Хэт өндөр татаастай, хэрэгждэггүй хуулийн заалттай “MCS”-ийн зам жолооч нарын амийг авсаар байх уу
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй жагссан нь урьд өмнө харагдаж байгаагүй шинэлэг зүйл болсон. "Бидэнд баярлах шалтгаан алга” хэмээн хагас нүцгэн байдалтайгаар зоригтой дуугарч чадсан тэдгээр эмэгтэйчүүд эрхийнхээ өдөр зөвхөн баярлаад өнгөрөх бус тэмцэх хэрэгтэйг сануулсан юм. Өнгөрсөн бямба гаригт Зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 96 жилийн ой буюу бидний нэрлэдгээр цэргийн баяр болов. Тэгвэл энэ өдөр Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар мөн л жагсаал хийж, өөрсдөдөө тулгараад байгаа асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Үнэндээ тэнд жолооч нар амь, амьдралаараа тоглуулж байна. Хөдөлмөрийн мөлжлөгийг биеэр амсаж, хятадуудын дарамт дунд ар гэрээ авч явахын тулд тарчилж байгаа талаар онцолсоор байгаа билээ.
Хэдхэн өдрийн өмнө "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг "Монфорт” компанийн зургаан жолооч архи гэж уусан шингэн зүйлд хордож, гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг жолооч нар хил нэвтрэхийн тулд хэдэн өдрийн турш хил дээр хүлээдэг, амаргүй нөхцөл байдалд байдаг зэрэгтэй холбож тайлбарлах нэгэн байгаа ч цаад учиг шалтгаан нь хятадуудтай холбоотой болохыг зарим нэг мэдээллүүд харуулсаар байгаа. Тэнд ажиллаж байгаа жолооч нарын ярьснаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван ч жолооч хятадуудад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн бол нөгөө залуучуудыг ажлын хөлс нэхлээ гэж зодон амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан гэдэг.
Саяны гарсан хэргийг мөн л хятадуудтай холбон тайлбарлаж буй. Хамт явж байсан долоон залууг нэгэн хятад эр архиар дайлсан гэх бөгөөд гурван нь газар дээрээ амиа алдсан юм. Өс санасан хятадууд ийм зүйл хийхээс сийхгүй гэдгийг жолооч нар хэлж байна.
Жолооч нарын амиар тоглож байгаа бас нэг зүйл бол яах аргагүй зам. Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх 245 километр замыг "MCS” барьж, төрийн өмчит "Гашуун сухайт” компанид хүлээлгэн өгчээ. Гэвч энэ зам үнэндээ зам биш там болж, өдөр болгон шахуу автомашин осолдож, аавын хүү ээжийн үрсүүд амь, нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Түүгээр ч барахгүй энэ замд байдаг олон постууд урт дараалал үүсгэж, хамгийн багадаа 3-4 хоног оочерлож зогсдог аж. Эдгээр постуудад оочер дараалал үүссэнээс болж аваар их гардаг бөгөөд жолооч нар постуудад түгжрэхгүйн тулд засмалаасаа бууж, шороон замаар явснаас болж мөн л хохироод үлддэг байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Цагаан хаднаас хойш 37 км-ын зайд том оврын автомашин онхолдож, хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хамгийн харамсалтай нь осол боллоо гэхэд цагдаа, онцгойгийнхон ирээгүй гэнэ. "Цогцосуудыг замын хажуу тал руу гаргаж бүтээчихээд, цуваа зогсож болохгүй, явцгаа гэсэн. Биднийг явсны дараа цагдаа сэргийлэх хэзээ нь ирсэн юм мэдэхгүй байна. Гэхдээ тэр зам дээр хоёрын хоёр монгол хүний алтан амь тасарч байхад хүний амь насыг юман чинээ тоохгүй байгаа нь маш харамсалтай санагдаж байна. Хүний мөс чанар энэ газар алга болчихоод байна. Засаг төр анхааралдаа авахгүй бол энд жолооч нар хэзээ үхэхээ мэдэхгүй явж байна” хэмээн тэнд байсан жолооч ярьсан байх юм.
Хамгийн харамсалтай нь замын ослоос болж осолд орсон, ажиллах чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амиа алдсан жолооч нарт ганц ч төгрөгний нөхөн төлбөр олгодоггүй гэнэ. Нөхөн төлбөр байтугай ажилласан цалин нь ч өгөхгүй, нэхэхээр нүүр нүдгүй зодуулж амиа алдах дээрээ тулдаг учир жолооч нар орчин цагийн хөдөлмөрийн мөлжлөгийн бодит жишээ болоод байгааг тэдний эрхийг хамгаалдаг байгууллагууд онцолсоор байгаа юм. Түүнчлэн өмнө нь хувь жолооч нараас нэг рейсэнд гарахад 260 мянган төгрөг авдаг байжээ. Гэтэл одоо энэ мөнгийг нэмээд 340 мянган төгрөг болгожээ. Мөн жолооч нараас биржийн бичиг гэж юм нэхдэг. Хэрэв биржийн бичиггүй 380 мянган төгрөгөөр торгодог бичигдээгүй хууль үйлчилсээр байна.
Үнэндээ хэт өндөр татаастай, хэрэгждэггүй хуулийн заалттай "MCS”-ийн барьсан зам жолооч нарын амийг авсаар байх уу гэдэг асуулт хэвээр л байна. Монгол залуусын аз хийморь, авхаалж самбаа, зориг тэвчээр, хүн чанарыг жинхэнэ утгаар нь шалгаж буй энэ зам цаашид ч хэдэн хүний алтан амиар тоглохыг таашгүй нь.
24tsag.mn