Түүхэнд байгаагүй муу ирцтэй сонгууль боллоо

🕔 2016/10/20 09:28

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль боллоо. Санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагдсан юм. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох учиртай. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, харин бие даан 723  нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс 4530 нь эмэгтэй нэр дэвшигч байв.

 

Энэ удаад сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, ИЗНН, Монголын Ногоон нам, Бүгд найрамдах нам, МАХН, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ” эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, Хөдөлмөрийн Үндэсний нам оролцлоо. Мөн сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн, 2082 хэсгийн хороо ажиллав. Орон нутгийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн хоёр сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлсэн бөгөөд сонгуулийг  нийтдээ 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан байна.

 

12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 16.8 хувьтай байв

 

Энэ удаагийн сонгууль нэлээд ирц муутай эхэлсэн юм. Тухайлбал, 12:00 цагийн байдлаар нийслэлийн 110404 сонгогч саналаа өгч, ирц 12.84 хувьтай байсан. Орхон, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад 10 гаруйхан хувьтай байсан бол улсын хэмжээнд сонгогчдын ирц нийт 16.8 хувьтай байсан юм. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Улсын хэмжээнд сонгогчийн ирц тааруу байна. Зарим газар цастай, даваа гүвээ хаагдсан гэх зэрэг санал өгөхөд бэрхшээлтэй байгаа тухай мэдээ ирж байна.

 

Бидний зүгээс иргэдийн сонгох эрхийг хангахын тулд Онцгой байдлынхантай хамтран ажиллаж байгаа. Мөн сонгууль өгөх өдрийг төрөөс бүх нийтийн амралтын өдөр байна гэж заасан байгаа. Гэтэл зарим байгууллагуудаас ажилчдаа амраахгүй байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс бид тухайн байгууллага, салбарын удирдлагатай холбогдож, зохицуулах арга хэмжээ авч байна” гэдгийг дуулгасан юм.

 

Харин сум, дүүргийн сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар аймгийн дундаж 49.1, улсын хэмжээнд 40.9 хувьтай байлаа. Энэ үеэр сонгуулийн ирц нь бүрдсэн 10 аймаг байв.  Тухайлбал, Архангай 55.3, Баян-Өлгий 56.9, Баянхонгор 54.5, Говь-Алтай 56.2, Завхан 62.3, Сүхбаатар 61.4, Төв 50.4, Увс 56.6, Ховд аймаг 57.1 хувийн ирцтэй байсан юм. Нийслэлийн сонгогчид сонгуульдаа тун идэвхгүй оролцлоо.  12:00 цагийн байдлаар ирц 12.84 хувьтай байсан бол 17:00 цагийн байдлаар 30.9 болж нэмэгдсэн юм.  Дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн өндөр ирцтэй буюу 52.7 хувьтай байлаа. Харин хамгийн бага нь  Сонгинохайрхан дүүрэг 27.9 хувийн ирцтэй байсан юм.

 

Дүүргүүдийн хувьд ирц хангалтгүй байлаа

 

Сонгогчдын идэвх муу, ирц сул байгаа учир хэсгийн хороодын ажилчид иргэдийг саналаа өгөхийг уриалах, дуудах ажлыг хийж эхлүүлсэн. Уг нь орон нутгийн хувьд ирц харьцангуй өндөр, хангалттай байгаа ч нийслэлд ирц бага байлаа. Улмаар санал хураалтын үйл ажиллагаа журмын дагуу 22:00 цагт өндөрлөв. Ингээд дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийн нэгдсэн дүнг Нийслэлийн сонгуулийн хороо 00.30 цагт мэдээлэл өгөх байсан. Гэвч зарим  хэсгийн хорооноос  ирцийн мэдээллийг эцсийн байдлаар өгөөгүй байгаа тул дүнг хараахан нэгтгэж амжаагүй байна гэх шалтгаанаар  дугаар шилжих мөчид буюу 00:50 цагт мэдээлэл өгөөгүй л байлаа. Ирцийн тухайд нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ирц хангалтгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Тухайлбал Чингэлтэй дүүрэг 19 хороотойгоос 4-5 хорооных нь бүрдсэн, бусад хорооны ирц бүрдээгүй гэв. Тэгэхээр ирц бүрдээгүй хэсэгт дахин санал хураалт явуулна. Дахин санал хураалт энэ сарын 29-нд болох юм. Харин сонгуулийн ирцийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос 22:30 цагт мэдээлэл хийх тов гарсан байсан. Гэсэн хэдий ч ирцийн мэдээллийг орон нутгаас нэгтгэж байгаа учир мэдээлэл хийх боломжгүй сонгуулийн урьдчилсан дүнг өнөөдөр танилцуулахаар болсон гэдгийг дуулгасан.

