Эв түнжингүй Монголчууд буюу “адгийн” хятадууд

🕔 2016/10/25 12:31

Эв түнжингүй Монголчууд буюу “адгийн” хятадууд

 

Хилийн гадаах монголчуудынхаа дунд амьдраад овоо хугацааг үзлээ. Ажаад байхад нэг ч сайн нэртэй хүн алга. Бүр нэг ч шүү.
 
Элдвээр хэлүүлж, үлгэр зохиолын зохиомол баатар болж яваа энэ хугацаандаа эргэцүүлэн бодохуйд энэ бүхэн муу нэртэй хүмүүст биш муулж, гоочилж явдаг монгол хүний л араншинд байгааг олж харав. Хүнээс үргэлж мууг нь олж харж, муулах юм олдохгүй бол дүр зохиож оноодог гайхалтай мэргэшсэн зохиолч нараар дүүрчээ.
 
Хамгийн уршигтай агаад өрөвдөлтэй нь юу вэ гэвэл хэн нэгний амаар амьдардаг, хүний амандаа зажилж зажилж гаргаж өгсөн нялцгайгаар хооллодог өөрийн амгүй, тархигүй, бодолгүй улбаалан давалгаалагчид энд дүүрэн байнам.
 
"Тэр минь хөөрхий, энэ маань уг нь тийм л хүн юм байгаа юм. Монгол хүн байна даа, тусалчихъя” гэж өөрийг нь гомдоосон тэнэгийг хүртэл хөөрхийлж уучилж чаддаг гуравхан хүнтэй л таарсан. Ердөө л гурав шүү. Цөөхөн учраас би тоолчихож байгаа юм. Хэн нэгэнд туслахсан, хэцүү дутууг нь нөхөхсөн, хань дэм болохсон гээд гүйж явдаг тэр хэдийг маань ч муучилж гоочлох энүүхэнд аж.
 
Бидний гол алдаа хаана байна вэ?
 
Бид үргэлж л хөгжлийн тухай ярьж, гадны аль ч үндэстнээс том гэж өөрсдийгөө хөөргөдөх дуртай. Гэхдээ тэр том мундаг монголчууд маань эр хүний хийморь лундаа, засаа, залаа, эм хүний хормой хот, бөгс, хөхөвч ярьсаар энүүхэн зуураа хөл толгойгоо тойрч шуугисаар л… Бүх салбар, бүх үйл ажиллагаа, бүр хүүхдүүдийн маань сургууль цэцэрлэгүүдэд хүртэл хэрүүл маргаан хов живний үүр уурхай үргэлж оволзож байдгийг бид мэдсээр хэрнээ үл хэрэгсэнэ, үл анзаарна. Уг нь дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрөхийн л нэр гэдэг. Яг эндээс л нийт монголчуудын хөгжлийн чанар тодорхойлогдоно.
 
Яагаад гэж үү? Бүхий л үйл ажиллагааны ул суурь нь харилцаа хандлагаас эхлэдэг хуультай. Харин бидний гол алдаа яг энд л бий. Харилцаа сул, хандлага хүйтэн, үл ойлголцол бугласан газраас юу төрнө гэж? Үхширмэл хөшингө, үл тоомсорлосон бардамнал, өширхөл, эсэргүүцэл, үл ойлголцол, гомдлууд, гадуурхлууд.
 
Хүний хөгжлийн хамгийн эхлэл шатнаас буюу бага насны юу ч ойлгохгүй нялх хүүхдээс л бид дайсагнал, хайр хоёрын аль нь зөв болохыг, аль нь бидний амьдралын утга учир мөн бэ гэдгийг мэдчихэж болно. Дөнгөж сонсож, хараа нь тогтож байгаа нялх хүүхэд рүү хашгирч уурлаж харааж эхлэвэл тэр хэрхэн хүлээж авах бол? Мэдээж айна. Цочино. Уйлна. Тэд байгалийн зөнгөөрөө дайсагналыг мэдэрнэ. Ядаж л онцгүй явдал мөртэй хүн нялх нярайтай айлаар ороод гарахад хүүхэд уйлж хөлсөж, өвчин ороож эхлэдгийг бид мэднэ шүү дээ.
 
Учир мэдэх нь байтугай эх эцгээ бүрэн таниагүй тэр жаахан хүүхэд хүртэл хайр, дайсагнал хоёрыг ялгадаг байхад томчуул бид үл тоомсорлон, үл анзааран, үл суралцан амьдарсаар л, явсаар л, хэрэлдсээр л, уралцсаар л…
 
Хаа ч очсон монголчууд л хоорондоо шөргөөлцөж, биесээ муучилж, гадуурхаж, хорлож, хэрэлдэж, тэмцэлдсэн байдалтай л байх юм. Бусад улс орны иргэд яадгийг хэрэгт дурлан сонирхож үзлээ л дээ.
 
