Энх цагийн эгэл баатрууд

🕔 2020/08/18 18:51

Нийтлэлээ "Энх цагийн эгэл баатрууд” гэж нэрлэсэн нь учиртай. Улсын наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд завьтай гурван хүүхэд алга болсныг Буйр нуурын хилчид аварсан болон гурван хүүхэд хилчдийн завинд мөргөж байгаа зураг цахим орчинд тарсныг хүн бүр мэдэж байгаа. Бид энэ талаар сурвалжлахаар Буйр нуурыг зорьсон юм. ХХЕГ хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч жил бүр "Сэтгүүлчид торгон хилд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа "Сэтгүүлчид торгон хилд” буюу "Сүлдэт багана”-ын дэргэдээс арга хэмжээ Хилийн 0306 дугаар ангийн Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын нэрэмжит Хилийн 0219 дүгээр салбарт боллоо. Хилийн 0219 дүгээр салбар нь Монгол Улсын хамгийн том усан хилд тооцогддог Буйр нуурын усан хилийн хамгаалалтыг зохион байгуулдгаараа онцлог юм. Буйр нуур нь хойд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг учраас Буйр, Булан дэрсийн застав хариуцаж үүрэг гүйцэтгэдэг байна. Эдний хариуцсан хэсэг хуурай газартай, гол нуур, зэгс, бургас, намаг, элс, шавар ихтэй ажээ.

Биднийг Монгол Улсын анхны баатар Ш.Гонгорын нэрэмжит Хилийн 0219 дүгээр салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин угтан авч салбарынхаа талаар танилцуулсан юм. Тэрээр "Усан хил хамгаалалтын дэд хөтөлбөр хэрэгжиж өнгөрсөн онд албан ёсоор усан хил хамгаалалтын нээлтийг Хилийн цэргийн командлагч, ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэн, ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар хийсэн. Өмнө нь техник хэрэгсэл муутай байсан бол өнөөдөр хүн хүчнээсээ эхлээд тоног төхөөрөмж нь сайжирсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд аврах хантааз, хөнгөн хөлөг гээд эрсдэлгүй үүрэг хүлээх, эрсдэл гарсан тохиолдолд амь насаа аврах чиглэл их орсон. Энэ талаар ХХЕГ-ын даргын тушаалаар тусгай журам гарсны дагуу мөрдөж ажиллаж байна. Хилчдийн усан хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэхдээ өмсдөг усны нойтон, хавар, намар өмсдөг хуурай өмсгөл гэж бий. Мөн улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа хилийн заставын усан цэргийн жагсаалын хувцас гэж байдаг. Бие бүрэлдэхүүний хувьд бүх гэрээт хилчин Улаанбаатар хотод 21 хоногийн хугацаатай усан бассейн сургалтад хамрагдаад Буйр нуур дээрээ ирээд дахин усанд сэлэлтийн болон хөнгөн хөлөг тусгай зориулалтын техник жолоодох сургалтад шат дараалан хамрагдаж 100 хувь мэргэшсэн бүрэлдэхүүнээр усан хил хамгаалалтыг зохион байгуулдаг болсон нь том давуу тал болсон. Мөн хуурай хэсгээрээ хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэвэл 2-3 гол гаталдаг. Тэгэхээр усгүй газар гэж байхгүй. Хил хамгаалах байгууллага, хилийн цэргийн удирдлагаас үүнийг оновчтой зөв харж манай бүрэлдэхүүнийг сургаж мэргэшүүлж, мэргэшсэн хилчнээс гадна үнэтэй, чанартай, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангасан ХХЕГ-ын удирдлагад талархаж явдгаа "Зууны мэдээ” сониноор дамжуулж хэлмээр байна” гэв.

 