 

Завханд АН, Баян-Өлгийд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ

 

Нийслэл, аймгийн сонгуулийн хороод дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн мэдээ аравдугаар сарын 26-ны лхагва гарагт эцсийн байдлаар тодорхой болох юм.

 

Улмаар шинээр сонгогдсон төлөөлөгчдөө аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар урьдчилсан байдлаар Хөвсгөлийн 23 сумын зургаад нь АН, 17-д МАН ялсан бол Завханы 24 сумаас 19-д АН, хоёр суманд МАН, гурван сумын  дүн гараагүй, Баянхонгор аймгийн 20 сумын тавд нь АН, 14-д нь МАН ялсан бол  нэг сум нь асуудалтай байгаа гэнэ.  Түүнчлэн Увсын Зүүнговьд АН 19, МАН хоёр суудал авсан бол  бусад сумдад нь МАН ялсан байна.

 

Ховдын Буянт зэрэг суманд АН ялсан бол Дундговийн 15 сумаас тавд нь АН, 10 суманд МАН, Сэлэнгийн 17 сумаас долоод нь АН, 10 суманд МАН, Говьсүмбэрийн гурван сумаас нэгд нь АН, хоёрт нь МАН,  Дорноговийн 14 сумаас гуравт АН, 10 суманд МАН ялсан гэсэн мэдээ ирлээ. Харин Архангай цэцэрлэгт, Төв аймгийн Зуунмод зэрэг 16 суманд МАН ялсан бол 27 сумаас Архуст, Эрдэнэсант, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан, Заамар, Баяндэлгэр зэрэг 10 суманд АН ялж, Сэргэлэн суманд тэнцсэн байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд  АН ялж, үлдсэн сумдад МАН ялалт байгуулж чаджээ. Баян-Өлгий аймгийн хувьд бүх суманд нь МАН ялсан бол Дорноговийн 14 сумаас гуравт нь АН, 10 суманд МАН ялсан байна.

 

Өвөрхангай аймгийн Хархорин, Баян-Өндөр, Баруун баянулаан, Тарагт, Уянга, Төгрөг сумдад АН үнэмлэхгүй ялалт байгуулсан гэсэн мэдээлэл байгаа юм. Баянхонгор 20 сумаас долоон суманд АН, бусад нь сумдад МАН, Хэнтий аймгийн 22 сумын 17 сумаас мэдээ ирсэн бөгөөд 17 сумын зургаад нь АН, есөн суманд МАН, Өмнөговийн 15 сумаас гурван суманд АН, 12 суманд МАН, Булганы 16 сумын гуравт нь АН, 13 суманд МАН ялалт байгуулжээ. Нийслэлийн хувьд Сонгинохайрхан, Багануурт дүүрэгт  МАН ялсан байна.  Харин Хан-Уул 16 тойргоос тав нь ирц хүрээгүй, 11 хорооноос тавд нь АН, зургаад нь МАН ялсан, Налайх дүүрэгт АН дөрөв, МАН 21 суудал авсан байна. Түүнчлэн Хан-уул дүүргийн хэмжээнд АН найм, МАН ес, бие даагч хоёр суудал авсан гэх мэдээлэл байна.

 

Дашрамд дуулгахад, Сүхбаатар аймаг өнгөрсөн  сонгуулиар ИТХ-н 33-н суудлаас АН 16, МАН 16, болон тэнцэж Дарьганга сумын гуравдугаар тойрогт дахин сонгууль зарлагдсан билээ. Өчигдөр бол­сон орон нутгийн сон­гуу­лийг улс даяараа чих тавин хүлээж бай­лаа. Учир нь Ардчиллын түүхэнд 2004, 2008, 2012 оны сонгуулиудад дараалсан ялалтуудыг авч ажиллахдаа Монгол Улсын шилдэг аймгаар дөрвөн удаа шалгарч байсан түүхтэй юм.

