"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат "Хөгжлийн банк"-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?

🕔 2017/02/17 10:17

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат "Хөгжлийн банк"-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?

 

Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Хөгжлийн банк" өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, "Чингис" бондын эх үүсвэрийг "Хөгжлийн банк"-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал нь 694 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн шинэ төмөр зам төслийн ажлын төсөв, гүйцэтгэлд хуулийн зөвлөх үйлчилгээ авахын тулд 3.2 сая ам.доллар, техник зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам. доллар, "ХААН" банкны зээлийн хүүгийн төлбөрт 6.5 сая ам.долларыг гаргажээ.

Эдгээрээс гадна олон нийтэд "Хөгжлийн банк”-ыг сурталчлах, банкны захирал нь гадаад албан томилолтоор явахдаа өдөрт хоёр сая төгрөгөөр тооцон зардал гаргасан гээд санхүүгийн зөрчил, дутагдал илэрсний нэгээхэн хэсэг нь дээрх жишээнүүд юм. Харин дээрх зээлийг хаанаас, ямар шугамаар, яаж авсныг нь мэддэг ч тэрхүү бондын хөрөнгө ямар замаар хэнд очиж, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл нууц хэвээр байв.

Энэ бүх зүйлийг олон нийтэд ил болгохын тулд одоогийн Засгийн газар ажлаа авсан даруйдаа "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан юм. Тэрхүү Ажлын хэсэг нь хэдий хэрийн хэмжээний хөрөнгө мөнгө дутсаныг олон нийтэд ил болгосон. Түүнчлэн Засгийн газар, Хууль зүй , дотоод хэргийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль хяналтын байгууллагууд дотооддоо Ажлын хэсэг байгуулж тус банкны үйл ажиллагаа зарцуулалтыг шалгаж, эхний удаад 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн билээ.

Ямартай ч бүхий л хууль хяналтын байгууллагын ажиллагаа ерөнхийдөө дуусаж "Хөгжлийн банк"-наас хууль бусаар их хэмжээний зээл авсан хувь хүн болон компаниудаар хохирлыг нь төлүүлэхээр болжээ. Хэдийгээр тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа ч үүнээс ч илүү тоо гарч болзошгүй гэнэ. Ямартай ч тус банкнаас хэн гэдэг эрх мэдэлтнүүд зээл авсан нь захаасаа ил болж эхэлсэн юм.

Б.ЭРДЭНЭБАТ ЯАЖ БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ АВАВ

"Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд "Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Тэрбээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг. Хамгийн гол нь, Б.Эрдэнэбат уг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө ч хийхгүй өнөөдрийг хүртэл луу унжсаар байсан байна. 

Хэрвээ ЦЕГ-аас томилсон Ажлын хэсгийнхэн тус банкны санхүүгийн зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүй байсан бол энэ асуудал ил болохгүй байсан нь тодорхой. Тэгэхээр ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр Б.Эрдэнэбатад "Хөгжлийн банк”-ны удирдлагууд энэ их зээлийг яагаад өгөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сарын 21 -ны өдөр АТГ, ЭЦГ -ын Ажлын хэсгээс томилсон мөрдөн байцаагч Д.Батболд "Эрэл” компанийн байранд зарим эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очиход Б.Эрдэнэбат эсэргүүцэл үзүүлж дээрх байцаагчийн биед халдсан байдаг.

Ингээд төрийн албан хаагч үүргийнхээ дагуу шалгалтын ажлыг хийж байхад биед нь халдсан хэмээн үзэж түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Ямартай ч АТГ, ЭЦГ-ынхан тус мөнгийг ямар шалтгааны улмаас барьцаагүйгээр зээлүүлэв гэдгийг шалгаж буй юм.

Уг нь, "Хөгжлийн банк"-ны удирдлагууд бүхий зээлийг ном журмынх нь дагуу өгсөн хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч энэ нь Ажлын хэсгийнхний шалгалтаар худал болох нь тогтоогдож буй бололтой. 

Өөрөөр хэлбэл, энэ мэтээр маш их зээл "Хөгжлийн банк"-наас гарч эргэн төлөгдөөгүй хэчнээн зээл байгааг Ажлын хэсгийнхэн эцэслэн тогтоосны дараа "Хөгжлийн банк''-ны захирал асан Ж. Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын гэм буруутай эсэх нь шийдэгдэх нь тодорхой юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!