Тархай бутархай АН-ыг хэн зангидах вэ
Экс эрх баригчид орон нутгийн сонгуулийн өмнөхөн удирдагчаа сонгож, намаа төвхнүүлэхээр өрсөлдсөн их сунгааны өдрүүд үргэлжилж байна. 2016 оны УИХ-ын сонгуулий ялагдалтай хамт намын дотоод эв нэгдэл ч таран бутарсан.
Эдүгээ намын бүлэг фракцууд хоорондоо толхилцож, гишүүн бүр л намын даргад "Би чадна” болоод байна. Өнөөдөр тархай бутархай АН-ын эв, хүчийг зангидан авч явах удирдагч АН-д үгүйлэгдэж байгаа. Түүнээс бус ҮЗХ-ны гишүүдийн олноор, хэн сайн хор найруулснаар дарга болно гэвэл АН-ын алдаа давтагдана.
Орон нутгийн сонгуулийн сурталчилаа эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн энэ өдрүүдэд АН жолоодлогогүй байгаа нь харамсалтай. Энэ хэрээр өрсөлдөгч хүчнийхээ өгөөш болдог. Уг нь АН-ын ҮЗХ-ны хурлыг маргааш үргэлжлүүлэн хуралдуулахаар товлосон байна лээ. Хэрвээ энэ хугацааг хойшлуулвал орон нутгийн сонгуульд бэлтгэл ч замхарна. Тиймээс ҮЗХ-гоо хуралдуулж, тамга барих байтугай намыг төвхнүүлж, орон нутгийн сонгууль авч орох эрхмийг томилох цаг хугацааны цикль дээр ирээд байна.
Намын даргад өрсөлдөх эрхмүүд ер нь тодорхой. Алтангадас фракцаас Н.Алтанхуяг дахин өрсөлдөх санаархал байна лээ. Одоогийн УИХ-ын гишүүдээс Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат нарын нэрс явж байгаа. Цаашлаад АН-ын дараагийн дарга гэх мессэжийг эртнээс нисгэж байсан Лу.Гантөмөр ч хүч үзэж дэг. Уг нь АН-ын даргаар томилох магадлалтай эрхмүүд дотор Э.Бат-Үүлийн нэр гарч байсан хэдий ч С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татчихсан. Гэхдээ энэ нь санаандгүй бус санаатай улс төрийн тоглолт гэж ажиглагчид үзэж байгаа. АН-ын даргыг томилох, орон нутгийн сонгуультай зэрэгцэн Ерөнхийлөгч МАН хоёр нэгдлээ хэмээх хардлага нийгэмд байгаа.
АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбатыг намын даргад дэмжих хэсэг бий ч ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналыг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь Тамгаа хүлээлгэж өгсөн З.Энхболдын фракц дэмжлэг үзүүллээ ч ҮЗХ-нд "Алтангадас "өнөө ч олуулаа байгаа.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа хүлээлгэн өгсөн П.Цагаан намын төв аппарт руу шилжсэн. Түүнийг АН-ын даргад өрсөлдөх нь хэмээн сэрдэх хэсэг байгаа ч Шинэчлэлийн хөдөлгөөний залуусыг дэмжих талтай гэж үзэх хэсэг ч байна. АН-д шинэчлэл хэрэгтэйг АН-ын залуучууд сануулж, шаардаж ирсэн. Намаа шинэчлэх шаардлага хүргүүлснийхээ төлөө зарим залуус батлахаа хураалгахад хүрсэн билээ. Эдүгээ тус намын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс АН-ын үндсэн дүрмийг өөрчилж, аль нэг бүлэг, фракцид үйлчлэх бус бодлогоор зангидсан нам байх хэрэгтэйг өмнөх удирдлагууддаа сануулсаар ирсэн.
Ер нь өмнөх удирдлагууд ч шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй. Эрх барьж байсан үеийн удирдлага Н.Алтанхуяг гэхэд асуудлыг зөвхөн өөрийнхөөрөө тулгаж ярьдаг. Олон нийтийн бус тойрон хүрээлэгсдийнхээ үгээр асуудалд ханддаг дутагдалтай. Магадгүй түүний баг өөрсдийн үзлийг тулган "тархины түгжээ”-г хэт чангалчихсан ч байж болох. З.Энхболдын хувьд технологийн өндөр мэдлэгтэй, улс төрд хорчноороо дуудуулдаг ч ярианы чадвар сул гэдгээ УИХ-ын сонгуулийн үеэрх намын дарга нар оролцсон шууд нэвтрүүлгээр таниулсан.
Ер нь намын даргад нэр нь явж байгаа эрхмүүд дотор Лу.Гантөмөрөөс бусад нь 90 оны партизанууд. АН-ыг өнгөрсөн 25 жилийн хугацаанд 90 оны партизануудаараа удирдуулсан. Тэдний удирдлагаар явсан учир нам доторх зөрчил, тэмцэл үргэлжилсээр ирсэн гэж шүүмжлэх хэсэг байдаг.
Дээр нь АН-ынхан анхан шатандаа суурь муутай. Сум, дүүрэгт МАН-ын анхан шатныхан багширч байхад АН-ынхан намын төв байрныхаа хавиар эргэлдээд байдаг.
Ийнхүү ээлжит бус чуулганыг хуралдуулан завсарлуулсан МАН-ынхан орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж, гишүүд нь тойрогтоо ажиллан, хийсэн, хийх ажлаа сурталчлаад эхэлсэн энэ үед АН гэрээ ч засч төвхнөөгүй,” зуун задгай, жаран хагархай” гэгч болоод байна.
Н.Энхлэн
Эх сурвалжийн линк: