Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж яагаад Монгол Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ?

🕔 2016/09/21 09:05

 

Британи, Хойд Америкийн улсуудын шүүхийн танхимын орох хаалганы тотгон дээр, бүхний нүдэнд ил харагдахаар "Where the law ends,there tyranny begins” гэсэн бичвэр хадаастай байдаг.
 
Монголчилбол "Хаана хууль хэрэгжихээ болино тэнд эзэрхэг дарангуйлал амилна” гэсэн утгатай юм. Тэгэхээр дарангуйлал айсуйн шинж тэмдэг нь хуулиа баримтлахаа огоорч, хүчээр аливаа асуудлыг шийдэх хандлага тогтолцоонд бий болох явдал аж. Мэдээж хууль үгүй болбол хэн хүчтэй байна, түүний хүсэл зориг "хууль” болно. Тиран гэдэг бол нэг хүний хүсэл зориг "хууль” гэгдэж, түүнийгээ хүчээр нийгэмд тулган, дарангуйлан засаглах байдал.
 
Түүхийн туршлага болон онолын судалгаанаас, тиран ойртож буйн шинжийг томруулан үзэхэд Тиран болохыг хүссэн этгээд эхлээд өөрийг нь Тиран болгох замыг засах багийг бүрдүүлдэг. Бүрдүүлэхдээ ч газар газар янз бүрийн арга замаар явсан билээ. Манайд, өнгөрсөн зууны 30-аад оны эхээр ангийн тэмцэлд ашиглах нэрээр "Ногоон малгайтан”-уудын багийг бүрдүүлээд мөнөөх "ногоон малгайтан”-уудаа хууль хүчний байгууллагуудаар тараан байршуулсан. Хуульчдыг зайлуулан хууль, шүүхийн инстүүцийг "хувьсгалын эсэргүү гэмт хэрэг”-ийг илрүүлэх мөрдөгчид болон чекистүүдийн мэдэлд өгчээ.
 
Төд удалгүй хуульт ёсоо нэхсэн жинхэнэ хуульчдыг толгой дараалан устгасан, шүүхийн инстүүцийг зогсоож, "Онцгой комисс” гээчийг байгуулсан. Ингээд ”ногоон малгайтан”-уудаар вирүүсдсэн хууль, хүчний байгууллагууд гаарч, иргэдээ "Онцгой комисс”-ын шийдвэрээр зоргоороо барьж хориод залхаан тамлах аргаар хийгээгүй хэргийг нь хүлээлгэн ял оноодог болжээ. Хуулийн тухай ор тас мартсан. Хууль нэхэж зүрхлэх хүн үлдээгүй юм. Ингэж Чойбалсангийн дарангуйлал тогтсон доо.Хэлмэгдсэн хүмүүсийн хэнд нь ч хуулийн үндэслэл бүхий ял тулгасан нь үгүй. Өнөөдөр тэднийг цагаатгаж байна. Уг нь тэр үед ч Монгол Улс хуультай байсан. Хуулиа ягштал барьсан бол хэлмэгдүүлэлт ч болохгүй, тиран ч тогтож чадахгүй байлаа.
 
* * *
 
Хүний нэг том дутагдал нь аливааг муу талаас нь харж , хар санах бодолд автамтгай байдаг тухай Шекспир "Отелло” бүтээлээрээ яруу тод харуулсан. Нийгэмд ядуурал газар авч, хов живэнд баригдан живсэн үед хүмүүсийн хар санах нь бүр параной хэлбэртэй болдгийг нийтийн сэтгэл зүйг судлаачид тогтоосон байдаг. Энэ хийрхэлийг Тиран болохыг хүсэгч этгээд болон түүний гар хөл бологчид алдахгүй ашигласаар ирсэн түүхтэй.
 