Гадны орнуудад амьдардаг нөгөө бидний ад үздэг хятад хүмүүс л гэхэд харин бүр нягт сүлжээ холбоотой байх бөгөөд бусдыгаа дэмжихийн тулд улс дотор улс байгуулан амьдралаа босгохын төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Тэд хэзээ ч хятад хүнийг гадны хүнд муугаар хэлдэггүй.
 
Бас хэн нэг хятадыг гадны хүн дээрэлхэж харагдвал гартаа таарснаа зэвсэг болгож бариад л бүгд босдог. Тэд наймааныхаа нууцыг хаа ч задлахгүйг хичээх бөгөөд дэлхийн зах зээлийг эзэгнэх гэсэн төрийнхөө бодлогыг жорлон цэвэрлэдэг хятад хүн ч хүртэл ягштал мөрддөг. Тэдний туйлын зорилго нь Хятад улс дэлхийн мөнгийг хураах.
 
Харин нөгөө арабууд гээд байдаг олон террорист төрүүлсэн нөхөд бол хоорондоо бүр амин холбоотой. Нэгнээ ямар ч гэмт хэрэгтэн байсан илчилж хэлдэггүй, харахад аль ч улсын хууль дүрмийг дагаад амьдраад байгаа хэрнээ сэтгэхүйн доторх нэгдмэл хуулиа хэзээ ч огооролгүй, бие биенээ чирээд л явна. Тэднийг хоорондоо хэрэлдэж зодолдоод байхыг гудамжинд лав хараагүй. Ахмадуудаа их сонсоно. Дуу чангатай ч гэсэн ямар ч шинэ танилтайгаа эелдэг харьцахаа мэднэ. Ер их зальжин улс. Хүн бүрт найрсаг хандаад байгаа юм шиг хэрнээ гадны ямар ч хүнийг дотогш гүн нэвтрүүлдэггүй. Харин өөрийнхөндөө хамаг байдгаа хэлж, таниулж, хуваалцана.
 
Ретрочууд гээд африкийн нэг улсын төлөөллүүд Европт олноороо цагаачилдаг. Тэд залхуу, ажилд муу, хувийн ариун цэвэр тааруу, юм сурах мэдэх тал дээрээ нэлээд сул тархитай улс.
 
Гэсэн ч ганцхан Швейцарьт л гэхэд нэг ч ретро хүн ноцтой гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолттой байдаг тул тэдний юу ч чаддаггүйг мэдсээр хэрнээ тэр улс уриалгахан хүлээж авдаг. Тэд үргэлж нэгнээ өмгөөлж, хэн нэг нь буруу зөрүү үйлдэл хийвэл маш хурдан зохион байгуулалтанд орж, асуудлыг юу ч болоогүй мэт харагдуулахаар зохицуулж чаддаг юм билээ. Танихгүй хүн ч байсан ретро л гэвэл тэр дороо нэг хүн болж чаддагийг нь хараад атаархсан.
 
Солонгост ажиллаж амьдардаг хүмүүс мэдэж байгаа. Тэнд манайх шиг л гудамжны хүмүүс, гуйлгачингууд байдаг. Хэн нэг нь тэдний зургийг авах гээд оролдоод үзээрэй. Гуйлгачингууд нь өөрсдөө ч үүнийг эрс эсэргүүцэх вий. Лав л манайхан шиг гадаадын хүн хөтөлж авчирч байгаад ядуу гуйлгачингуудаа зааж өгч зураг хөргийг нь авахуулахгүй. Учир нь тэдний бүгдийнх нь сэтгэлд эх орноо өмгөөлөх, муу муухайгаа гадагш нь үзүүлэхгүй байх гэсэн өөриймсөг сэтгэл бий. Энэ тал дээрээ солонгосчууд их нэгдмэл.
 
Ер аль ч улс үндэстний хүмүүс хоорондоо харилцахдаа найрсаг байдал, зөөлөн харилцааг эрхэмлэдэг. Хэзээ ч, хэн ч танихгүй хүнтэй зөрөөд өнгөрөхдөө гутал хувцсыг нь харцаараа нэгжиж, сорьж сонжиж, үл тоомсорлож байгаагаа хялалзаж цэхэлзэн, ярвалдаж зандарч шууд илэрхийлэхгүй.
 
