500 саяын үнэт хүрсэн гэх суудалд заларсан Д.Жигжиднямаа гэж хэн бэ

🕔 2016/10/04 10:01

Удтал хэл ам дагуулж олон сая төгрөгийн үнэт хүрээд байсан "Улаанбаатар төмөр зам”-ын дарга өчигдөр албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хуралдаанаар, "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн аж. Харин өчигдөр энэхүү шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нарын хүмүүс танилцуулж ажлыг нь хүлээлгэн өгсөн байна.

 


Д.Жигжиднямаа нь Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг дүүргэсэн бөгөөд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогчоор ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан байна.

Мөн тус уурхайд найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн хийж байжээ. Харин 2007 оноос өнөөг хүртэл "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан байна.  

 

Д.Жигжиднямаа Тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа багагүй хэл аманд өртөж явав

 

Д.Жигжиднямаа нь хэл аманд багагүй өртөж, нэг хэсэг хэвлэлийн баатар болж явсан нэгэн. Түүнийг сүүлийн жилүүдэд "Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэл гарч байв.

 

Төмөр зам нь транзит буюу дамжин өнгөрөх тээврээсээ багагүй орлого бүрдүүлдэг аж. Гэвч Тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Д.Жигжиднямаа нь Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байснаас орлого нь тасалдаж тухайн үед багагүй хэл аманд өртөж байв. Тодруулбал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ачааг заавал "Ийст Винд” гэх компаниар тээвэрлэх ёстой гэсэн зарлигийг Д.Жигжиднямаа дарга гаргаж байжээ. Харин "Ийст Винд”-ийн ард эрхэм дарга байсан гэх хардлага ч байсан нь нууц биш. Гэвч энэ асуудал тэгэсхийгээд л намжсан.  

 

Түүнчлэн Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлдэг байсан гэх шүүмжлэлд өртөж явсан билээ.

 

Ямартай ч 500 сая төгрөгийн үнэт хүрээд байсан "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын даргаар Д.Жигжиднямаа томилогдлоо. Харин хоёр улсын ХНН-ийн даргын суудалд заларсан түүнийг ажлаа хэрхэн хийхийг цаг хугацаа л харуулах буй за.

 

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!