В.Путин угсаа залгамжлагчаа хайж байна

🕔 2017/11/28 14:58

В.Путин угсаа залгамжлагчаа хайж байна

Оросын улс төрийн ертөнц энтропи байдалд орсон хэмээн улс төр судлаачид шүүмжилж эхэллээ. Одоогийн төрийн тэргүүн В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлахгүй байгаа нь залгамжлагчаа бэлтгэж буйн илрэл хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна. Орост улс төрийн кампанит ажлыг В.Путиний адислалгүйгээр явуулах боломжгүйгээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын зөрчил, Кремлийн фронтуудын тэмцэл ширүүсэх болжээ. Кремлийн тэргүүн суудлаа шилжүүлсэн ч улс төрийн карьераа хадгалж үлдэхийн тулд тэмцэж байгаа бөгөөд телевиз, өдөр тутмын мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. В.Путиний улс төрийн дэглэмийг шүүмжлэгч, шинжээч Глеб Павловский "Орост Ерөнхийлөгч алга" гэсэн гарчигтай нийтлэлээ хэвлүүлжээ. Тэрбээр "Оросын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Гэхдээ Кремль үүргээ гүйцэтгэхэд дөрвөн сарын хугацаа хангалтгүй. ОХУ-ын улс төрийн мөчлөгийг телевизийн цувралтай харьцуулж болох бөгөөд улирал бүр уялдаа холбоотой нэг талбартай байдаг. Кремлийн нөлөө бүхий эрхмүүд Владимир Путинийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонгодог уламжлалтай. Москва, Санкт-Петербург хотод сөрөг хүчнийг дэмжигчдийг дайчлах замаар Орост улс төрийн хувьсгал хийх боломж хомс байна. В.Путиний засаглалын үед сөрөг хүчнийхэн сонгуульд амжилт үзүүлж чадахгүй.

Цаг хугацаа өнгөрөх тусам В.Путинийг Кремлиэс холдуулахаар тэмцэж буй А.Навальный хүчээ авна” хэмээжээ. "Aftenposten” сонинд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аль хэдийнэ "ядарсан" бөгөөд залгамжлагчаа хайж эхэлсэн талаар Кремлийн эх сурвалжийн мэдээг эш татан бичжээ. Нийтлэлд "Кремльд угсаа залгамжлах нэг хөгшин, хоёр залуу эрхмийн нэр тодроод байна" хэмээсэн байна. Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Кремлийн элитүүдийн эгнээнд "цэвэрлэгээ" хийж эхэлсэн байна. Сонгууль эхлэхэд хугацаа бага үлдсэн тул В.Путин угсаа залгамжлагчдын жагсаалтыг хянах ажилд гол анхаарлаа хандуулах болсон. "Aftenposten” сонины тоймч Пер Андерс Юхансен "В.Путин ОХУ-ын ээлжит удирдагчаар залуу, өөрт нь үнэнч хүн томилохыг хүсч байгаа. Тэрбээр угсаа залгамжлагчаараа Засгийн газрын аппаратыг бүхэлд нь өөрчлөх, улс орныг хамарсан хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөсөн” хэмээн бичжээ. Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард өгсөн ярилцлагадаа "Оросын дараагийн Ерөнхийлөгч залуу хүн байх хэрэгтэй. Гэхдээ ухаан төлөвшсөн байх шаардлагатай” гэсэн байдаг. Угсаа залгамжлагчид нэр дэвшиж буй "саарал кардинал”-уудын нэг бол Оросын Төрийн Думын дарга, 53 настай Вячеслав Володин юм. Энэ эрхмийг сүүлийн таван жил Кремль дэх хоёрдугаар хүн гэж ажиглагчид онцолж байсан. Нэгдсэн Орос намын лидер Вячеслав Володиныг "стратеги, тактик" хослуулсан улстөрч гэж дүгнэдэг. Вячеслав Володин нь Санкт-Петербургийн Дотоод яамны сургуулийг төгссөн бөгөөд В.Путиний захиргаанд 2001 оноос ажиллах болжээ.

Түүнийг "ОХУ-ын шинэ үеийн хүнд жингийн элитүүдийн тэргүүн эгнээний тоглогч” хэмээн "Aftenposten” сонинд бичсэн байна. Харин 51 настай Дмитрий Медведев хувьд барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, либералиуд Ерөнхийлөгчийн судлаа В.Путинд найр тавин өгсөн хэмээн шүүмжилдэг. Ямартай ч Дмитрий Медведев Кремлийн тэргүүний суудалд залрах магадлалтай гурван нэр дэвшигчийн нэг. В.Путинд гэнэтийн болон хувийн шалтгааны улмаас улс төрийн хувьд сул дорой Д.Медведевийг нэр дэвшүүлж болох юм. Гэхдээ Оросын эрх баригч элитүүд түүнийг "асуудал үүсгэхээргүй хүн” гэж тодорхойлдог. Кремлийг захирах магадлалтай сүүлчийн кардинал бол В.Путиний "Үнэнч бие хамгаалагч” гэгддэг 45 настай Алексей Дюмин. Воронежийн цэргийн сургууль төгссөн, дэслэгч генерал цолтой А.Дюмин В.Путиний комиссараар 15 жил ажиллажээ. Ерөнхийлөгч В.Путин түүнийг өөрт нь үнэнч ажилласны шанд Тула тойргийн амбан захирагчаар энэ жил томилсон. Тулад Оросын зэр зэвсгийн нөөц агуулах, цэргийн томоохон обьектууд байрладаг стратегийн гол муж билээ. Түүнчлэн А.Дюмин бол В.Путиний хоккейн багийн хаалгач. Түүнд халаагаа өгвөл В.Путин тэтгэвэртээ аз жаргалтай гарч чадах юм. Москва дахь "Карнеги” судалгааны төвийн шинжээч Андрей Колесников "Эдгээр залуу нэр дэвшигчийн хэн нь ч Ерөнхийлөгч болсон В.Путиний үгээр хөдөлж "улс төрийн үнэнч тайган" болно” гэж үзжээ. Залуу залгамжлагчаа хайсан В.Путиний эрэлтэд Батлан хамгаалах сайд, 61 настай Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд, 66 настай Сергей Лавров, Москва хотын захирагч Сергей Собянин гэсэн хүчтэй улстөрчид "насны шалгуураар” тэнцээгүй юм. Харин ихэнх ажиглагч 63 настай Владимир Путин 2024 он хүртэл Оросыг удирдах боломжтой гэж үздэг. Учир нь, оросуудын дунд өнгөрсөн есдүгээр сард явуулсан санал асуулгаар иргэдийн 83 хувь нь В.Путинд итгэл хүлээлгэхээ илэрхийлжээ. Үүний зэрэгцээ, В.Путин төлөвлөсөн хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард Төрийн Думын сонгуулийг гэнэт зарласан билээ.Улмаар нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд Москвад амбицтай улстөрчид ялалт байгуулсныг шинжээчид онцолж байсан. Кремль 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум рубль зарцуулахаар төсөвлөжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

http://www.unen.mn/a/79433

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!