Бага насны хүүхдийг хамаатан садан нь хүчиндвэл бага ялтай, хөндлөнгийн хүн хүчиндвэл их ялтай
Ард түмэн хууль тогтоомжоо батлуулахаар өөрсдийгөө төлөөлүүлэн сонгодог хүмүүсийг парламентч буюу УИХ-ын гишүүд гэдэг. Гэтэл нөгөө түмний төлөөлөл болж сонгогдсон улс төрчид нь баталсан, батлах гэж буй хуулиа уншихтай манатай, нам фракцын хуваагдал, сандал суудлын төлөөх улайрал, байгалийн баялгаас ашиг хонжоо яаж олох, хэний оруулж ирсэн хуулийн төсөлд кноп дарж хэдэн төгрөг салгахав, хууль бусаар олсон мөнгөө хэрхэн нааш цааш нь хийхэв, хэнийг аль төрийн албанд чихэхэв гэхчлэн элдвийн зүйлд ялангуяа төрийн бус зөвхөн хар амиа хичээсэн бодолд толгойгоо гашилгасаар үндсэн ажил болох хууль батлалцахдаа нэг их анхаарал, ач холбогдол өгдөггүй нь Эрүүгийн хуулийн Хүчиндэх гэсэн заалтад хамаарагдах хуулиас харчихаж болно.
Шинэчилсэн Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байсан билээ. Тэрээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өмнөх парламентаар хэлэлцүүлсэн. Гэвч ёсчлоогүй гэдэг үндэслэлээр энэ хуулийг хүчингүй болгосноор энэ парламентаар хэлэлцэн тодорхой өөрчлөлтүүдийг оруулан баталсан юм. Энэ хуульд маш учир дутагдалтай нэлээд хэдэн заалт байгаа.
Монгол Улсын Эрүүгийн хууль
3.Гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
ХЭҮК-ын дарга, Гавьяат хуульч Ж.Бямбадорж энэ насандаа ийм хууль үзсэнгүй хэмээн шогширч "Гэр бүлийн хамааралгүй хүн хүүхэд хүчиндвэл их ялтай, гэр бүлийн хамааралтай хүн хүчиндвэл бага заалттай байж болохгүй. Уг нь адилхан байх ёстой” хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-14 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол хоёр жилийн ял оноох шийдвэр ч гарч байсан. Мөн Эрүүгийн хуулийн 12.5.Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд торгуулийн ял авна гэсэн заалт бий. Манайх шиг ийм шившгийн хууль баталдаг орон хаана ч байхгүй хэмээн бухимдсан юм. О.Баасанхүүгийн хувьд зарим улстөрчдийг хуулийн хүн болохоор энэ талаар өргөн мэдлэгтэй, тиймдээ ч дуугүй суудаггүй нэгэн.
Монгол Улсын Эрүүгийн хууль
12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийг жирэмсэн болгосон;
2.2.бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Харин энэ хуулийг хэлэлцэн батлалцсан УИХ-ын гишүүд маш олон зүйл заалттай учир уншаагүй, мэдэхгүй, анзаараагүй, санахгүй байна эсвэл өөр ажлын хэсэгт орж ажиллаж байсан гээд түмэн шалтгаан тоочиж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүгийн хуулинд хуулийн цоорхой гарсан байж болзошгүй байгаа. Тэмүүжин сайдын үед одоо яригдаад байгаа 2-5 жилийн ял орсон ороогүй гээд маргалдаад асуудал үүсч байгаа. Харин яг одоо ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө л гэхэд Хүний эрхийн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Бид шалгаж байгаад тодорхой хариулт өгье” хэмээлээ.
Хүүхэд л хүчиндсэн бол хүчиндсэн. Адилхан байх ёстой хуулийн заалт ийнхүү зөрүүтэй байгаа нь гэр бүлийн хүрээнд хүчингийн хэрэг үйлдэж байгаа этгээдэд хөнгөдсөн байгаа нь харагдаж байна.
13-тай охин хүчиндүүлж амиа алдсан, таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг шуугиан тарьснаас хойш гэнэт сэрсэн мэт хүчирхийллийн хуульдаа анхаарал хандуулах болсон улс төрчдийн одоо хэлэлцэн батлах хуулийн нэмэлт өөрчлөлт амьдралд ойрхон, мэргэн байгаасай гэж найдаж хүлээх л үлдлээ.
У.Маргад
www.Serelt.mn