С.Зоригийн хэрэг: Таван хавтаст хэрэг хулгайд алдагджээ

🕔 2016/12/26 13:19

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилж, түр завсарлаад буй. Шүүх хурлаар  нотлох баримтыг шинжилж хараахан дуусаагүй завсарласан талаар албаны эх сурвалж мэдээлээд байгаа юм. Өнөөдөр 10 цагаас эхлэх тус шүүх хурал нотлох баримтыг шинжилж, шүүмжлэх явуулах зэрэг үйл явц өрнөх юм байна. Энд дурдагдаж буй нотлох баримт, нотлох баримтыг шинжлэх, шүүмжлэл явуулах зэрэг ойлголтыг хуульд хэрхэн тайлбарласныг дэлгэрүүлэн хүргэе. 


Нотлох баримт гэж юу вэ?


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1 дэх хэсэгт "Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан байдаг.  Мөн тус хуулийн 79.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно гэж бий.

Үүний зэрэгцээ 79.3 дахь хэсэгт Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох баингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална гэж заасан. 


Нотлох баримтыг хэрхэн шинжлэх вэ?


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 261.1.Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална.


261.2.Яллах баримтыг нотлох үүргийг улсын яллагч, шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг нотлох үүргийг өмгөөлөгч, шүүгдэгч тус тус хүлээнэ.


 261.3. Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.

 

Шүүмжлэл явуулах ажиллагаа гэж юу вэ?


Энэ нь шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож, хэлэлцүүлэг явуулах ажиллагаа аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  280.1-т зааснаар Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй аж. Мөн шүүгдэгчийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй юм байна. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлүүлж, улмаар шүүх нотлох баримтыг хангалттай гэж үзвэл шүүгдэгчдийг яллах эсэх тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах ажээ.


Таван хавтаст хэрэг хулгайд алдагджээ


С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн шүүх хурал удаан үргэлжилж байгаа шалтгаан нь 18 жилийн туршид цуглуулсан нотлох баоимтууд хангалттай байгаатай холбоотой хэмээн тайлбарлах эх сурвалжууд олон байна. Тэгвэл энэ талаар учир мэдэх хүмүүс "Нотлох баримт хангалттай байгаа гэж итгэх хүн цөөн л болов уу. Хэвлэлд бичигдэж байснаар бол таван хавтаст хэрэг хулгайд алдагдсаныг олон удаа дурдсан. Эргүүлээд бүгдийг нь олсон гэхэд эргэлзээтэй" хэмээн ярих болов. Тавын таван хавтаст харэг алга болсон байхад хэргийг нотлох баримтад тулгуурлан шүүнэ гэдэг бэрх. Хэрхэхийг Монголын шүүх мэдэх биз ээ. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно. 

 

С.Баяр


Эх сурвалж: Criminal.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!