Наурыз баярын зан үйл, бэлгэдэл
Наурыз баярын тэмдэглэж ирсэн түүхийн тухайд Монголчуудын Цагаан сартай нэгэн адил замналыг туулсан гэж хэлж болохоор байгаа юм. Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа.
1990 оны Ардчиллын уур амьсгалаар үндэсний үзэл, ёс заншил сэргэн өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгийн зүгээс анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ. Уг баярын тухайд нэгэн настай хүний яриаг толилуулбал: Бидний багад (40, 50-иад оны үеийг хэлж буй юм) Наурыз гэж тэмдэглэдэггүй байлаа. Гэхдээ эмээ, өвөө нар маань энэ баярын тухайд ярьж өгч, нууцхан шөл хийж уулган, аав маань Коран судраас уншиж өгдөг байв. Тэд Ногоонуур суманд Наурызыг тэмдэглэдэг юм гэнэ лээ, Наурыз көже уудаг гэнэ гэж томчуудын ярилцахыг сонсдог байлаа гэж хэлсэн юм.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны тєлєєлєгчдийн єргєн барьсан хvсэлтийн дагуу НVБ-ын Ерєнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.
Наурыз баярын өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд болох бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. "Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол "нау-шинэ”, "рыз- өдөр” буюу "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг єнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул "Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Эмээгээ апа гэж дуудах ач зээ нар нь нар мандсаны дараахан "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос дуудан эмээгийндээ гүйлдэх нь баяр дээр баяр нэмдэг. Мөн бvх хvн анхны нар харж, нараа хvндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж, vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.
Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, шинэ он буюу хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэгээрээ цагаан сарын өмнө үйлддэг зан үйлтэй нэлээд төстэй. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.
Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцогон малгай хийж, хээлж өгнө. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ. Эмэгтэйчүүд гэр орноо баяраар гоёх бөгөөд ур гартанаа гайхуулах нэг бололцоог бүгдэд олгодог.
«Шинэ онд арилгасан сонгино шиг цэвэр цэмцгэр байвал тэр жилдээ өвчин зовлонгоос хол байна » хэмээн итгэж гэр орон доторхи бүгдээ тос шороо, хир буртагаас нь арилган галаар ариутгана.
Эрчүүд сахал самбайгаа авч, үсээ янзлах бол эмэгтэйчүүд хүүхдүүдээ усанд оруулан, хумсыг нь авч хир буртагаас нь салгана. Шинэ хувцасыг нь бэлтгэн, өөрсдөө ч өмсөх өмсгөл зүүлтээ бэлтгэнэ. Энэ нь шинэ ондоо хир буртаггүй, ариун орвол тухайн жилдээ тийм сайхан явах болно гэдэг бэлгэдэлтэй салшгүй холбоотой.
Эрчүүд булаг шандны урсгалын эх ундаргыг сэргээн засаж цэвэрлэн, шинэ мод тарьдаг нь байгалиа шүтдэгийн томоохон илрэл юм.
Байгаль, хүрээлэн байгаа орчиноо шинэ онд цэвэр цэмцгэр байлгавал байгаль нь эргээд хишиг буянаа тасралтгүй хайрлах санаагаар үйлддэг, хүн-байгаль хоёрын харилцаа холбоо, шүтэлцээг тод томруун харуулдаг зан үйл юм. Булаг шандны эх дээр очихдоо ойролцоо байдаг мод, булгийн эхэнд цагаан даавуу уядаг нь байгалиа шүтдэгийн нэг илрэл бөгөөд усны эх булингаргүй ариун тунгалаг байхыг билэгдэхээс гадна уг шанд, уул ус эзэнтэй хэмээн сэтгэн түүнд хүндэтгэл үзүүлдэг нь харагдаж буй юм. Цагаан өнгө хиргүй тунгалаг, сайн сайхны бэлгэдэл байдаг гэдэг утгаар мөн тайлбарлаж болох юм. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буянаа олон түмэнд хүртээдэг гэж мөн үздэг байна.
Наурызын баярыг ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж, vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм. Учран золгохдоо "Наурыз” баяртай холбоотой хүндэтгэлийн ерөөлийн үг хэлцгээнэ.
Наурыз баярын мэнд!
Муу бүхэн газрын гаваар орог!
Идээ будаа арвин байг!
Талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой! зэрэг сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ерөөлийн үг хэлцгээнэ.
Манай ард түмний дунд байдаг домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр Хызыр хэмээх аксакал уул талыг хэсүүчилж явдаг ажээ. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн "хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг. Тэрхүү элч хойморт залрах үед "ганц мод гал болохгүй, ганц зул гэрэл гаргахгүй” хэмээн сэтгэж айл болгон хос лаа асаан хүлээдэг.
