ХАНХҮҮ УИЛЬЯМ, ЕРӨНХИЙ САЙД АСАН ДЭВИД КЭМЕРОН НАР ДУУЛИАНД ХОЛБОГДЛОО
Тэднийг 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах орны санал хураалтыг худалдаж авах гэж байсан гэж үзжээ-
Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас 2018, 2022 оны ДАШТ-ийг авах эрхийн төлөө тэмцсэн хороодын хууль бус үйл ажиллагаатай холбоотой Майкл Гарсиягийн баримтыг нийтэлжээ. Энэхүү баримтад Англи улс ялахын тулд ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүдийг өөрсөд рүүгээ татахыг оролдсон гэжээ. Энэхүү авлигын дуулианд ханхүү Уильям, Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон нар холбогдсон байна.
Гарсиягийн баримтын түүх таван жилийн өмнө эхэлжээ. Тухайн үед ФИФА-гийн ерөнхийлөгч байсан Зепп Блаттер авлигын эсрэг шинэчлэлийн хүрээнд Америкийн мөрдөгч асан Майкл Гарсияд 2018, 2022 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийн төлөө тэмцсэн хороодын бүх мэдээлэл, үйл ажиллагааг шалгах санал тавьжээ. Ийм шалгалт хийх болсон нь ч учиртай. 2011 онд Английн мэдүүлгийг удирдаж байсан Дэвид Трисман ФИФА-гийн гүйцэтгэх хорооны хэдэн гишүүнийг мөнгө угаасан хэмээн буруутгаж, хэвлэлүүдээр Катарын Мохаммед бин Хаммамын зүгээс санал эзэмшигч хоёр хүнийг худалдаж авсан гэж мэдээлж байсан билээ.
Гарсия 2014 оны есдүгээр сард 350 хуудас бүхий баримтаа дууссан ч үүнийг олны өмнө ил болгоогүй юм. ФИФА-гийн ёс зүйн хорооны арбитрын хэлтсийн тэргүүн Ханс-Йоахм Эккерт хууль зүйн шалтгаанаар баримтыг нийтлэхийг хоригложээ. Тухайн үед баримтын агууламжийг ФИФА дотроо дөрөвхөн хүн мэдэж байв.
Ингээд Гарсиягийн цуглуулсан бүтэн баримт гурван жилийн турш нууц хэвээр үлдсэн юм. Харин өнгөрсөн тавдугаар сард ФИФА-гийн ёс зүйн хорооны удирдлага солигдсоноор Германы "Bild” хэвлэл Гарсиягийн баримтыг олж авах эрхтэй болсон гэж мэдээлжээ. Ингээд ФИФА баримтыг дэлгэх цаг болсон гэж үзэж, америк мөрдөгчийн шалгалтыг өөрсдөө олон нийтэд ил болгожээ.
Энэ дотор Гарсиягаас 2018 оны Оростой зэрэгцээд ДАШТ-ий эрхийг авахаар тэмцэж байсан Английн мэдүүлэг олджээ. Баримтад ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүд саналаа хэрхэн наймаалцаж байсан тухай ярьжээ. Эзэн орны сонгуульд 22 хүн оролцсон бөгөөд ялагч нь олонхийн саналыг авсан байх ёстой байв.
Тухайлбал, тайланд гаралтай Варави Макуди шигшээ хоорондын нөхөрсөг тоглолт явуулсны тохиролцоонд Английн багийг дэмжих ёстой байсан гэнэ. Энэ нь спортын үүднээс харахад тун тохиромжгүй зүйл юм. Учир нь дэлхийн хамгийн шилдэг багийн нэг нь Азийн ААШТ-д ч шалгарч чадаагүй шигшээтэй учрах ёстой болж байв. Тэмцээнийг Азийн нэгэн оронд явуулахаар төлөвлөөд байсан бөгөөд шууд дамжуулалтын эрхийг Тайландын Хөлбөмбөгийн холбоонд шилжүүлэх ёстой байжээ.
Талууд 2010 оны арванхоёрдугаар сард эцсийн санал хураалтаас өмнөхөн ингэж тохиролцсон ч Англи улс ердөө хоёрхон санал авч, ялагдсан билээ. Ингээд тоглолт хийх тухай зөвшилцөл хүчингүй болжээ.
Томпсон түүнчлэн Өмнөд Солонгосын төлөөлөгч Чон Монжунтай саналаа солилцсон гэжээ. ФИФА-гийн хоёр дэд ерөнхийлөгч 2018, 2022 оны ДАШТ-ий төлөө өрсөлдөж буй өөрсдийн орнуудаа дэмжихээр тохиролцсон байна.
Томпсоны гэрчилж буйгаар энэхүү хэлэлцээ Цюрих хотод ханхүү Уильямын буудлын өрөөнд ханхүү, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нарын дэргэд явагджээ.
Чон Британийн Засгийн газрын тэргүүнтэй ФИФА-гийн гүйцэтгэх хорооны санал хураалтаас сарын өмнө уулзсанаа хүлээсэн ч дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Үүнээс гадна Тринидадын Жек Уорнерыг өөрсдийн талдаа оруулах оролдлого хийжээ. Тухайн үед тэрбээр КОНКАКАФ-ыг тэргүүлж байсан болохоор Гватемалын Рафаэль Сальгуэрод дам нөлөөлж чадахаар байв. Эхэндээ Уорнер банкны тэргүүнийхээ хүү Ричард Себро гэгчийг Английн хөлбөмбөгийн байгууллагад ажилд оруулахыг хүсчээ. Гэтэл Себро нь одоо ч "Тоттенхэм”, "Астон Вилла” клубуудэд янз бүрийн албан тушаал хашсаар байгаа юм.
Уорнер түүнчлэн "Жо Паблик” хөлбөмбөгийн клубыг нь дэмжиж, Ямайкийн хөлбөмбөгийн холбооны хэдэн зуун мянган ам.долларын өрийг барагдуулахыг хүсчээ. Английн мэдүүлэгчдийн төлөөлөгчид энэхүү саналыг үл итгэсэн байдалтайгаар хүлээн авчээ. Уорнерын хувьд хоёр жилийн дараа авлигын олон тооны хэргийн улмаас хөлбөмбөгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон юм.
Англичууд түүнчлэн Парагвайн Николас Леосыг өөрийн талд оруулах санал тавьсан байна. 2009 онд Трисман болон мэдүүлгийн хорооны бусад төлөөлөгчид түүний төрөлх эх оронд илтгэл тавихаар иржээ. Леос Трисмантай хувийн яриа өрнүүлэх зуураа цол хэргэм, гавьяа шагналаа яриад, хүндэт хөлөг баатар болж үзэх, Их Британийн хатан хаан II Елизаветатай уулзаж үзэх юмсан гэжээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд зохиогддог хөлбөмбөгийн цомын тэмцээн зохион байгуулах, түүнийг нэгэн парагвайн нэрээр нэрлэх санал гарчээ.
Гэвч авлига, төрийн дээд албаны хүнийг нууц хэлэлцээрт оруулах, гишүүдийн ааш аягийг дагаж, хүслийг нь биелүүлэх гэсэн оролдлого нь Английн багийг 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохиох эрх авахболомж олгосонгүй.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа