ДУНДГОВЬ: 500 ахмадад хүндэтгэл илэрхийлэв

🕔 2023/10/05 14:39


Олон улсын Ахмадын өдрийг Дундговь аймагт аравдугаар.сарын 3-ны өдөр тэмдэглэж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмадуудыг шагнаж урамшууллаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нарын албаны хүмүүс оролцож, мэндчилгээ дэвшүүлэн 500 ахмадад хүндэтгэл илэрхийлэн, гарын бэлэг гардуулжээ.

Энэ үеэр Дундговь аймгийн хамгийн хүндтэй шагнал болох “Хүндэт иргэн” цол тэмдгээр тус аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир, “Хүндэт тэмдэг”-ээр Сайнцагаан сумын далай багийн ахмад настан Б.Энхжаргал, аймгийн Засаг даргын Жуух бичгээр Т.Цээлхэн, Д.Жаргал, Л.Бүд нарыг шагналаа. 

Мөн Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Д.Түдэв, “Ардын авьяастан” цол тэмдгээр Б.Сумьяа, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” одонгоор О.Цогзолням, “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч” одонгоор Д.Чимэдцэеэ, “Нигүүсэл” мөнгөн медалиар Ч.Хэхээжид нарыг тус тус шагнажээ. Харин Стандартчлал хэмжил зүйн 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр Н.Эрдэнэбаатарыг шагнасан байна. Ахмадын баярын цэнгүүнд МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ З.Жарантав, СТА П.Хатанбаатар нар урилгаар ирж оролцон, ая дуугаа өргөсөнд ахмадууд талархаж байгаагаа илэрхийллээ.

Дундговь аймгийн хэмжээнд 6000 орчим ахмад бий. Тус аймгийн Ахмадын хороо жил бүр Монголын ахмадын холбоо болон аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажлаа дүгнүүлдэг бөгөөд 2022 оны ажлаараа шалгарч, “Улсын тэргүүний ахмадын хороо” болжээ.  

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон ахмад настны тухай хууль, журмуудыг хэрэгжүүлэх чиглэлээр тус аймагт ахмадуудын дунд урлаг, спортын олон талт үйл ажиллагаа уралдаан тэмцээн зохион байгуулдаг төдийгүй, тэдний эрүүл мэндийг дэмжих, харилцан суралцах, ахмадуудын туршлага, өв соёлыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх зэргээр Ахмадын байгууллагатай хамтран ажилладаг ажээ. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!