Дональд Трамп өөрт нь тулгаж байгаа 34 зүйл анги хэрэгт өөрийгөө буруугүй гэв

🕔 2023/04/05 17:32

Дональд Трамп өөрт нь тулгаж байгаа 34 зүйл анги хэрэгт өөрийгөө буруугүй гэв

 

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп мягмар гарагт Нью-Йоркийн Манхеттений эрүүгийн шүүхэд биечлэн очиж өөрт нь тулгаж байгаа үндэслэлүүдтэй танилцсан байна. Албан баримтуудыг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар өөрт нь тулгаж байгаа бүх ялыг Трамп хүлээн зөвшөөрөөгүй, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч байсан хүн анх удаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа энэ үйл явдлын үеэр Трампыг Сторми Дэниелс хэмээх, насанд хүрэгсдийн киноны жүжигчин эмэгтэйд мөнгө төлүүлсэн гэдэг үндэслэлээр ял тулгахаар зэхэж байгаа юм. Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор тэр энэ удаа шүүх дээр төдийгүй олон нийтийн өмнө өөрийгөө хамгаалж авч гарах шаардлага тулгарч байна. Прокурорын газраас түүнийг 2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа явцад өөрийн гэр бүлээс гадуур харилцаатай байсан эмэгтэйчүүдэд дуугүй байсны шан болгож мөнгө төлснөөр сонгууль шударга явагдах нөхцөлийг алдагдуулсан гэж нотолж, харин Трамп энэ бүгдийг үгүйсгэжээ. Энэ хүрээнд тухайлбал, өөрийн талаарх сөрөг мэдээллийг нуухын тулд насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд 130 мянган доллар хууль бус төлбөр хийсэн гэж буруутгагдаж байгаа юм. Энэ мэт бүх хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн Трамп тэр даруй шүүх танхимыг орхиж Флорида дахь Мар-а-Лаго эдлэндээ очиж, тэнд өөрийн дэмжигчдэд хандаж мэдэгдэл хийсэн байна.

Энэ үеэр тэр "Энэ бол сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэг. Америкт ийм зүйл хэзээ ч болно гэж бодож байсангүй. Миний үйлдсэн цорын ганц гэмт хэрэгт манай орныг сүйтгэхээр санаархаж байгаа хүмүүсээс улсаа аймшиггүйгээр хамгаалсан” гэж мэдэгджээ. Түүний хэргийн дараагийн шүүх хурал ирэх 12-р сарын 4-нд болох юм байна. Үүний зэрэгцээ энэ удаагийн шүүхийн үйл явц Трампын сонгуулийн хэтийн төлөвт хэрхэн нөлөөлөх бол гэдэг асуудал анхаарал татаж байна. "Яху ньюз” болон Ю гов” сайтуудын явуулсан сүүлийн санал асуулгуудаар лав, Трампт ял тулгах нь тодорхой болсны дараагаас бүгд найрамдахчуудын дундах Трампын рейтинг өссөн дүнтэй гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!