Тэд хууль ёсыг бус цуу яриаг дэвэргэн тараах, уриа лоозон урьдаа барих зэргээр гэмт хэрэгтэй тэмцэж эхэлдэг. Эхэндээ,хүмүүсийн ихэнхи нь хууль ёсны дагуух үйл ажиллагаа замаасаа гажин зогсож, уриа лоозонгоор гул барьсан дур зорго эхэлснийг анзаардаггүй.
 
Үнэндээ хууль ёс гэдэг бол хууль дээр баттай зогссон үедээ жинхэнэ хууль ёс мөн. Харин хуулийн үндэслэлгүй уриа лоозон болсон үед тодорхой улс төрийн зорилгод чиглэсэн хүчирхийллийн хэрэгсэл болдгийг жирийн иргэд тэр болгон мэдэхгүй.
 
Улмаар хүчирхийлэл хавтгайрч эхлэх бөгөөд сая л хүмүүс юу болоод байгааг ухаарах авч нэгэнт айдас нөмөрсөн тул дуугарах зүрхтэй, тэнхээтэй хүн байхгүй болсон байдаг. Ийнхүү тиран лонхноосоо мултарсан бэрд аятай амилах бөлгөө.
 
* * *
 
Ингээд бодоход дээрхи, шүүхийн танхимын хаалганы тотгон дээрхи бичвэр үнэхээр гүн гүнзгий утгатай илэрхийлэл аж. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх шүүх хуралдааны танхимуудын хаалганы толгой дээр энэ бичвэрийг утга санааг нь маш сайн хөрвүүлэн орчуулж тавих нь тун цагаа олсон арга хэмжээ болно.
 
* * *
 
Манай ардчилал нэлээн муу ёрын замаар яваад байгаа. Ардчиллын маань үйл явц Демократаас Олигархи, Олигархиас Тиран гэсэн чиглэлээр хувьсан өөрчлөгдөх нь муу ёрын зам юм. Монголд засаглалын дүрс нь ардчиллаас олигархид шилжсэн гэдгийг хэн хүнгүй өнөөдөр гадарлана. Санал худалдагддагаас хойш тийм болсон.
 
Харин засаглалын шилжилт олигархиас тиран руу хөдөлж эхлээд байгааг маш цөөн хүн анзаарч байна. Тиран болох шуналтай тэр удирдагчийг маань их гүрний удирдагчдаас хэн нь адислаж зоригжуулах бол гэдэг нь л цаг хугацааны асуудал болсон байж магадгүй.
 
Уг нь гаднаас тулгалт, дэмжлэггүй бол Монголд хэн нэгэн монгол хүн дарангуйлал тогтоох боломжгүй. Дарангуйлал бол манайд "импортоор орж ирж байсан бараа”билээ. Mонголчууд нүүдлийн иргэншлээсээ болоод тэр үү, эс бөгөөс бусдын эрхэнд байснаасаа пологтож залхсан болоод тэр үү эрх чөлөөний үзэл ихэд шингэсэн ард түмэн. Хүмүүс нь ч бие биедээ мөчөөгөө өгөх угийн дургүй. Тэгээд эрх чөлөөний үзэл санаагаа гайхалтай ончтой илэрхийлсэн "Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовъё” хэмээх үндэсний араншинтай.
 
Ардчиллын он жилүүдэд, хэн нэгнийг юу ч гэж сайхан ярьсан үндэсний удирдагч болгон овойлгож товойлгохгүй байх яггүй дотуур тамиртай болохоо харуулсан. Тодорхой этгээдийн зүг улс төрийн эрх мэдэл монополь болон хурж эхлэхэд тийм байдлын эсрэг сонгуульдаж орхидог юм.
 
Тэгэхээр, тэр хэн нэгэн Монголын дарангуйлагч болох санаархал байвал гадны адислалыг л хүртэж дэмжлэг авсан байхаас өөр аргагүй . Энэ авсан дэмжлэгээрээ хүч түрэн дарангуйлал тогтоох боломжтой. Түүх ч үүнийг нотолдог.
 
