Татвар ингэж нэмэгдлээ
Төсвийн тодотголоос анхаарал татаж байгаа нэг асуудал нь татвар хэрхэн яаж нэмэгдэх тухай байв. Энд нийтдээ 7 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр Төсвийн тодотголд тусгасан байсан билээ. Харин ямар төрлийн татвар яаж нэмэгдэж байгааг доорхи мэдээллээс харна уу.
1.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно
Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна. Харин татварын шатлалаас хамаарч өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Одоогоор 900.0 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 5 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар 2017 онд төсвийн орлого 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.2.Архи, тамхины онцгой албан татвар
2017 оны төсвийн тодотголын хүрээнд архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг
-2018 оноос 10 хувиар,
-2019 оноос 5 хувиар,
-2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. /Хүснэгтээс дэргэрэнгүй харна уу/
3. Импортын тамхины гаалийн албан татвар
Монгол Улс импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу уг хувь хэмжээг 30 хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Энэ хязгаарт багтаан импортын тамхины гаалийн албан татварын хувь хэмжээг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хувьд хүргэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.
Архи, тамхины онцгой албан татьар, импортын тамхины гаалын татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна. /Хүснэгтээс дэргэрэнгүй харна уу/4.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар
2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоол, 2017 оны 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хэмжээг 2 удаа бууруулсан. Татварын хэмжээг бууруулснаар 2017 оны төсөвт батлагдсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл байдал үүссэн байна. Харин дээр дурдсан 2 удаагийн татварын бууралтыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 оны батлагдсан хэмжээнээс 118.6 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байна.
5.Суудлын автомашины онцгой албан татвар
4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байна.Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор байна. Суудлын авто машины татварыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-наас мөрдөхөөр тусгасан байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.
6.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Харин Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг 9 сараар урагшлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
7.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх
Тодотголын хүрээнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, сайнм дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг өөрчлөхөөр тусгасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.