Арчаагүй бидний ѳгсѳн авилгал, хулчгартаа тэднийг сонгосон сонголт, зусардалтдаа тэднийг давруулсан тэнэглэл болгон бидэнд ингэж л тусч байна даа. Тэд биднээс ялгарах гэж зохиосон болгоныг бид "ямаа дагасан хонь шиг” сүрэглэн дагаж байна. Гэхдээ маш их тѳлѳѳсѳѳр шүү. Гэр бүлийн хэрүүл маргаан, атаархсандаа асгаруулж буй нус нулимс, мѳнгѳ хүүлэгч банкнуудын зээлийн дарамт, ялгаварлан гадуурхуулахгүй гэсэн шазруун зан, амьтан хүнд муу хэлүүлэхгүй, муугаа үзүүлэхгүй гэсэн ичингүйрэл болгон үүний тѳлѳѳс.

 

Тэгээд яах юм бэ? Гэж үү? Яг бүхэлд нь харах юм бол Монголын улстѳрийн тогтолцоо гажуудсантай адил, Монголын нийгмийн тогтолцоо ч адил гажууджээ. Энэ гажуудлыг дагаад бидний сэтгэлгээ ч гажуудсан байна. Хүн болгон дор бүрнээ хичээж ѳѳрсдѳѳсѳѳ эхлэх хэрэгтэй байна. Гар утас, машин, амьдрах байраа зүгээр л ХЭРЭГЛЭЭ гэж ухаарч "Хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийж” сурах хэрэгтэй болж байна.  Бусдад гайхуулахын тулд банкнаас зээл авч, түүний дарамт дор насаа элээж яана. Заавал брендэд дарлуулалгүйгээр ѳѳртѳѳ таалагдсан аятайхан хувцсаа цэвэрхэн ѳмсѳж байх шаардлагатай болно. Ингэж хувцасласан хүнийг "Эвэртэй туулай” харсан мэт гайхан шагширч, бие биенээ нудран инээлдэн шоолж, ѳѳр хоорондоо ярвайлдан муу үгээр доромжлох хэрэггүй. Бидний энэ тэнэг араншин "Амьтан хүнд муу хэлүүлэхгүй” гэсэн шаналгаат тэнэглэлийг бий болгоод байна шүү дээ.

 

Бид энэ ертѳнцѳд тѳрѳхдѳѳ ѳѳрийн идэх хүнс болон эдлэж хэрэглэх бүхнээ авч ирдэг юм гэнэ билээ. Гэхдээ тэр болгон нь ѳѳрийн хэмжээтэй. Тэр нь дуусахаар бид буцна. Ирэхдээ нуцгэн ирснийхээ адилаар буцахдаа ч нуцгэн буцна. Ухаанаар эсвэл шуналаар цуглуулсан бүхэн тань барагдаад л дуусна. Хэн ч авч явахгүй. Харин хүний зүрх сэтгэлд үлдээсэн сайн сайахн бүхэн тань үлдэнэ. Чиний хэр баян байсныг бус, бусдын зүрх сэтгэлд үлдээсэн сайн сайхан илч гэрэл ухаарлыг тань тэд санаж дурсах болно. За тэгээд хэрхэх сонголт тань бас л таных байдаг юм даа. Ядаж бие биедээ дэм болдоггүй юм гэхэд гай болохгүй амьдарцгаах юм сан даа хүмүүс ээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2017-11-29

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!