Ийм үзэгдэл үнэндээ манайд л, монголчуудаас л илүү хурц мэдрэгддэг. Танихгүй ч байсан таалагдахгүй бол шууд л хар ярхийн хараал зүхэл тавьж, нударч тохойлдон, хашгичин хэрэлдэж эхлэдэг. Арай соёлжсонууд нь харц, уруулын хөдөлгөөнөөрөө хандлагаа яаж ийгээд илэрхийлнэ. Энэ зөвхөн танихгүй хүмүүс хоорондын л харилцаа. Жаахан гүнзгийрээд танилцаал ирвэл өөчилж муучлах бүх зүйлийг яаж ийгээд бодож олно.
 
Үсний өнгө, нүүрэн дээрх сорви, хүүхдийнх нь царай зүс, гэр орны байдал, тэр бүү хэл, таваглаад дайлсан идээ ундаанаас ч муудаж муучлах шалтаг олчихно. Алхаа гишгээ нь жаахан өөр бол, аймаг орон нь өөрийнх биш бол, мах мяраа нь илүү эсвэл дутуу бол, тэр ч бүү хэл арьс нь гоё эсвэл бүр муухай бол гээд өөлөх гоочлох, дордчилох, дайсагнах бүр юуг ч үлдээлгүй бодоод олчихно. Хүнийг байгаа чигээр нь хүлээж авах, дутууг нь дутуугаар нь ойлгохыг хичээх хандлага их дутмаг.
 
Хилийн чанадад амьдардаг монголчуудын хоорондын харилцаа бол бүр ч хэцүү. "Монгол хүнд л итгэж болохгүй. Монголчуудаас л хол байгаарай. Хэнд ч зовлон жаргалаа битгий нээ” гэх мэт захиасыг бие биедээ үргэлж хэлнэ. Тэгж хэлснийгээ буруутгах ч бас хэцүү. Сайн л санасандаа хэлдэг юм байна гэж сүүл рүүгээ дэн дун ойлгож эхлэж байна.
 
Монгол монголоо барьж илчилж өгөх, гайгүй ажилтай нэгнийхээ ажлыг булаах, тусалсан хүнээ буцааж залилах, тус болж, ахан дүүс шиг ойр дотно явсан нэгийгээ юу ч болоогүй юм шиг ар нуруу нь нулимах, нэр хүндийг нь унагах, нэгнийхээ бүрэн бүтэн амьдралд атаархах, эр эмийг салгаж, гэр бүл үймүүлэх, тэр ч бүү хэл эх орондоо зүгээр явж байсан садан төрлөө дуудаж авчирч байгаад авчирсан мөнгийг нь үрчихээд гудамжинд төөрүүлж хаях, ганц нэгээрээ яваа охид хүүхнүүдээ нийлж хүчиндэх, амийг нь хөнөөх, хундага дарсны ард бие биедээ илүүрхлээ харуулах гэж атаман дээрэмчин, алуурчин талуурчин байснаараа далайлгах, хулгай хийх, худлаа ярих, гэр бүлээ зодож шархтуулах, архидан самуурах, бүлэглэж нэгнээ гадуурхах гээд аль л хүний хийж болох бүх муу муухайг үйлдэцгээнэ.
 
Мэдээж бүгдээрээ тийм биш л дээ. Мөрөөрөө сайн сайхан амьдраад, ажиллаад, улс эх орныхоо нэрийг гаргахыг зорьж зүтгэж, түүндээ хүрэхийн төлөө шүд зуун урагшилж, ах дүү, садан төрлийнхөө аж амьдралыг чирээд, нойр хоолгүй, өвчин хуучаа огоорон зүтгэж байгаа мянга мянган баатарлаг монголчууд бий. Тэдний хөлс хүч, сэтгэл зүтгэлийг хүүрнэвэл ард нь зүрх шимшрэм адармаатай түүхүүд хөвөрнө.
 
Гэхдээ л ямар ч хүний нүдээр гаднаас нь шууд анзаарч болдог нийтлэг чанар нь эв түнжингүй, нэгдмэл биш, өөр хоорондоо толхилцсон байдал. Тийм учраас манайхны дийлэнх нь цөхөрсөн ганцаардмал, дотогш бугласан сэтгэлийн хүнд ачаандаа түүртсэн, үл итгэсэн, болгоомжилсон, нуугдахыг хичээсэн, буглаж явсаар байгаад ямар нэг сэтгэцийн эмгэгтэйг илтгэх өрөвдмөөр халируу харцтай болсон байдаг.
 