Уг баярыг тэмдэглэх нь хvvхэд залуусын хvмvvжилд чухал нєлєєтэй. Залуучууд єндєр настандаа очиж золгон тэднийхээ сургаалийг сонсоно. Шинэ онд хэрхэн ажиллаж, амьдрахаа ахмадуудаараа заалгана. Ингэснээрээ ахмадуудаа хvндэтгэн хайрлаж, тэднийхээ vг, сургаалийг ёсчлон хэрэгжvvлэх єндєр хариуцлага тэдэнд ирдэг. Мөн ах, дvv хамаатан садандаа золгоно. Хэн нэг хvнтэй тvнжин хагарсан бол эвлэрэхээс гадна өр шир тавьсан бол заавал дарж шинэ онд өрийн дарамтгүй, сэтгэл тайван явахыг хичээх ёстой гэж үздэгээрээ Монголын цагаан сартай нэлээд төстэй.
Энэ баярын үеэр архи огт хэрэглэдэггүй. Исламын ёслолд "карам” буюу цээрлэх ёсонд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.
Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, "Көкпар", "Бәйге", "Қыз қуу", "Жамбы ату" зэрэг үндэсний тоглоом наадгайгаар нааддаг. Алты бакан буюу савлуураар залуус наадахдаа хос хосоороо суугаад дуулж хөгжилдөнө. Энэ нь нэг ёсны залуус дуулан бүжих, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийнхээ үгийг хэлэлцэх, болзох хором гэж хэлж болно.
Аливаа нэг баяр ёслолын үед Казахууд айтыс буюу харилцаа дууны тэмцээн зохиодог бөгөөд Наурыз баярын үед ч гэсэн уг уламжлалаа хадгалдаг. Айтыс гэдэг нь казахын урлаг, уран зохиолын онцгой нэгэн төрөл бөгөөд ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд, тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулна. Хоёр хүн суугаад тэр дороо шүлгээ зохиож аянд оруулан домбороор тоглоно. Хоёр найрагч нэг удаад оролцох бөгөөд шалгарсан нэг нь цаашаа өөр бусад шалгарсан хүнтэй уралдаж түрүүлдэг. Найрагчид тухайн баяр ёслолын тухай хэлэлцэж мэтгэлцэхээс гадна тухайн нийгмийн ололттой болон дутагдалтай талыг ч мөн дуундаа илэрхийлж гаргадгаараа онцлогтой.
Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казахууд шєл уудаг. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай. Тvvний нэг нь шєл. Сонгино, давс зэрэг долоон тєрлийн амтлагчтай, махны шєл ууна. Энэ шєлийг хvн бvр ууна. Баяраар хэчнээн олон айлд шєл уувал тєчнєєн сайн байна гэж vздэг. Махаа гал дээр болгож, шөлийг нь уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимтэй холбоотой, хоёрт галыг ариусгах шидтэй, сайн сайхны бэлгэдэл гэж үздэгтэй салшгүй холбоотой юм. Зөөлөн гал дээр болсон амттай шөлөнд нь хөц будаа, хөц будаа байхгүй тохиолдолд орлох өөр будааг хаяж, аарц хийж иднэ. Нэгэнт олон айлаас идэх тул нэг айлаас багахан хэмжээний аяганд хийлгэнэ. Мах буулгаж хоол идэхээс өмнө гараа угаагаад, насны эрэмбээр ширээ тойрон сууна. Хамгийн настай, хүндтэй нэгнээр тухайн зоог, ирсэн зочдод зориулан бата- ерөөл хэлүүлэх бөгөөд, бүгд анхааралтай сонсож суун, тухайн ерөөлийн сайн сайхныг шингээж авахыг хичээнэ. Уг ерөөлийн хэлж байхад бүгд алгаа хавсран нүүр лүүгээ харуулж барина. Ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд "Амин” буюу "тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны орцонд доорхи долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байна. Үүнд: Ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно.
Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорхи долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Үүнд: баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм.
Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы –г зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ. Настай эмэгтэйчүүд «Наурыз баяраар хэрэглэнэ» гэж гүзээтэй шар тос, ааруул, жент зэрэг цагаан идээг зориуд хадгална.
Наурыз баяр нэг талаараа ах дүү, гэр бүлийн баяр, нөгөө талаараа хотол олны баяр гэж хэлж болохоор. Эрт дээр үеийн уламжлалаар эхлээд аав, ээжийдээ золгоод дараа нь садны хамгийн ахмад хүмүүстэй золгоно. Зарим тохиолдолд аав ээжийнд золголт хийх үед бүгд нэг дор цугларах боломж бүрддэг тул садангийн хамгийн ахмад настаныд очиж хүндэтгэл үзүүлэх ч бий.
