Хүүхдийнхээ чихийг хэдэн настайд нь цоолох ёстой вэ?

🕔 2016/11/30 11:47

Хүүхдийнхээ чихийг хэдэн настайд нь цоолох ёстой вэ?

 

Охид бүр ганган дэгжин байхыг хүсдэг. Харин ийм болгож чадах зүйл нь хувцас, ээмэг, гоёл чимэглэл. Тиймдээ ч охиныхоо чихийг эрт цоолж, гоё ганган ээмэг зүүлгэх хүсэлтэй ээжүүд цөөнгүй бий. Гэхдээ хэдэн настайд нь цоолуулбал эрүүл мэндэд нь тустай вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Эртний монголчууд бүсгүй хүүхдээ нас бие гүйцэж, хүнтэй сүй тавиад, хүний хүн болохын цагт эр нөхөрт очихоос нь нэг хоногийн урд шөнө чихийг нь цоолдог байжээ. Чихийг цоолсноор тэр нь нэгдүгээрт; тухайн бүсгүй маань хүний хүн болсны нэгэн том баталгаа болдог байв. Хоёрдугаарт; чихээ цоолуулсан бүсгүй ариун биш, онгон биш гэдгийг илэрхийлдэг байсан байна. Гуравдугаарт, бүсгүй хүний чихийг цоолсноор бэлгийн сэрэл, дур хүслийг нь өдөөж өгдөг гэж үздэг байж.

Ийм учраас монголчууд "Хүний хүн болоогүй хүүхдийн чих нь битүү явдаг” гэж хэлж илэрхийлдэг байсан байна. Харин чихээ цоолуулаагүй бүсгүй хүнийг сүй тавьж, хадаг барьж, гуйн золгодог Монголын хатуу дэг жаяг байжээ.

Тэгвэл анагаах ухааны талаас авч үзвэл хүүхдийн чихийг хэдэн настайд нь цоолох ёстой гэсэн ерөнхий онол байдаггүй аж. Улс үндэстэн бүрт өөр байдгаас Япон болон Төв Азийн улс орнууд хүүхдийн чихийг 7-8 настайд нь цоолохыг илүүд үздэг байна.

Америкийн Эрүүл Мэндийн Яамнаас эцэг эхчүүдийг хүүхдийнхээ чихийг цоолохоос өмнө хүүхдээ чихээ өөрөө цэвэрлэж чадах нас хүртэл нь хүлээхийг зөвлөсөн байна. Харин хүүхдийнхээ чихийг багад нь цоолохоор шийдсэн эцэг эхчүүд хүүхдийнхээ чихийг цоолсны дараа өдөрт гурван удаа цэвэрлэж байхыг сануулжээ. Учир нь Америкийн хүүхдийн эмч нарын холбоо хүүхэд дөрвөн сар хүрсэн бол чих цоолоход аюулгүй гэж үздэг бөгөөд учир мэдэхгүй хүүхдүүд цоолуулсан чихээ оролдож, идээлүүлж, үрэвсүүлэхгүй байх талтай гэж үздэг байна.

Харин Их Британийн 30-аад мянган иргэн хууль тогтоогчдоос хүүхдийн чих цоолох зан үйлийг албан ёсоор хориглохыг хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан байна. Тэд чих цоолох нь "Хүүхдийн Хүчирхийлэл”-ийн нэг хэлбэр гэж үзсэн аж.

Тэгвэл "ЭМЖЖ” эмнэлгийн зөвлөх эмч, МУ-ын хүний гавъяат эмч Б.Эрдэнэчулуун хэлэхдээ "Монголчууд хүүхдийнхээ чихийг ихэвчлэн 5-6 настайд нь цоолдог. Энэ бол хамгийн тохирсон нас. Хамгийн гол нь хэзээ цоолуулахдаа гол нь бус харин ариун цэврийг сайтар хянах явдал юм” гэсэн юм.

Тиймээс юуны өмнө хүүхдийн чихийг цоолуулах гэж байгаа бол вакцинуудаа бүгдийг хийлгэсэн байх шаардлагатай гэнэ. Чихээ цоолох томчуудын хувьд санаа зовоод байх том асуудал биш боловч бага насны хүүхдийн хувьд томоохон эрсдэлтэй. Үрэвсэл үүсч, идээлсэн нөхцөлд вакцинуудаа бүгдийг цагт нь хийлгэсэн хүүхдийн хувьд өөр өвчин даамжирч тусахаас айлтгүй юм. Түүнээс гадна хэдийгээр хүүхдүүд унжсан урт эсвэл том ээмэгт дуртай байдаг ч эхний ээмгийг жижгэвтэр хатгаж тогтоодгийг сонгосон нь дээр. Мөн аль болох төмрөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хүүхэд өөрөө болон найзууд, дүү, нас ойролцоо ах эгч нар нь татаж гэмтээх, ямар нэг зүйлд орооцолдож чихийг нь гэмтээх магадлал ихтэй байдаг. Бас чихний омгийг болон ээмгийг ариутгалын уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж, ээмгийг чихнээс нь салгаж байх нь хурдан эдгэрэхэд тустай байна.

http://unuudur.mn/article/82505

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!