Ц.Мөнхсайхан: Хутга залгиад хоолойгоо гэмтээсэн

🕔 2016/11/28 10:44

 

"Монгол” телевизээс зохион байгуулж буй "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг 32-т үлдэж байсан оролцогч Ц.Мөнхсайхантай цөөн хором ярилцлаа.

 

-Шилдэг 32-т үлдсэн ч шигшээ наймд шалгарсангүй. Харамсалтай байна уу?

 

 -Ард түмэн сонголтоо хийсэн. Тийм болохоор харамсах юм алга. Ямартай ч би энэ шоунд оролцсоноор өөрийгөө таниулж чадсан. Мөн манай монголчууд зохион байгуулалт сайтай дэлхийн хэмжээний шоу хийж чаддаг болжээ гэдгийг ойлгосон.  

 

-Тайзан дээр шил залгихад чинь олон хүн гайхширсан.

 

-Би 2011 оноос энэ төрлөөр хичээллэж эхэлсэн. Шилийг сайн зажилж техникийн дагуу идсэн учраас бие физиологит сөрөг нөлөө үзүүлээгүй гэдгийг хэлмээр байна.

 

-Сүүлийн үзүүлбэр ч мөн хүнд харагдсан шүү?

 

-Шилдэг 32-т их хүнд үзүүлбэр үзүүлсэн. Монголчууд маань ихэд айж, эмээсэн байх гэж бодож байна.  Хэдий шигшээд үлдэж чадаагүй ч өөрийн сурсан мэдсэнээ бүгдийг үзүүлсэн.

 

-Яагаад энэ хүнд төрлөөр хичээллэх болсон бэ?

 

-Намайг анх сурж байхад 2-3 хүн хийдэг байсан. Тэр бүгдийг хараад л хичээллэхээр сэтгэл шулуудсан. Учир нь эр зориг, хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр. Энэ бүгдийг цогцоор нь харуулж чаддаг. Хүн биеэ дайчилбал аль хэмжээнд хүрэх вэ гэдгийг л харуулсан спорт учраас хичээллэж эхэлсэн дээ.

 

-Гэмтэж байсан уу?

 

-Гэмтэж бэртэх бол байх л асуудал. Хамгийн анх хутга залгиж сурж байхдаа хоолойгоо гэмтээж байлаа. Мөн шил залгихдаа гэмтэж байсан. Тэр бүгдийг даван туулсаар одоо ингээд эрүүл саруул явж байна. Гэхдээ болино гэж огт бодож байгаагүй. Монголд энэ төрлөөр хичээллэдэг, үзүүлбэр бэлтгэдэг надаас өөр нэг байвал байгаа. Байхгүй бол би л байна.

 

-Цаашид ч энэ төрлөөр хичээллэх үү?

 

-Хичээллэнэ. Бодсон юм ч бий. Арванхоёрдугаар сарын 31-нд Чингисийн талбай дээр "аймар” зүйл үзүүлнэ.

 

-"Аймар” гэдгийг тодруулж болох уу?

 

-Эргээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ ээ. Ямартай ч он гарахаас өмнө 10.00 цагийн орчимд үзүүлнэ гэдгийг хэлье.

 

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

 

-Би тогооч мэргэжилтэй. Одоо хувиараа юм хийж байна.

 

-Саяхан кинонд дүр бүтээгээд амжжээ?

 

-Тийм ээ. "Рэкет” уран сайхны кинонд казиногийн хамгаалагчийн дүр бүтээсэн. Өмнө нь  "Одод болох хүслэн”, "Хожлын нүүдэл” кинонд тоглож байсан. Найз нөхдийнхөө урилгаар нь зарим хэсэгт нь тоглодог хэрэг.

 

-Дахиад кинонд тоглох уу?

-Их сонирхолтой санагдаад байгаа. Тоглоно доо. Кино бүтээнэ гэдэг маш том уран бүтээл юм билээ. Цаг наргүй, хэцүү санагдсан. Би туслах дүрд тоглосон ч гэсэн тэр бүгдийг мэдэрсэн.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!