ГАЗАРДУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТАНЫ АМЬ НАСЫГ ХАМГААЛНА
Цахилгаан тоноглолын их бие, хийцийн металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгүй байдаг боловч хэвийн бус горим үүсэх, алдаатай холболт, бороо, ус, чийг, цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан тусгаарлагч (хөндийрүүлэг) муудсанаас болж хүчдэлтэй болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед хүмүүс цахилгаан тоноглолын их бие, металл хийцүүдэд хүрвэл цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюултай.
Иймд цахилгаан гүйдлийн үйлчлэлээс хүн, амьтныг хамгаалахын тулд тоноглолын их бие, металл хэсгийг газартай холбосон цахилгаан хэлхээ буюу газардуулах байгууламжийг заавал хийх шаардлагатай байдаг. Энэ шаардлага нь бүх аж ахуйн нэгж байгууллагуудад болон дэлгүүр, цайны газар, баар ресторан, ТҮЦ, цэцэрлэг, сургууль, орон сууцны байрнаас цахилгаан тэжээлтэй үйлчилгээний газар, амины орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай объект, авто угаалгын газар, автомашины засвар, гагнуурын газар, угаалга хими цэвэрлэгээний газар, модны зах, төмрийн үйлдвэр, угсралт хийгдэж буй барилга, барилгын суурин кран, нефьтийн агуулах, шатахуун түгээх станцуудад бүгдэд нь хамаарна.
Энгийнээр тайлбарлавал 36 Вольт болон түүнээс дээш бүх хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг газардуулах ёстой бөгөөд энэ нь таны амь нас, эд хөрөнгө, барилга байгууламжийг хэт хүчдэлээс хамгаалах, цахилгаан хэрэгслүүдийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, аянгын хор уршгийг дээд зэргийн хэмжээгээр багасгах зориулалттай байгууламж юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Газардуулах байгууламжийн эсэргүүцэл нь хүний биеийн эсэргүүцлээс олон дахин бага байдаг бөгөөд аливаа цахилгаан гүйдэл нь хамгийн бага эсэргүүцэлтэй гүйдэл дамжуулагчаар гүйдэг учраас хүний биеэр биш газардуулгын эсэргүүцлийг дайрч гүйнэ гэсэн үг.
Цахилгаан тоноглолын ашиглалтын үед газардуулах байгууламжийн эсэргүүцлийн хэмжээ ихсэх, хэлхээ тасрах зэрэг гэмтлүүд гарч болно. Жишээ нь: халуун ус, уур дамжуулах хоолой байрлуулсан газрын ойролцоох хөрс хатаж хуурайшсанаас, их хэмжээний гүйдэл дамжсанаас газардуулгын элементүүд халж холбоос (гагнаас) суларснаас, электродууд болон холбогч утас зэвэрснээс, газар шорооны ажлын үед газардуулах байгууламжийн холбоос, металл хийцүүдийг салгаснаас гэх мэт шалтгаанаар газардуулгын эсэргүүцэл эрс нэмэгддэг. Эдгээр тохиолдлуудад газардуулгын хамгаалах үйлчилгээ нь багассаар улмаар үгүй болдог тул хүн, амьтан цахилгаан гүйдлийн үйлчлэлд өртөх аюултай байдал бий болно. Цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэл нь гүйдлийн хэмжээ, төрөл, гүйдэл үргэлжлэх хугацаа, гүйдэл дамжих зам, хүний биеийн цахилгаан эсэргүүцлээс хамаарна. Хүний биед биохими, биофизикийн нийлмэл процесс явагдаж байдаг тул шууд цахилгаан дамжуулагч болдог гэдгийг мартаж болохгүй.
Хүний биеэр цахилгаан гүйдэл дамжиж болох 15 төрлийн зам байдаг. Цахилгаан гүйдэл хүний биеэр дамжих замуудыг доорх зургаар харууллаа.
Жишээ нь: 1. Гар ¬– гар, 2. Баруун гар – хөл – хөл 3. Зүүн гар–хөл–хөл гэх мэт. Газардуулах байгууламжид тавигдах гол шаардлага бол түүний эсэргүүцэл нь байх ёстой хэмжээндээ байх явдал юм. Иймээс хэрэглэгч та газардуулах байгууламжийн угсралтын ажлыг хийлгэхдээ мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн эрх бүхий компаниар газардуулгын гүйцэтгэлийн зураг гаргуулж, зургийн дагуу эрх бүхий цахилгааны угсралтын мэргэжлийн компаниар газардуулах байгууламжийн угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийлгэх явдал юм. Учир нь газардуулах байгууламжийн угсралтын ажлыг хийхэд тухайн орчин, хөрсний эсэргүүцэл, аянгын идэвхтэй бүс болон газардуулах байгууламжид орох металл хийцийн тоо, хэмжээ, урт, гадас хоорондын зай, гадасны урт зэргийн уялдааг нарийн тооцоолдог тул мэргэжлийн инженерийн компанийн зургийг үндэслэх шаардлагатай байдаг.
МХЕГ-ЫН ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР