С.Зоригийн мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэх төсөл өргөн барина

🕔 2017/01/27 13:13

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан "Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр /2017.01.27/ мэдээлэл хийлээ.

 

С.Зоригийн мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэх төсөл өргөн барина

 

Тэрбээр "2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн суурийг тавихад түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Иймд түүний амьдрал, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн түүхэн үнэнийг олон нийтэд таниулж, алдар гавьяаг мөнхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа. Засгийн газраас дэмжсэн саналаа өчигдөр ирүүлсэн учир удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.

 

Уг тогтоолын төсөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах комисс байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг Монгол Улсын Түүхийн музейд байршуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардал зэрэг асуудлуудыг тусгасан байна.

 

 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих "Ростех” улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дээрх асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажилласан байна.

 

Тэрбээр ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. "Ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд 10 орчим мянган хуудас материалтай танилцаж, шалгасан. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн. Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгалаа. Нийтдээ "Монголын зэс корпораци” нь "Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна.  Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк "Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна. Энэ зээлийг Монголбанкнаас авсан байна. Энэ бол хууль бус үйлдэл юм” хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцлов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!