 

Орон нутгийг яаж бие даан хөгжүүлж болдгийг аль ч намын засгийн газартай хамтарч ажиллаж чаддагаа Монголын ард түмэнд харуулсан баг бүрэлдэхүүнд дахин итгэл өгөх эсэх нь сонирхол татаж байлаа.  Тэгвэл өчигдрийн сонгуульд дахин ялалт байгуулж,  дөрвөн сонгууль дараалсан ялалтын эзэд боллоо.

 

Энэ удаагийн сонгуулийг Аймгийн АН-н дарга Монгол Улсын шилдэг менежер Сүхбаатар аймгийн 16 дахь засаг дарга Ж.Батсуурь гардан удирдаж, АН-аас ИТХ-н Дарга Паламын  Мөнхжаргал өрсөлдөж,  үнэмлэхүй хувиар ялж,  МАН-аас хууль зөрчин Засаг даргын үүргийг гүйцэтгэж байгаа гэх Занын Энхтөр өвдөг шороодлоо. Сүхбаатарчуудын анхаарлыг удтал татсан сонгууль эцэс болж Ардчилсан  нам бодлогоо хэрэгжүүлэх бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж,  ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллах боломж бүрджээ. Сүхбаатар аймгийн хувьд 13 сумын долоод нь АН, зургаан суманд МАН ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна.

 

Төрийн гурван өндөрлөг иргэний үүргээ биелүүллээ

 

Төрийн гурван өндөрлөгийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгсөн юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр  Чингэлтэй дүүргийн сонгуулийн нэг дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  12:30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөв.

 

Ц.Элбэгдорж: Хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд очиж саналаа өгөв. Саналаа өгснийхөө дараа тэрбээр хэлэхдээ "Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

Ж.Эрдэнэбат: Монголын иргэд мэргэн сонголт хийж, МАН-д итгэл үзүүлнэ

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1834 дүгээр хэсгийн хороонд орон нутгийн ИТХ-ын сонгуульд санал өглөө. Тэрбээр, "Иргэний үүргээ биелүүлж, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Засгийн газраас иргэдийн амьдралыг дээшлүүлэх, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллаж байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед бид 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд төлж байгаа. Энэ нөхцөл байдлыг давж гарахын тулд бид орон нутгийн сонгуульд амжилт үзүүлэх шаардлагатай. Тиймээс Монголын иргэд мэргэн сонголт хийж, МАН-д итгэл үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иргэдийг бас улс орныхоо цаашдын ирээдүй, хөгжлийн төлөө сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй” гэлээ.

 

М.Энхболд: Сонгуулийн ирц  хүрэхгүй байж болохуйц байдалтай байна

 

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд байрлах Чингэлтэй дүүргийн сонгуулийн нэг дүгээр тойрог,  2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.  Тэрбээр саналаа өгсний дараа "Өнөөдөр аравдугаар сарын 19-ний өдөр. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу орон нутгийн сонгууль явагдах ёстой өдөр. Би Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг. Тиймээс хорооныхоо нутаг дэвсгэр дэх санал авах байранд ирж саналаа өглөө. Улсын хэмжээнд сонгуульд оролцох насны нийт иргэддээ хандаж хэлэхэд, өмнөх орон нутгийн сонгуулийн ирцийг өнөөдрийн сонгуулийн ирцтэй харьцуулвал ирц  хүрэхгүй байж болохуйц байдал ажиглагдаж байна. Иймээс иргэд, олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол дөрвөн жилийн хугацаанд тухайн орон нутгийн хөгжлийн болоод хүндрэл бэрхшээлтэй асуудлыг дээд шатны байгууллагадаа хүргэдэг. Дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжилтийг нь хангадаг чухал байгууллага юм. Өөрөө удирдах ёсны энэхүү байгууллагаа байгуулахад иргэд бүрэн эрхийнхээ дагуу идэвхтэй оролцох нь зүйтэй юм” гэв.

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!