Буруу бүхэн бусдын буруу
-АН-ынхан одоо ч гомдол нь тайлагдахгүй байгаа өнгөрсөн удаагийн сонгуульд ялагдах дүр зургаа аль 2012 онд бичээд эхэлчихсэн хэрэг-
Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Олны анхаарлыг татаж байсан энэхүү их хурлаас яг үнэндээ юу ч шийдэгдсэнгүй гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. Ёстой хүүхдийн дууны "Буруу буруу буруу бүхэн бусдын буруу” гэдэг дахилтыг л давтсаар байгаад өндөрлүүллээ.
Бүр эхнээсээ л АН-ын дарга З.Энхболд Их хурлын индрээс намынхаа асуудлыг бус Ардын намынхны ажлыг гоочилж байх жишээний. Тэрбээр АН-ын ялагдлын буруутан Ардын нам болоод хөвөгч сонгогчид. Ардчилсан намыг хагаралдуулах бүхий л оролдлогыг аль нэг нам хийсэн хэмээн торж, түгдрэхгүйгээр ярина билээ.
Түүний араас тус намын лидерүүд төдийгүй өнгөнд тэргүүлж явдаг төлөөлөгчид ч нам нь чухам юунаас болж өнгөрсөн удаагийн сонгуулиар ялагдал хүлээснийг ярихгүй өрөөлд буруугаа чихсээр байсан.
Тодруулбал, Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам "Би ийм ардчиллын төлөө яваагүй. Ардчилсан намаас гарлаа” хэмээн мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Ардчилсан намд өгсөн Монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн.
2012 онд манай намыг олонх болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстойг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан.
Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртэлх тэр хонгилыг хэлж байгаа юм.
Үгэнд нь орохгүй бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж Ардын намтай хамтарч хийж байна. Би та нарт үнэнээ хэлчихье. Бид "Хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачаалыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй.
Та бүхэн ч яваагүй. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан... Манай намд улс орныг удирдаад аваад явах бүх хүч ид шид, чадал байна. Хамгийн гол нь зарим гишүүн ямар нэгэн бүлэглэлд барьцаалагдаад байна. Зарим нь бол гэнэтхэн санаандгүй хийчихээд байгаа юм шиг байна.
Ер нь бид нэг юмыг л ойлгох хэрэгтэй. Бид юунаас болоод ялагдав. Юунаас болоод бид нарыг ялагдуулав. Дахиад нэг зүйл хэлье. Ч.Сайханбилэг уучилна биз. Би Ч.Сайханбилэгийг ч шүүмжилдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны маргааш нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдчихаад Тагнуулын даргыг сольж тавьсан.
Мөн Цагдаагийн газрын даргыг сольсон. ЗГХЭ дээр дахиад өөр хүн томилсон. Энд нэг сонин зүйл нь Алтанхуяг Сайханбилэг гэдэг хоёр хүн солигдоход энэ байгууллагуудын дарга нар солигдсон. Харин Ардчилсан намаас Ардын нам Засаг авсан боловч дээрх хүмүүс солигдохгүй байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ...” гэх зэргээр хэлж байсан.
Дээрх үгсээс харахад АН-ынхан энэ удаагийн VI Их хурлаараа 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь чухам юуны учир ялагдав гэдэгт дүгнэлт хийх чадамжгүй байсан гэхэд ч хилсдэхгүй. Угаасаа ялагдлын гол шалтгаанаа тодорхойлсон судалгаа, шинжилгээ огт байгаагүй юм чинь юугаа барьж, нотолгоотой ярих вэ дээ.
Зүгээр л "номхон тэмээг ноолоход амар” гэгчээр дотоод асуудал, албан тушаалын мөчөөрхлөө бусдад харуулахгүйн тулд хэн нэгнээс бурууг хайж зарим нь бусдад нялзаасаар өнгөрлөө.
Угтаа бол АН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад өнөөдөр буруутгаад байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө их байсан гэдгийг тухайн үед МАН-ынхан мөн ч их хэлсэн. Хэн ч тоогоогүй. Тоохыг ч хүсээгүй. Учир нь хамгийн том өрсөлдөгч, улс төрийн хүчин нь хоёр хуваагдаж, МАН болон МАХН гэх нэрийг зүүсэн.
Гэвч Монгол Улсын дээд шүүх Н.Энхбаярт МАХН гэх нэрийг "өмчлүүлж” өгөхгүй байсан нь цаад утгаараа бол АН-ынхныг багагүй чичрүүлж л байсан. Дээд шүүхээс МАХН-ыг Н.Энхбаярт өгснөөр ёстой л аз таарсан гэх үү, ардчилсан Ерөнхийлөгчтэй байснаас үүдсэн үү, АН-ынхан тэр сонгуульд ялалт байгуулах зулын гал бадамлаж эхэлсэн.
Үндсэндээ "улаан” намд итгэж явсан сонгогчдын санал хоёр хуваагдсан гэсэн үг. Ингэж 2012 онд АН-ынхан парламентад олонх болоогүй ч олуулаа болж, тангараг өргөсөн. Намын дарга Н.Алтанхуягт Засгийн газраа ч даатгасан.
Энэ л үеэс одоо ч гомдол нь тайлагдахгүй байгаа өнгөрсөн удаагийн сонгуульд ялагдах дүр зургаа аль 2012 онд бичээд эхэлчихсэн хэрэг. Муулаад байдаг МАН нь тэдэнд төрийн эрх хүлээлгэж өгөхөд манай улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар байсан. Тэр эрчээрээ явсан дүнгээр тооцвол оны төгсгөлд дөрвөн тэрбум ам.долларт хүрэх байсан.
Харамсалтай нь сонгуулийн дараа олон алдаатай бодлого явуулсны уршгаар валютын нөөц эрс буурсан гэдгийг олон удаа хэлж байсан.
Энэ нь Н.Алтанхуягт боломж байсан гэдгийг л хэлээд өгчихөж буй хэрэг. Дээр дурдсан тэрхүү алдаатай олон бодлого нь ердөө тухайн үеийн эрх барьж байсан улстөрчдөөс л үүдэлтэй. АН-ын олон бүлгийн гишүүд албан тушаалын суудал авахаар санаархаж байхад нь АН-ыг түшсэн жижиг нам, эвслүүдийн амыг хамхихын тулд бас албан тушаал амлаж, эцэст нь эдийн засаг элгээрээ хэвтэх хэмжээнд хүргэж орхисон.
Үүнд хамгийн ихээр гар бие оролцсон хүмүүс нь анхалж засгийн эрхийг атгасан Н.Алтанхуяг даргын хүрээнийхэн ч гэгддэг. Харамсалтай нь Н.Алтанхуяг дарга нам байтугай "Алтангадас”-ынхнаа ч барьж чадахгүй байсаар засгаа ч унагаж, эцэст нь өөрийгөө ч дотроос нь "нураасан” гэхэд болно. Одоо ч яг энэ зарчмаар буюу АН алдаагаа засах бус бусдад буруугаа чихэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин