Д.Будзаан: PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомуудыг хаалгах хүсэлт гаргасан

🕔 2021/06/03 14:14

 

 

 

ЦЕГ болон СЭМҮТ-өөс хүүхэд, өсвөр насныханд PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад "Өсвөр насны хүүхэд, залуучуудад учирч болзошгүй сөрөг нөлөө, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомуудыг хаалгах хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах газарт гаргасан. Учир нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээллээр жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Мөн СЭМҮТ-ээс "цахим тоглоомд донтсон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь хожим насанд хүрсэн хойноо ч нийгэм-сэтгэл зүйн олон асуудалд өртөж, сэтгэцийн, биеийн, нийгэмд учрах хор хөнөөл, эмгэгтэй болж, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй тул хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн. 

Тухайлбал, тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан. Тиймээс уг хүсэлтийг гаргасан. Харин хаах эсэх шийдвэрийг Харилцаа, холбооны зохицуулах хороо шийднэ" гэлээ. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!