БНХАУ Их Британид шинээр хориг арга хэмжээ авчээ

🕔 2021/03/26 13:30
 

БНХАУ Их Британид шинээр хориг арга хэмжээ авчээ

 

БНХАУ Их Британийн есөн иргэн, дөрвөн байгууллагад хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. "Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "хүний эрхийг хамгаалах нэрийдлээр" Их Британи Хятадын иргэд, компаниудад дангаар хориг арга хэмжээ авсан. Худал, ташаа мэдээлэлд үндэслэсэн энэхүү алхам нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж байгаа бөгөөд Хятадын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцож, БНХАУ, Их Британийн харилцааг ноцтойгоор "сүйтгэж” байна. БНХАУ ч хориг арга хэмжээ авах эрхтэй” гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Тус яам мэдэгдэлд дурдсанаар, хориг арга хэмжээ авсан хувь хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдийг БНХАУ-д нэвтрэхийг хоригложээ. Түүнчлэн Хятадын иргэд, байгууллагууд хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хүмүүс, компаниудтай бизнес хийх хориотой байна.

Хориг арга хэмжээний жагсаалтад Их Британийн парламентын Нийтийн танхимын гадаад харилцааны асуудал хариуцсан хорооны дарга Том Тугендхат, Хөдөлмөр, тэтгэврийн сайдын албыг хашиж байсан, Консерватив намын дарга асан Ян Данкан Смит, Их Британийн парламентын гишүүн Нил О'Брайен, Их Британийн Лордуудын танхимын гишүүн Дэвид Элтон, парламентын гишүүн Тим Лоутон, парламентын гишүүн Нусрат Гани, Лордуудын танхимын гишүүн Хелена Кеннеди, өмгөөлөгч Жеффри Найс, уйгуруудын тухай нийтлэл бичигч Жоанн Смит Финли, "China Research Group” байгууллага, Их Британийн Консерватив намын Хүний эрхийн комисс, уйгур болон мусульман шашны бусад төлөөлөгчдийн эсрэг үйлдэж байж болзошгүй гэмт хэргийг мөрдөн шалгадаг "Уйгурын шүүх” хэмээх байгууллага, мөн "Essex Court Chambers” арилжааны хуульчдын холбоо оржээ.

"Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалахаар шийдсэн бөгөөд буруу замаар явахаа зогсоохыг Их Британийн талд уриалж байна" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.

Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "уйгуруудын эрхийг зөрчсөн" гэж үзэн Европын холбоо, АНУ, Их Британи, Канад улс гуравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, тус улсын дөрвөн иргэн, нэг байгууллагыг хар жагсаалтад оруулсан юм. Үүний хариуд Бээжин Европын холбооны парламентын гишүүд, эрдэмтэд, улстөрчид болох 10 хүн, дөрвөн байгууллагад хориг арга хэмжээ авсан билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!