Тэр өдөр үндэсний хувцасаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно. Хоёр эрэгтэй хvн єєд єєдєєсєє харж зогсоод гараа атгалцаж баруун, зvvн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлvvлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хєдєлмєрлєх эрхтэн тул хоёр гол эрхтэнээрээ хүндэтгэл үзүүлж буй юм. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь "амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.
Сайн сайхан утгатай үг хэлэлцэн хоорондоо золгох аваас тэр жилийн туршид тухайн ерөөл шигээ ариун тунгалаг, зөв явна гэж сэтгэдэг тул аль болох зөв, сайхан харьцахыг эрмэлзэнэ. Мэнд усаа мэдэлцэн, амар тайвныг ерөөсний дараа хол, ойрын сонин сайхныг ярилцан, баярын зоог, шүүс барьдаг. Аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өөршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.
Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. Хахир өвлийн хүйтнийг өнтэй даван, хаврын урь орж, хүн амьтаны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсэний баяр билээ.
Казахууд Монголчуудын адил нүүдэлчин ард түмэн. Мал аж ахуйн голлон эрхэлж, байгаль дэлхийгээ шүтэж ирсэн билээ. Тэд байнга нутаг сэлгэн нүүдэллэж, өвсний сороор явах хэдий ч өвөлжөө, хаваржаандаа гол анхаарлаа хандуулан орчныг нь цэвэр цэмцгэр байлгаж, замыг нь засч, ойролцоо байгаа газар тариалангийн талбайг хашиж услаж торддог.
Ислам шашинд орохоос өмнө бөөгийн зан үйл, хөх тэнгэрийг шүтэх ёс хүчтэй байсан хэдий ч энэ талын судалгаа тун хомс байна. Хүүхэд залуусыг байгальтай хэрхэн зөв харьцах талаар амнаас ам дамжсан сургаалиараа хүмүүжүүлж ирсэн. Аливаа нэг булаг шандны ойрхон бие засахыг цээрлэнэ. Булаг шанд, рашаан усны эхэнд цагаан даавуу уяна. Энэ нь уг булаг, ус эзэнтэй гэж үзэх бөгөөд, байгалиас хишиг хүртэсний хариуд хиргүй цагаан сэтгэлээр талархаж буйн илэрхийлэл юм.
Мөн уг цагаан даавууг нэгэн төрлийн цагаан хадаг гэж нэрлэж болох бөгөөд "Ахтых” гэж нэрлэдэг. Тэр нь эрт урьдын сүсэг бишрэл ёсоор буян өлзийтэй, эрхэм хүндэтгэлтэй зүйлд уях, барих бөөгийн шашинтай холбоотой ёс заншил гэж хэлж болно.
Мөн Казахууд галыг ихэд шүтэх бөгөөд галдаа бохир, хиртэй зүйл хийхийг хориглоно. Наурыз болон бусад баярын үеэр ил их гал асаан, эргэн тойронд нь сууж галын илчинд шүтэн баярлах бөгөөд галдаа тос өргөнө. Залуусыг гал дээр үсрэх бөгөөд галын ариун зүйлээр ариусч байна гэж үздэг.
Наурыз хэмээх нарны баяраар нарыг харж баясан тухайн оны өнгийг сонжин мэднэ. Нарандаа сүүгээр цацал өргөнө. Баяр болохоос өмнө ойр орчин, гэр хотол, булаг шандаа хамтдаа цэвэрлэдэг нь байгалиа хүндэтгэн, дээдэлдэгийн том жишээ билээ.
Наурыз баяр бол хүн байгаль хоёрын шүтэлцээг харуулсан тод томруун жишээ юм. Хэдийгээр Төв Азийн орнуудад VIII-IX зууны үед Ислам шашин дэлгэрч, Монголын Казахуудын дунд XIX зуунд хүчээ авсан хэдий ч, бөөгийн мөргөл, хөх тэнгэрийг шүтэх ёс, байгаль дэлхийг дээдлэх, шүтэх ёс хэвээр хадгалагдан, заримдаа Ислам шашны зан үйлтэй холилдон оршсон хэвээр байна. Өмнө нь бөөгийн мөргөл, хөх тэнгэрийг шүтэх ёстой байсаныг байгаль эх дэлхийгээ бишрэх, гал зулыг эрхэмлэх зэрэг зан үйлээс харж болохоор байгаа юм.
Хот суурин газар амьдарч буй Казахууд Наурыз баярын гол санааг агуулсан зоог барих, мэндчилэх хүндэтгэх ёсыг даган мөрдөж буй бөгөөд байгальтай харьцах зан үйлийг хийх боломж бололцоо хомс юм. Харин нүүдэлчин уламжлалаа алдаагүй малчин ард түмэн Наурыз баярын байгальтай холбоотой зан үйлийг түлхүү хийдэг.
Болатын Алтангүл