Долоогийн бүлгийн орнууд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах алхмуудыг эрчимжүүлэхээр тохиролцов

🕔 2023/05/23 15:33

Долоогийн бүлгийн орнууд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах алхмуудыг эрчимжүүлэхээр тохиролцов

 

Долоогийн бүлгийн удирдагчид хэдийгээр нэн чухал нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах алхмуудыг эрчимжүүлэхээр болсон ч Бээжинтэй "үр ашигтай бөгөөд тогтвортой” харилцаа тогтоохыг эрмэлзэнэ гэдгээ илэрхийлэв.  Хирошимад цугларсан Төрийн тэргүүнүүд эдийн засгийн дарамт шахалтын эсрэг механизм хэрэгжүүлэхээ мэдэгдсэн нь БНХАУ-ын зүгээс шүүмжлэлтэй тулгарсан байна. Долоогийн бүлгийн удирдагчид уулзалтын эцэст ОХУ, БНХАУ-ын асуудалд илүүтэй төвлөрсөн байна. Үүний зэрэгцээ генератив хиймэл оюуны талбарт бүлгийн орнуудын үнэт зүйлд тохирсон засаглал, хяналт хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн нь энэ удаагийн уулзалтаас гарсан онцлох шийдвэр байлаа. Энэ хүрээнд бүлгийн орнуудын Засгийн газрууд тус асуудлаар гүйцэтгэх засаглалын түвшинд хэлэлцүүлэг явуулж, үр дүнгээ оны эцэст танилцуулахаар тохиролцжээ. Түүнчлэн Украин дахь үйл явдалд харьцангуй дундын байр суурь баримталж байгаа БНЭУ, Бразил зэрэг улсаас дэмжлэг хүсэхээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн биеэр хуралд оролцсон байна. Уулзалтын үеэр Владимир Зеленский олон сар үргэлжилсэн ширүүн тулааны дараа зүүн зүгийн Бахмут хотыг алдсан гэж үзэж байгаагаа мэдэгджээ.   ОХУ, Украины дайн эхэлснээс хойш БНЭУ ОХУ-ын газрын тос болон зэр зэвсгийн гол худалдан авагч орнуудыг нэг болсон юм. Хэдий тийм боловч Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах төлөвлөгөөгөө цуцалсан нь анхаарал татаж байна. Энэ удаагийн уулзалт нь Хирошима хотод болсон гэдэг утгаараа цөмийн зэвсгээс ангижрах арга хэмжээнд дэм болно гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида үзэж байгаа аж. Түүнчлэн тэрбээр ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүдийг тойрон гарах арга зам нь чухал байгаа талаар тодотгожээ. Уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар атомын бөмбөгдөлтийн улмаас амь насаа алдсан хохирогчдын дурсгалд зориулан хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн нь АНУ-ын холбоотон орнуудын харилцаа сайжирсныг харууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!