ЭГЭЛ БААТРУУД ГЭСНИЙ УЧИР

Түүнээс долдугаар сарын 11-нд яг юу болсон талаар асуухад "Халхгол сумын Онцгой байдлын газрын дарга, хурандаа Сүхсайхан "Хийлдэг завьтай гурван хүүхэд алга болчихлоо. Манайд техник хэрэгсэл байдаггүй” гэсэн мэдээлэл ангийн захирагчид ирж бидэнд зөвшөөрөл өгсний дагуу үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үеийн давалгаа 10-15 баллтай байсан. Нуурын усны мандлаас дээшээ 30 см давалгаа үүсэхийг нэг балл гэдэг. Тэгэхээр 4-5 метрийн өндөр ус байна гэсэн үг. Тангараг өргөсөн цэргийн хүмүүсийн хувьд аврах хантаазгүй, хийлдэг завьтай гурван хүүхэд усан дээр байна гэсэн мэдээллийн дагуу тухайн үеийн салхины чиглэл, давалгааны баллаа тооцоод эрлийг хоёр цаг хэртэй зохион байгуулаад хүүхдүүдийг эсэн мэнд олсон. Жижиг завь руу давалгаа цохиход дүүрэн ус орж ирдэг. Биднийг очиход гурван хүүхдийн том 14 настай ах нь орж ирсэн усыг шортоо тайлаад шавхаж гаргаж байсан. Хэрэв босоод хөдлөх юм бол завь нь шууд хөмрөх аюултай байсан. Гэтэл тэр гурван хүүхэд ямар ч хөдөлгөөн хийгээгүй, нам суугаад завинаасаа бариастай, ах нь зөвхөн гараа хөдөлгөж усаа шавхаж байсан нь өөрсдөө авч болох арга хэмжээг сайн хийж байсан. Үүний хүчинд завь нь хөмрөөгүй. Тиймээс гурван хүүхдийг эсэн мэнд олж эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. Нуурын давалгаа захаасаа гайгүй явж байгаад голдоо орохоор давалгааных нь балл нэмэгддэг гэж байсан юм.

Үүгээр ч зогссонгүй наадмын өдрүүдэд  нуурын давалгаа эргээсээ гүн буюу хил рүү давах давалгаатай байжээ. Мөн 12-ны өглөө 23 настай бүсгүй бага насны хүүхэдтэйгээ явж байгаад бараа нь харагдахгүй боллоо гэсний дагуу удирдлагаасаа үүрэг, чиглэл аван эрэл зохион байгуулж гурван цаг орчим хайж олжээ. Учир нь энд тэндээс ирсэн аялаж, зугаалж байгаа хүмүүс хөвөгч гудас, хийлдэг янз бүрийн тоглоомоо их алддаг. Энэ болгон нь эрэл зохион байгуулахад хүндрэлтэй байсан бөгөөд алга болсон хэсэгт нь хүчтэй салхитай, мөндөр орж байсан гэв. Хүний норсон бие дээр хүчтэй салхилахаар даардаг учраас хүүхэд нь нэлээн даарсан эрүү нь чичирч байсан. Жижигхэн хийлдэг завьтай болохоор том хөнгөн хөлөг дээр гаргахад нэлээн хүндрэлтэй байсан ч хөнгөн хөлөг дээрээ гаргаж ирсний дараа хүүхдийг нь нүцгэн биедээ нааж аврах хантаазуудаар битүү хучаад эрэг рүү хөдөллөө гэдэг мэдээллийг дөнгөж өгөөд байтал дахин хийлдэг завьтай хоёр залуу алга болчихлоо. Шууд тийшээ яв гэсэн үүрэг өгснөөр дараагийнхаа эрлийг зохион байгуулж хоёр эрэгтэй хүнийг олсон аж. 12-нд хоёр удаагийн тохиолдлоор дөрвөн хүнийг эсэн мэнд олж эрэг дээр гаргаж ирсэн байна.

13-ныхтай нийлээд нийт 11 хүний амь насыг аварчээ. Манай иргэд гол нуурын талаар мэдээлэл байхгүйгээс янз бүрийн хөвөх хэрэгсэл захаас аваад түүнийхээ ид шидийг үзэх гэж нууранд их ирдэг. Буйр талын нуур. Талын нуур гэдэг нь тэнгэрийн хаяа, усны мандалтайгаа нийлж харагддаг. Салхилахад түүнийг хаах мод, уул байхгүйгээс нуурын мандалд чигээрээ очдог. Бага салхитай байсан ч давалгаа үүсдэг мөн хилийн ус гэдгийг иргэд маань мэдэхгүй байна. Хэрэв өнөөдөр энэ 13 хүнийг бид олоогүй хил даваад явсан байсан бол коронавирустай гээд уулзалтыг хаасан энэ үед буцааж авах боломж хүнд байх байсан болов уу. Иргэд хайхрамжгүй, болгоомжгүй, хэнэггүй байна. Өмнө нь хүмүүс ингэж алга боллоо гэж анхааруулсаар байтал сүүлийн дөрвөн хүн "Бид усанд явдаг, мундаг хүмүүс” хэмээн хайхрамжгүй хандсан аж. Монголчууд хүний тавьсан шаардлагыг хэрэгжүүлдэггүй зантай хэмээн салбарын захирагч байнга хэлж байсан юм. Хилийн 0219 дүгээр салбар нь усан хилийн хамгаалалтыг зохион байгуулах үүрэгтэй ч иргэдийн амь насыг авран хамгаалж байгаа нь энэ цагийн эгэл баатрууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Хэдийгээр суманд Онцгой байдлын анги гэж байдаг ч энэ нь зөвхөн гал унтраадаг. Харин уснаас аврах нэг анги нь аймагт байрладаг. Хэрэв Онцгой байдлын мотортой завиа асаагаад давалгаатай байхад явсан бол шууд хөмрөх байсан. Яагаад гэвэл пластматик жижиг мотортой завь гүн рүү ороход шууд хөмөрдөг. Тиймээс Онцгойгийнхонд боломж байхгүй байсан. Чиг үүргээрээ Онцгой байдлынхан ажиллах байсан. Буйр нуурыг түшиглэн загас агнуур, мал аж ахуй эрхэлж амьдардаг нутгийн иргэд нуурынхаа талаар тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй учраас эрсдэлд орох нь бага ажээ. Эрсдэлд орж болзошгүй хүмүүс бол аялагч, амрагчид. Энэ жил амрагчид их ирсэн. Эрсдэлээсээ гадна хогоо энд тэнд хаядаг. Шаардлага тавихаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг "Би Монгол Улсын иргэн, хаана хогоо хаяхаа мэднэ” гэж загнаж, дарамталдаг гэж байлаа.