* * *
 
Би яагаад хууль нэхээд байгаа юм бэ. Би өнөөдөр гаднаас адис хүртэн, дарангуйлагч болохоор гэтэж яваа өөдгүй этгээдийн шунахай зорилгод өртөж хэлмэгдчихгүйн тулд хуулийг нэхээд буй. Хууль л намайг хамгаална.
 
Ер нь бусад хүний тухай яригдсан үед ч би хуулийн байгууллагын ажилтнуудаас хуулийг нэхэж байдгийг хүмүүс мэднэ. Ардчилсан намын гишүүн ч бай, Ардын намын гишүүн ч бай хэнийг ч гэсэн мөрдөн шалгах тухай яриа гарахад, зөвхөн хуулийг ягштал баримтлах учиртай гэдгээ УИХ-ын танхимд ч, Ганц худагт ч, гудамжинд ч хэлж байсан. Бидний хэн нь ч байлаа, нэн ялангуяа улстөрчид ийм байр суурьтай байх ёстой. Учир юу гэвэл ингэснээрээ бид өөрийгөө хэлмэгдэхээс хамгаалаад зогсохгүй тиран тогтох аюулаас нийгмээ хамгаалах юм. "Хууль зогсоход дарангуйлагч амилдаг”гэдгийг хуульчдаас гадна бас улстөрчид байнга санах хэрэгтэй.
 
* * *
 
Би шалгуулах хүсэлтэй гэдгээ байцаагчдаа хэлээд байгаа. Гол нь хууль зөрчихгүй байхыг шаардаад байгаа юм.
 
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэн нэгнийг,тэр дотроо тухайлан намайг хаацайлах зорилгоор гаргаагүй юм шүү дээ. Харин ч гэмт хэргийг илрүүлэхэд зориулсан хууль. Тийм учраас хуулиа чандлан барихаас халгаад байх шаардлагагүй юм.
 
Би хувьдаа хуулийн дагуу байцаалтыг явуулбал мэдүүлэгээ өгмөөр байна, шалгуулмаар байна. Ядахдаа цагаан малгай гэхээс өөр ямар үндэслэлээр намайг бусадтай бүлэглэн, ямар улс төрийн зорилгоор нөхрийгөө хөнөөсөн гээд байгааг сонсмоор байгаа юм.
 
Гэтэл байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчиж явагдаад байдаг.Сэжигтнээр тооцсон хоёр тогтоолтой.2000 онд үйлдсэн, нийтэд ил яригдаж ирсэн, тэгтлээ хэзээ ч юм нууцаар зэрэглэчихсэн. Нөгөөх нь 2016 онд сая шинээр зүйлчилж журамласан гэх тогтоол.Тэр нь нууц биш.
 
Байцаагчаасаа аль нь хүчинтэй юм бэ гэхээр хоёулаа хүчинтэй гээд байв. Нэг хэрэгт сэжигтэнд тооцсон хоёр тогтоол үйлдэж байсан тохиолдол хуулийн практикт байгаагүй гээд хуульчид ихэд гайхаж байх юм.
 
Тэгтэл, хууль зөрчин байж тогтоол үйлдсэн шалтгаан нь арав гаруй хоногийн дараа өмгөөлөгч болон надад ойлгогдож эхэлсэн юм. Сүүлийн тогтоолыг давхардуулан үйлдсэн зорилго нь улс төрийн зорилгоор бусадтай бүлэглэн Зоригийг хөнөөсөн хэмээн яллагдагчаар татах явдал байжээ.
 
Сэжигтнээр тооцсоноос хойш нэг л удаа мэдүүлэг авсан шүү дээ. Мөрдөн байцаалтыг анхнаасаа буруутгах санаа зорилгоор явуулах нь хуулиар хамгийн хориотой зүйл билээ.
 
Ийнхүү илтэд хууль зөрчөөд байхаар нь мэдүүлэг өгөхөө зогсоосон. Энэ бол миний зүгээс хуулиа ягштал дагасан үйлдэл юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар миний мэдүүлэг өгөхгүй байх эрхийг баталгаажуулсан байдаг юм. Энэ бол мөрдөн байцаалтанд саад учруулж байгаа хэрэг биш, харин хууль бус үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалж буй явдал билээ.
 
