Бялдуучид нь шил, амиа хичээгсэд нь хил, лидерүүд нь фракци давсан АН

🕔 2016/10/27 10:31

Ардчилсан намын нэр хүндийн уналт зарим талаар хэн нь хэн байсныг нийгэмд ил тод болгож өгч байх шиг байна.  УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, олон арван мянган гишүүд нь намын харьяалал нэрийн дор ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлсэн тэр өдрүүдэд   амин хувиа хичээгсэд нь ном сурах, биеэ эмчлүүлэх нэрийдлээр харийн нутаг руу зорьцгоосон нь нууц биш.  

 

Бялдуучид нь шил, амиа хичээгсэд нь хил, лидерүүд нь фракци давсан АН

 

 

Зарим  нь  өглөө  виз мэдүүлээд үүр шөнийн заагаар  хилийн дээс алхсан нь ч бий. Дөрөвхөн жилийн өмнө тэд Ардчилсан намын цэнхэр тугийн намираан дор мандан бадарч, төрийн өндөр дээд албан тушаалд заларч байсан санагдана.

 

Харин эдүгээ  сүүлээ хавчуулсан чоно шиг шил даван одоцгоосон. Гэхдээ нам хүнээр, гишүүнээр дутдаггүй  аж. Чамтай чамгүй үүр цайна гэдэг шиг. Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуульд халзан нөхөр намаа аваад орсон. Үнэндээ түүнээс өөр хүн ч байгаагүй. Бууриа сахиж үлдсэн хэд нь нуруугаа авахуулсан морьд шиг зуларч гүйлдээд л.  Харин тэр чадсан.


 
Үнэмлэхүй эрх мэдэл бүхий намтай тулж, нийслэлийн гурван дүүрэг, 150 гаруй суманд ялалт байгуулсан нь  том амжилт, өнөөгийн нөхцөл байдалд.  Түүний халаасанд  эрх мэдэл, тараах мөнгөний аль аль нь байгаагүй. Албан тушаал нь хүртэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат  өмнө нь ч ялагдал хүлээж, гудамжаар нэг тарсан гишүүд бүхий намын генсекээр дөрвөн жил ажиллахдаа намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн ямар байдлаар ажиллах  ёстойг харуулж, стандарт хэм хэмжээг нь тогтоож чадсан төдийгүй 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж байлаа.


 
Харин эдүгээ АН нам биш болж байх шиг байна. Сонгуульд ялагдсаныхаа дараахан шинэчлэгдэх тухай яриад таг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам хойргошиж, хэдхэн хүний асуудал болж байх шиг байна.   Бидэнд чадахгүй бол  нэрийг нь  өөрчлөөд ч болов хуулах хичээл  бэлхэнээ хажууд буй.   МАН 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хоёрдугаарт тавьж байгаад л намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаа сольж байлаа. Орон нутгийн сонгуулийн дүн муугаар эргэхэд ч ялгаагүй хэдэн өдөр  хуралдаж, наана цаанаа  гарч байгаад л дарга нараа сольсон. Ардчилагчдад харин ийм зүрх зориг алга.  
 


Байсхийгээд л ҮЗХ-ны хуралдааны тов зарлагддаг ч  тэр нь хуралдаж байсангүй. Тэгээд ч  Ардчилсан намд "Шонхор”, "МҮДН”, "Нэг Ардчилал”, "Алтангадас” зэрэг олон фракци бий. Өнгөрсөн дөрвөн жилд  "Шонхор”-ынхон  даам гарч, албан тушаалын томилгоонуудын өнгөтэй өөдтэйг нь хамж байсан ч  УИХ-ын сонгуульд  намаа тавьж туусан. 


 
Тиймээс МҮДН тэрүүхэн хүрээндээ тэднийг буулгаж аваад байгаа. Гэвч  З.Энхболдыг барж идэж чадахгүй байгаа нь үнэн. Орон нутгийн сонгууль өндөрлөмөгц  мань эр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллая хэмээгээд үүнийхээ шан болгож, МҮДН цаашлаад Д.Эрдэнэбатыг намын даргад өрсөлдөхөд нь хүч хавсаръя гэх тохироог хийсэн ч байж мэднэ. Гэхдээ тэр байр суурьгүй нэгэн эцсийн мөчид хаашаа ч хувирч магадгүй нөхөр. Нөгөөтэйгүүр, "Шонхор”-ынхон С.Эрдэнээ хэрхэн аргалах тодорхойгүй. "Би намын дарга болно оо” гээд зүтгэчихвэл  буулгаж авахад хэцүү дээ хэцүү. Тэдний  нөгөө талд "Нэг Ардчилал” буюу Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын залуус "Бид намын удирдлагаа гартаа авч, намаа шинэчилнэ” хэмээн ил цагаан байр сууриа илэрхийлэх болсон.  Тэднийг  Ц.Элбэгдорж,  Э.Бат-Үүл хоёр дасгалжуулж байгаа гэх яриа бий. 


 
Хэн хэнд нь тэднийг өдөөх сонирхол буй. Э.Бат-Үүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхол байгаа бол тэр үед Ерөнхийлөгчийн сэнтийгээ тавьж өгөх  Ц.Элбэгдоржид дахин  намын дарга болох мөрөөдөл буй. "МҮДН” болон "Нэг Ардчилал”-ынхан ийнхүү хоорондоо нааш цааш болж  байх зуур  Ардчилсан намд нэгэн цаг үед хүчтэй явсан "Алтангадас”-ынхан ч зүгээр суухгүй биз. Аягүй бол Я.Санжмятавыгаа зүтгүүлж мэднэ. Тус фракцийн лидерүүд болох Л.Болд, С.Баярцогт, Р.Гончигдорж нар МоАХ руу "урваж”, С.Баярцогт нь АНУ-д докторын зэрэг хамгаалах нэрээр мөрөө хөөж одсон.


 
Иймээс  Ардчилсан нам үлдэж буй хугацаанд маш болгоомжтой хөдлөх ёстой. Тэгж чадахгүй урьдын адил дотроо "алалцаад” байх аваас энэ нам улс төрийн тавцангаас МАХН-ын нэгэн адил сураггүй болтлоо арчигдахад хүрнэ. АН-ын их хурал болоход тун бага хугацаа үлдээд байгаа. Дээр нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.

 

Ч.Чулуунцэцэг

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!