 

ХИЛИЙН 0219 ДҮГЭЭР САЛБАРЫН ХАРУУЛЫН ДАРГА, НОХОЙ ХӨТЛӨГЧ Х.БОЛОТ: НОХОЙ ӨДӨРТ 50-60 КМ ЗАМ ТУУЛАХ ЧАДАЛТАЙ

-Би 2014 онд Говь-Алтай аймагтаа хугацаат цэргийн албанд татагдаж тэндээ гэрээт хилчний албыг хоёр жил хааж дэд ахлагч цолтой болж ХХЕГ-ын даргын тушаалаар Мэнэнгийн отрядад томилогдож ирсэн. 2017 оноос хойш Буйрын заставт алба хааж байна. Нохой чаргыг анх 2017 онд Буйр нуурт хил хамгаалтад ашиглаж болохыг туршсан. Ингээд 2018 оноос нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглаж эхэлсэн. Нохой чаргыг өвлийн цагт хил хамгаалалтад ашиглахад орчин үеийн техник технологитой харьцуулбал дуу чимээ багатай, харах, сонсох нь хүнээс илүү. Өвлийн гурван сард нохой чаргыг хил хамгаалалтад ашигладаг. Мөн очиход хүндрэлтэй газар болон хилийн манааг шалгахад нохой чаргатай явах боломжтой. Нохой өдөрт 50-60 км зам туулах чадалтай байдаг. Чарганы нохойг гурван сартайгаас нь бага багаар тоног төхөөрөмжинд дасгадаг. Ингээд нас биед хүрэхээр нь хил хамгаалалтад ашиглах боломжтой болно. Чарганы нохой толгойгоор охин нохойг тавьдаг. Мөн эрлийн нохойг сургасан.Би өмнө нь нохой сургаж байгаагүй. Хувьдаа энд тэндээс сонирхож л авдаг байлаа.       

Хил хамгаалах байгууллагад ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах сонирхолтой гэрээтүүд бий. Эднийг анхнаас нь бассейн, Буйр нуурт сэлж сургасан болохоор усанд сэлэх айдасгүй. Мөн техник хэрэгсэл дээр ажиллаж байна. Эрэн хайх ажиллагааны үеэр өндөр давалгаатай байхад гэрээт хилчид маань айдасгүй байгаа нь амар байна. Хэрэв айдаг байсан бол хэцүү. Мэргэшсэн гэрээт хилчдийг бэлдлээ. Цаашид эднийгээ өөр газар томилохгүй, харин ч дэмжээд энэ заставтаа ахлагчийн бүрэлдэхүүнд оруулаад ажиллуулбал зүйтэй юм болов уу. Өөр газраас нэг ахлагч томилогдоод ирэхэд газар орноо мэдэхгүй учраас дахин эхнээс нь заах хэрэгтэй болдог. Тиймээс нэгэнт сургаж мэргэшүүлсэн гэрээт хилчдээ цааш үргэлжлүүлэн ажиллуулмаар байна. Манайд газар орноо сайн мэддэг хүмүүс хэрэгтэй хэмээн Хилийн 0219 дүгээр салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин хэлж байсан юм.

Усан хил хамгаалалтын анхны хөнгөн цагаан завь.

Үргэлжлэл бий... 

Р.ОЮУН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!