УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийг орхиж, Дундговьд нэр дэвших үү

🕔 2023/06/06 11:32

2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүрэгт өрсөлдөж, ялсан билээ. Тэгвэл тэрээр ирэх УИХ-ын сонгуулиар Дундговь аймагт нэр дэвшихээр зэхэж буй бололтой. Учир нь, тэрээр сошиалдаа ч тэр, чуулганы үеэр ч тэр Дундговь аймгийн асуудлыг барьж авч, ярих нь их болжээ. Энэ талаар судалгаа гарсан байна.
Тодруулбал, МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны ангийн магистрант Ю.Ариунзаяа МУИС-ийн Улс төр судлалын багш Б.Эрдэнэдалайн удирдлагад "УИХ-ын эмэгтэй гишүүдийн нийгмийн сүлжээн дэх мэдээлэлд (постуудад) хийсэн шинжилгээ" сэдэвт судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Дундговь аймаг руу чиглэсэн постуудыг хийх нь их байсан учир 2024 оны сонгуулиар Дундговь аймагт дэвшихээр бэлдэж байх магадлалтай гэжээ.
Судалгааг хийхдээ 2022 оны аравдугаар сарын 3-аас 2023 оны гуравдугаар сарын 15 хүртэл буюу намрын чуулганаас хаврын чуулган хүртэлх хугацаанд нийтэлсэн постуудыг авч үзсэн аж. УИХ-ын гишүүн Б.Ундрам, Д.Өнөрболор, Б.Баярсайхан нарын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзсан талаарх мэдээлэл түлхүү оруулж байгаагаас харахад тухайн сонгогдсон тойргоосоо дахин нэр дэвших магадлалтай гэж судалгаанд бичжээ. Б.Саранчимэг гишүүн УИХ-д Баянзүрх дүүргийн сонгуулийн 22 дугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон ч судалгааны хугацаанд сонгогдсон тойрогтой холбоотой буюу Баянзүрх дүүрэгтэй холбоотой мэдээ тавыг нийтэлсэн байна. Харин Дундговь аймагтай холбоотой долоон мэдээ оруулснаас харахад ирэх сонгуульд ээжийнхээ төрсөн нутаг буюу Дундговь аймгаас нэр дэвших сонирхолтой байгааг нь харуулж байна гэж судалгаанд дурдсан байна.
Уг судалгаагаар зогсохгүй УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь чуулганд үг хэлэхдээ Дундговь аймгийн талаар хамгийн их ярьжээ. Тухайлбал, тэрээр Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байх үед Цагаан суварга байгалийн энэ үзэсгэлэнт газрыг тусгай хамгаалалтанд авах ажлын явц ямархуу байгааг ажлын хэсгээс асууж байв.
Энэ бүгдээс харахад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь ирэх сонгуулиар Баянзүрх дүүргийг орхиж, Дундговь аймгаас нэр дэвших бололтой.
Сануулахад, 2016 онд түүний төрсөн дүү Б.Наранхүү нь Дундговь аймгаас УИХ-д сонгогдож байсан удаатай билээ. 2020 онл Дундговь аймгаас С.Батболд, Г.Мөнхцэцэг нар УИХ-д сонгогдсон юм.

https://itoim.mn/a/2023/06/05/parliament/jqf

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!