ТАРВАГАН МАЛГАЙНААС БИЗНЕСЭЭ БОСГОСОН МАКС-ЫН Д.ГАНБААТАР

🕔 2017/03/14 18:30
 
 ТАРВАГАН МАЛГАЙНААС БИЗНЕСЭЭ БОСГОСОН МАКС-ЫН Д.ГАНБААТАР

Жилийн өмнө Оросын нэгэн сайтад Монголын топ 100 бизнесмэний хөрөнгийн жагсаалт нийтлэгдэж нэг хэсэг олны анхаарлыг татаж байлаа. Тэрхүү жагсаалтын 12-т Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар 600 сая ам.долларын хөрөнгөөр эрэмбэлэгджээ. Түүнийг тэгээс бизнесээ эхлүүлэхдээ элдэв тендерт оролцож, улстөртэй хутгалдаагүй, харьцангуй нэр цэвэр эрхэм хэмээн үнэлэх хүмүүс бишгүй бий.


Өдгөө уул уурхай, газар тариалан, барилга дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлж 10 гаруй охин компани "төрүүлсэн” ноён Д.Ганбаатарын амжилтын түүх булган малгайнаас эхтэй.

Дагвадоржийн Ганбаатар нь ах дүү долуулаа, хуучнаар 500 айл гэж нэрлэгдэж байсан Ард Аюушийн гудамд хүүхэд насаа өнгөрүүлжээ. Д.Ганбаатарыг эгэл бор амьдралаас өнөөгийн амжилтанд хүрэхэд түүний ах Д.Цэрэнжигмэдийн дэмжлэг чамгүй их. Ах дүүс, хоёр насны зөрүүтэй ойрхон төрсөн болоод ч тэрүү Дагвадорж гуайн долоон хүүхдээс илүү дотно. Ёстой гарсан ч орсон ч үргэлж хамтдаа байдаг байж.

Ах дүү хоёр 1980-аад оны дунд үе буюу тарваганы арьсаар хийсэн малгай, шуба эд үнэд орж байх цагт Дэнжийн 1000-ын зах дээр худалдаа хийж эхэлжээ. Д.Ганбаатар нэлээд гарын дүйтэй болохоор малгай, шубаа өөрөө урлаж ах дүү хоёр зах дээр худалддаг байж. Оёсон шуба нь сайн борлогддог байсан тухай ах нь дүүгээ магтаж ярьсан удаатай. Ингэж явсаар 1992 онтой золгож Дөргөн ХЭАА байгуулжээ. Тэд ШУМТ-ийн ард ТҮЦ байршуулан хуушуур хийж зардаг байж. Овоо ашигтай байсан учраас Төв номын сангийн гуанзыг түрээсэлж авав. Нэг хэсэгтээ хоолны бизнес эрхэлж байгаад Герман, Чехээс автомашин оруулж ирдэг болжээ. Бараагаа оруулж ирдэг контейнерт нь илүү зай гарсан учраас түүндээ мебель тавилга ачна. Тухайн үед автомашин, мебель тавилга нэлээд эрэлттэй байсан учраас борлогдохгүй гэхийн зовлон байсангүй. Оруулж ирсэн тавилгаа Төв номын сангийн хонгилд борлуулна. Анх хоосон зайгаа ашиглан оруулж ирсэн тавилгын бизнес нь өргөжиж Евромебель тавилгын төрөлжсөн дэлгүүр болсон байдаг.

Макс Д.Ганбаатар ах Д.Цэрэнжигмэдийн хамт

Макс Д.Ганбаатар ах Д.Цэрэнжигмэдийн хамт

Макс-ын ах дүүс хүнсний бизнес эрхэлсэн түүх нь мөн л автомашинтай холбоотой аж. Тэд Mercedes Benz автомашин сонирхож яваад бөөний дэлгүүрийн эзэнтэй танилцаж хоёр контейнер хүнс ачуулсан гэдэг. Үүнээс Макс хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн эхлэл тавигдсан байна.

Бизнес нь урагшилж ах дүү хоёр 1994 онд Дөргөн ХЭАА-гаа "Ган-3” Бүрэн Бус Харицлагатай Компани болгон томруулав. Харин сүүлд Макс нэрийг авсан байдаг.

Улмаар 1996 оны нэгдүгээр сард Берлин ресторан, түргэн хоолны Берлин Бургерийг байгуулж, 1998 онд Макс супермаркет үйлчилгээний цогц төв байгуулсан нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан билээ. Харин 2006 онд барилгын салбарт хөрөнгө оруулж Макс Өргөө ХХК-аа байгуулжээ.

Тэрээр "Монгол хүн байгалийн баялгаа эзэнших ёстой” хэмээх бодолдоо хөтлөгдөж 2010 онд сэтгэл шулуудан Макс Майнниг ХХК-аа байгуулж. Өдгөө геологи, уул уурхайн салбарт ажиллаж байна. Нэг хэсэг түүнийг Говь-Алтай аймгийн Бигэр, Есөнбулаг сумын нутгаар дамжин үргэлжлэх Алтан уулнаас маш их алтны нөөцтэй 15337Х дугаар бүхий талбайг гартаа оруулсан хэмээн хэвлэлээр шуугиж байсан. Өдгөө тус компани Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь Хөх Сэрхийн алтны шороон уурхайг ашигладаг. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших алтны үндсэн ордыг ашиглахаар төсөл хэрэгжүүлж байсан билээ.

Олон салбарт хөрөнгө оруулж амжилттай бизнес эрхэлж байгаа ноён Д.Ганбаатарыг  улстөрд ороогүй ч төрийн томчуудтай нөхөрлөдөг. Нэн ялангуяа М.Энхболдтой нэлээд "зузаан” гэдэг. Харин энэ тухайд тэрээр "Бид хоёр ижил хоббитой. Надад хийхээр төлөвлөсөн ажил их байгаа учраас улс төрд орох бодолгүй. Ер нь хүн чаддаг зүйлээ хийх сайхан. Сонирхдоггүй салбартаа хөрөнгө оруулж цаг алдаж байхаар өөрийн чадах зүйлээ хийвэл өөрт болон улс нийгмийн хөгжилд ч хэрэгтэй. Миний хувьд танил талаа ашиглах боломж олонтой тохиож байсан ч шударга ажиллах зарчмыг баримталсан” хэмээн ярьсан нь бий. Мөн тэрээр аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хийж сайн санаж явахад аз тохиодог гэдэгт итгэдэг аж.

Мэдээж аливаа бизнес эрхлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай учраас тэрээр гаднаас хөрөнгө оруулалт татаж, зээл авч байсан. Тэрээр "Том компаниуд зээлгүйгээр урагшлахгүй. Зээлийн хэмжээ их эсвэл бага байж болно. Хамгийн гол нь тухайн төсөл амжилттай хэрэгжих баталгаатай байх ёстой” гэж үздэг.

Д.Ганбаатарыг Монголын төдийгүй гадны хэвлэлийнхэн ч сонирхдог нь дэлхийд алдартай Forbes сэтгүүлийн Азийн баячууд буланд Макс группын ах дүүсийг онцолсоноос харагддаг. Тус сэтгүүлд "Энэ ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” хэмээн бичсэн байдаг.

Ямартай ч Монголын бизнесийн салбарт амжилт гаргаж, олон салбарт хөрөнгө оруулж, улсад төлсөн татварынхаа хэмжээгээр топ-100 аж ахуй нэгжид багтдаг Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын бизнесийн түүх тарваганы малгайнаас эхэлж. Сүүлд буюу 2014 онд эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байгуулан бизнесээ өргөжүүлж ажлын байр бий болгож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар явна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!