Хангалттай нотлох үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татсан гэх атлаа долоо хоногийн дараа урьд нь авч байгаагүй харьцуулсан шинжилгээ хийх зорилгоор үс, цус, шүлс, хурууны хээ зэргийг авсан. Ийнхүү шинжилгээ авч байх агшинд намайг прокуророос хорихыг шахаж байгаа тухай өмгөөлөгч бид хоёрт дуулдсан. Шүүхийн шийдвэрийн тухай дурдах нь бүү хэл прокурор шахаад байгаа тухай л ярьцгаав. Энэ нь хавтаст хэрэгт холбоогүй мэдээлэл учраас би бичиж байна.
 
Мөрдөн байцаах үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих учиртай прокурор маань намайгаа хорихыг хууль бусаар шаардан шахаж байгааг дуулаад үнэхээр зэвүү хүрч байлаа. Би мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Дуудсан цагт нь байцаагч дээрээ очдог байсан.
 
Хорих гэж байгааг нь дуулаад хэвлэлийн бага хурал хийсэн. 2000 онд намайг ямар ч хуулийн үндэслэлгүй цагдан хорьж байсан юм аа.
 
* * *
 
Прокурорын зүгээс явуулж буй үйл ажиллагаа тун хачирхалтай байгаа. Нэг жишээ л гэхэд тухайн хэргийг мөрдөн шалгах явцад хяналт тавьж байгаа гэх прокурор Батжаргалын ярилцлага ёстой гайхашрал төрүүлж байна.
 
Сэжигтнээр татсан тогтоол Төрийн нууцын тухай хуульд хамаардаггүй. Гэтэл хамаатай мэтээр гөрдсөн байна.Үнэндээ сэжигтэн яллагдагчаар татсан тогтоол нууц байвал хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгааг яаж мэдэгдэх юм бэ. Маш нууц сэжигтэн, яллагдагч гэж байдаг хэрэг үү. Бас тэгээд хэрэгсэхгүй болгочихсон тогтоол юм бол нууцалдаг нь юу гэсэн үг вэ. Онигоо юм уу.
 
Мөн мөрдөн байцаагчаас, хяналтыг Батжаргал прокурор тавьж байгаа бөгөөд сэжигтнээр татсан өмнөх тогтоол хүчинтэй хэмээн надад болон өмгөөлөгч нарт маань хэлсэн юм. Гэтэл прокурор "…2000 онд сэжигтэн яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн..” гэж нийтэд мэдэгдээд байдаг. Хэн худлаа яриад байгаа юм бэ. Байцаагч уу,прокурор уу?
 
"… хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан”, "…мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан” гэх зэргээр бас л худлаа ярив. Яалаа гэж энэ вэ.
 
Харьцуулсан шинжилгээ гэдгийг 18 жилийн дараа яллагдагчаар татаж байгаад авдаг хэрэг үү. Үнэхээр сэжигтэй. Санаатай буруутгах зорилгоор яваад байна гэж хардахаас өөр аргагүй.
 
Тэгээд л хууль хаана байна, прокурор хаана байна гэхээр прокурор маань эргэж улам эргэлзээтэй мэдэгдэл хийгээд байдаг.
 
* * *
 
Прокурор яагаад прокурор шиг ажиллаж чадахгүй байна.Үүнд хоёр шалтгаан бий. Нэг бол дээрээсээ захиалгатай, үгүй бол ажлаа мэдэхгүй байна.
 
Батжаргал прокурор "…энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч… нөлөөлсөн зүйл байхгүй” хэмээснийг үнэн гэе. Хэрэв зээ тийм юм бол,тэр өөрөө, прокурор хүнд байх ёстой хуульчийн чадвар дутсанаас алдаа гарч байна гэж үзэх ёстой.
 