Магадгүй надтай маргах хүн гарах байх л даа. Гэхдээ энэ бүхэн таны биш миний олж харсан дүн шинжилгээ, миний цуглуулж бөөгнүүлсэн мэдрэмжүүд гэдгийг анхаараарай.
 
Хүн сэтгэл дотроо муу муухайгаа хадгалаад явбал өтөж бээгээд, ойртохын аргагүй булингарт харцтай, буруу амтай, гэрэл гэгээнээс аймтхай болчихдгийг энд л ажиглаж мэдэж авч байна. Тиймээс "Битгий тоо. Битгий ойрт” гэх мэт улигт үгсийг хүлээж авахгүй. Надад бүү тэгж сургааль айлдаарай. Учир нь бид эзэнгүй аралд биш, харилцаанд орж, ханьсан амьдардаг хүний нийгэмд зэрэгцэн оршиж байгаа гэдгээ мартамгүй.
 
Идээ бээрийг шахаж цэвэрлэхгүй бол идэгдэж өмхөрсөн эрхтэн тасарч унадаг тул хоёр ертөнцийн дунд цоо шинэ нүдээр эргэцүүлэн харж байгаа надад идээлсэн газрыг ядаж зааж өгөх үүрэг байгаа гэж бодож байна. Тиймээс ч чадах ядахаараа хэлж ойлгуулж, сануулж, өттэй шархтай байгааг нь сануулах гэж хичээв.
 
Маш их бэрхшээлийг туулж, дэндүү их сэтгэлийн зовлонг үүрч, аюул осол, хагацал ганцаардал, цөхрөлийн хануудтай баатарлагаар тэмцэж, ар гэр, садан төрөл, эх орон, үүх түүх, хэл соёлынхоо төлөө чадах бүхнээ хийж амьдардаг мянга мянган монголчууд олсон хураасан бүхнээ эх орон луугаа зөөж байна. Тэднийхээ сэтгэл зүтгэлийг ч үл үнэлэн муучлан буруутгаж, бүр галзуу солиотой хэмээн цоллоод өөрсдөөс нь иүү байсны төлөө гадуурхаж амьдардаг харанхуй бүлэглэлүүд улс, хот, тосгон бүрт байна.
 
"Тэгээд эх орондоо ирээч дээ. Гадагш гагч хувиа нөөгөөд” гэж загнах хувь тавилангийн зам заагч мундагууд цор цор хийх байх л даа. "Эцгийн бийд газар үз. Эхийн бийд хүнтэй танилц” гэх ардын маань амьдралыг таних мэргэн сургааль бас бий. Хүн бүрийн туулах зам, хүрэх газар адилгүй. Адилгүй болгоныг адилтгах гэж, таацахгүй бүхнийг өөрийнхөөрөө амар хялбараар хайрцаглах гэж муйхраар зүтгэгчид "Намайг ч бас ямархуу хувь заяа хүлээж байгаа бол?” гэж ганц удаа бодоод үзээрэй.
 
Эвлэж чадахгүй бол ядаж бие биедээ гай болохгүй амьдарч сурах нь монголчуудын ганц тулгамдсан асуудал юм байна.
 
Кимура Аяакогийн "Тархины тураал”-ыг бид уншсан. Харамсалтай нь тэр дотор худал үг нэг ч байхгүй. Хамгийн үнэн үгээ хүмүүс хамгийн хайртай хүмүүстээ хэлдэг юм. Буруу сэтгэлтэй хүнд чиний сайн муу явах хамаагүй тул тоож хэлэхгүй. Харин ч мууг нь өөгшүүлж, хөөргөдөж, эрүүл ухаанаар харах нүдийг чинь бооно. Тийм учраас хүний амнаас биш өөрийн хүнээс энэ бүхнийг сонслоо хэмээн тайтгарахыг бодоорой.
 
Учир нь би ямар ч гадны хүнд монголчуудаа муучлахгүй бөгөөд тийм хандлагаар монголчууддаа ханддаг хүмүүстэй ширүүхэн тэмцэж явдгаа сануулъя. Гүжир гүтгэлэг хэмээс хэтэрч буй тул ойрдоо ширүүхэн Чойжин бууж явна даа.
 
"Яаж ч муудсан, яаж ч хорломоор байсан та нар нэгнийхээ босгосон амьдралыг, нялх нойтон хүүхдийг нь хайрлах зай үлдээж сураач” гэж ойр хавийнхандаа хэлж ярьсаар залхлаа. Тиймээс нийт дунд нь ганц удаа ширүүхэн бөөлчихье.
 
Х.Болор-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!