Банк бус санхүүгийн байгууллагын тоо 139-өөс 509 болж нэмэгджээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн мэдээллийг сонслоо.
Тус хорооны дарга С.Даваасүрэн энэхүү мэдээлэлдээ, "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тодорхой зүйл заалтууд орсон. Үүнд 2016-2020 онд хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээг 10 хувь, 2021-2025 онд 12 хувь, 2026-2030 онд 16 хувь хүргэнэ гэж заасан. СЗХ-ноос гаргасан стратеги төлөвлөгөөгөөр бол 2017-2020 оны хооронд хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээг 15 хувьд хүргэнэ. Өөрөөр хэлбэл 2030 хүрэх хувь хэмжээнд хүргэх амбицитай гэмээр зорилтыг тавьж стратегийг боловсруулсан" гэлээ.
Түүнчлэн тэрбээр хөрөнгийн зах зээлийг алсын харааг олон улсын чиглэл рүү хөгжүүлэх, үүний хүрээнд 8 чиглэлд анхаарна. Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Иймд цаашид олон улсын жишгийн дагуу шинэ бүтээгдэхүүн гаргаж ажиллана гэдгээ хэллээ.
Тус мэдээлэлд дурдагдсанаар бол, энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай нийт этгээдийн тоог 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 76 хувиар өссөн байна. 2013 онд 813 байсан бол 1433 болж нэмэгдсэн бөгөөд үнэт цаасны салбарт 521, даатгалын зах зээлд 127 этгээд үйл ажиллагаа явуулж буй.
2006 онд 139 ББСБ ажиллаж байсан бол одоо 509 болж тооны хувьд эрс өссөн байна. Зээлийн багцын чанарын үзүүлэлтийн хувьд авч үзвэл нийт банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувь байгаа бол ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ 12.5 хувьд хүрчээ. Үүн дээр хугацаа хэтэрсэн зээлийг нэмвэл 20 хувь руу дөхөж байгаа юм. ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ цаашид үргэлжлэн өсвөл эрсдэл даах чадвар улам муудах төлөвтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээл өдрөөс өдөрт чанаргүй зээлийн ангилал руу орох болжээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ББСБ-ын дүрмийн санг 800 сая төгрөгөөс 2,5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлснийг буруутгаж байв. Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дээрх мэдээллээс зөвхөн "2.5 тэрбум" асуудлыг гогдож авч ярих нь өрөөсгөл. УИХ-аас тус хорооны удирдлагыг сонгосон. Одоо ажиллуулах хэрэгтэй. ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлсэн асуудалд УИХ-ын гишүүд л урвал үзүүлж байна. Үүнд урвал үзүүлээд байгаа өөр хүн нийгэмд алга гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд дүрмийн сангийн нэмэгдлийн асуудлыг эргэн харж, зөв бурууг нь одоо дэнсэлвэл нийгэмд үзүүлэх сөрөг болоод эерэг нөлөөг эрт тодорхойлох боломжтой байх юм хэмээлээ.
Б.Туул