Мөрдөн байцаагч гэдэг бол хэргийн хөдөлшгүй нотлох баримтыг бүрдүүлэх үүрэг бүхий, хуулийн оролцогч тал нь. Шерлок Холмсууд гэсэн үг. Шерлок Холмс нотлох баримтынхаа хойноос хөөцөлддөг болохоос хуулийн тухай бодож суудаггүй. Харин прокурор бол Шерлок Холмсуудын нотлох баримт цуглуулах үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхийг хянадаг этгээд. Мөрдөн байцаагчийг тэгэж цагдахгүй бол хүнийг залхааж аргагүйдүүлж байгаад нотолгоо бүрдүүлж болзошгүй шүү дээ.
 
Хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянана гэдгийг хэлэхэд амархан боловч хууль, эрх зүйн гүнзгий мэдлэг шаардсан ажил.
 
Угаасаа хууль гэдэг бол хөдөлшгүй нотлох баримтууд дээр тулгуурлан үнэнийг олж, шудрага ёсыг тогтоох үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон "тоглоомын дүрэм”юм. "Тоглоомын дүрэм” бага зэрэг гажихад л хүн хилсдэх юмуу эсхүл хэрэг завшигдах аюултай. Ийм л торгон ирмэг дээр байцаан шийтгэх үйл ажиллагааг явуулах үүрэг прокурорт ноогддог учраас түүнээс хуулийн өндөр мэдлэг ур чадварыг шаарддаг.
 
Тийм учраас хууль зүйт улсад прокурор, шүүгч нарын ажлыг Шерлок Холмсуудад шилжүүлдэггүй.Прокурор мөрдөн байцаагчаа цагддаг болохоос мөрдөн байцаагч нь прокуророо хөтлөх яавч ёсгүй.Хуулийн мэдлэггүй прокурор л байцаагчийн үгээр явна.
 
Манайд цагдаа, АТГ,тагнуулийн мөрдөн байцаагч нарыг прокурорын удирдлагад тавьсныг гадны хуульчид сонсоод маш их гайхдаг. Хуулийн шинжлэх ухааны номоор бол, тарилгын эмчээр мэс заслын эмч хийлгэсэнтэй адилхан аюултай хэрэг ажээ.
 
* * *
 
 
Энхамгалан, Хурц нарын багийхан АТГ, цагдаа, тагнуулаар нэг тархан байршаад байснаа прокурорыг эзэлж шүүхийг "бүслээд "байна. Яг л Турк улсад Эрдоганы хийж байгаа шүүгч прокуроруудыг ажлаас нь зайлуулж цагдаа, тагнуулын ажилтнуудаар сольж байгаатай төстэй явдал. Ингэх нь буруу гэдгийг манай хуульчид маш сайн мэддэг юм билээ. Гэвч тэд үг хэлж чадахаа байтлаа айцгаачихсан бололтой.
 
Харин яагаад ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдорж болон УИХ , Монголын хуулийн тогтолцоо Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ. Элбэгдорж Харвардад сурч байхдаа Виллиам Питтийн алдарт үгийг цээжилсэн л байж таараа. Америкийн ардчиллын сургалт энэ үгнээс эхэлдэг биз. Мөн Америкт, мөрдөгчөөр прокурорын ажил хийлгэдэггүй гэдгийг харсан байлгүй. Харин Нямдорж гишүүн улстөрч болохоосоо өмнө прокурор байсан хүн. Мөрдөгч, прокурорын ялгааг маш сайн мэднэ. Хэн хэн нь айж байна гэвэл халдашгүй эрхтэй учраас юу л бол.
 
Ямар ч байсан миний зүгээс, намайг мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй. Би хуулиа нэхнэ. Би ийм эрхтэй.
 
Хуулиа нэхээд зогсохгүй бас хууль завхруулагчидтай хариуцлага ярина. Хуулийг зогсоож, ардчиллыг булшлан Тиран тогтоохыг хүсэгчидтэй би тэмцэх болно.
 
Э.Бат-Үүл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!