Мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж дэлхийд өрсөлдье

🕔 2016/09/01 11:38

ГУРВАН ТЭРБУМЫГ ОЛОХ БОЛОМЖ БАЙНА.  ГУРВАН УДАА УНШААД  ҮЗ

 

 

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж дэлхийд өрсөлдье

 

 

Манайхаас 6 дахин бага газар нутагтай Шинэ Зеланд улс зөвхөн махны экспортоос жил бүр 3.8 тэрбум долларын орлого олдог нь манай Эрдэнэт, Оюу Толгойг нийлүүлснээс 4 дахин их, дээр нь сүүний экспортоос 8 тэрбумыг олж байна. Харин бид амар хялбар баяжих хэнээгээр уул, ус, газар шороогоо ухах тухай талцаж хэрэлдсээр сохорч, хожсон ч юмгүй, дуусашгүй баялаг болсон бэлчээр, малаа шоовдорлосоор.

 

  • Монголын бэлчээрийн МАА-н харьцангуй давуу тал, түүнийг чулуу болгох нь

        Дэлхий дахинаа хөдөө аж ахуй эрхлэхэд тааламжтай хөрс, цаг агаарын нөхцөлд оршдог Европ, Америк, Австрали тивийн орнууд МАА-гаа асар их эрчимжүүлэн нэг малаас авах шим буюу бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд байран, хагас байран маллагаанд их хэмжээний тэжээл зарцуулж, бяруундаа 400-с дээш кг татах махны үхэр, жилдээ 10000 литр саамтай үнээ үржүүлж, бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаас дэлхийн зах зээлд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ноёлж, цаашид ч давамгайлах хандлагатай байна. Хүн амын тоо, орлого нь хурдан өсөж байгаа дэлхийн хүнс, түүхий эдийн нийтийн (массын) хэрэгцээг ингэж хангахаас ч өөр аргагүй байна. 
        Үүний нөгөө талд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхий хүн амын өндөр орлоготой давхаргад бий болон тэлж байна. Дэлхийн зах зээлд бага хувийг эзэлдэг ч нэгж бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах чадвартай ийм эрэлт хэрэгцээг зорилтот зах зээл (niche market) хэмээдэг. Тухайлбал, АНУ-д эрчимжсэн фермийн хүчит тэжээлээр бордсон үхрийн мах нийт хэрэглээний 97%-ийг эзэлдэг бөгөөд ийм мах амтгүй, шүүс багатай байдгаас гадна зүрх судасны өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй Омега-3 тосны хүчлийн агууламж бэлчээрийн махнаас 2 дахин бага байдаг байна. Үүний улмаас америкууд Омега-3-ын дутагдлыг нэмэлтээр нөхөхөд их мөнгө зарцуулж байна. АНУ-д 2015 онд явуулсан жижиглэнгийн үнийн судалгаагаар 1 кг эрчимжсэн фермийн үхрийн мах 11, органик нь 12.5, антибиотик хэрэглээгүй нь 14.5, бэлчээрийнх 16.4, бэлчээрийн органик нь 17.4 долларын үнэтэй байгаа нь 6.4 доллар буюу 12800 төгрөгийн зөрөөтэй байна. 
        Зөвхөн байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаанд шорон мэт нөхцөлд хоригдож "зовсон” малын бүтээгдэхүүнийг биш харин бэлчээрт зоргоор идээшилсэн малын (free-range) бүтээгдэхүүнийг сонирхдог хэрэглэгчид ч энэхүү зорилтот зах зээлд багтана. 
        Тэнгэрт тулсан үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг ноос, ноолуурын дэлхийн шилдэг брэндүүд экологийн цэвэр, байгаль орчинд халгүй, "хоригдоогүй” гэсэн 3 шинж чанарыг бүтээгдэхүүндээ шингээснээ сурталчлан зорилтот зах зээлийг алдахгүйн төлөө цаг, наргүй хөдөлмөрлөж, үүнийхээ үр шимийг ч ашиг орлогоороо хүртэж байна. Өнөө үед олон улсын зах зээлд өрсөлдье гэвэл дов жалгандаа өөр хоорондоо толхилцоод, байгалийн хишиг, бэлэнчлэх сэтгэлгээнд баригдаад суух биш дэлхийн энтэй сэтгэж, овсгоо, зүтгэлтэй ажиллахын энгийн жишээ энэ юм. 
            Цаг агаар хүйтэн, хур тунадас бага, хөрс нь эмзэг, үржил шим доогуур байгалийн нөхцөлтэй Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага, харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшлэн ашиг шимийн гарц бага боловч амт, чанар харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоо чулуу болгон дэлхийд өрсөлдөх нь харьцангуй, давуу тал юм. 

        Үүний тулд гурван зүйлд л төвлөрч "хөрөнгө оруулах” шаардлагатай байна. Үүнднэгд, экологийн цэвэр бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх, хоёрт, мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах,  гуравт, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах явдал юм. Зорилтот зах зээл нь дэлхийн жишгээр бага боловч манайх шиг жижиг орны МАА-н бүтээгдэхүүний нийлүүлэлтийг мэдрэхээргүй  том учир эрэлтийн хувьд санаа зоволтгүй юм. 

        Хамгийн гол нь дэлхийн хүн амын боловсрол, орлогын түвшин нэмэгдэхийн хирээр байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт, зах зээл тэлж, үнэ өсөх нь тодорхой тул МАА-н хөгжлийн бодлогыг энэхүү дэлхий дахины хандлагатай зөв холбовол бэлчээрийн Монгол малаа чулуу болгож чадна.  

  • Экологийн цэвэр бүтээгдэхүүний давуу талыг хадгалж үлдэх нь

        Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байх ёстой юм. Бэлчээр талхлагдаж, доройтохын хирээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь "экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг. Талхлагдаж, зүйлийн бүрэлдэхүүн нь цөөрч, хог ургамалд идэгдсэн бэлчээрээс үйлдвэрлэсэн хүнсээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломжгүй юм. Таанат бэлчээрт идээшилсэн малын махыг шарилж, лууль болсон бэлчээрт байсан малын махтай харьцуулшгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Эрүүл бэлчээрээс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ.

        Цаг агаарын дулаарал, хуурайшил зэрэг байгалийн хүчин зүйл, буруу ашиглалт аль аль нь бэлчээрийг доройтуулдаг. Байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй доройтлын хувьд нөлөөллийг багасгах, дасан зохицох урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин буруу ашиглалтаас үүдэлтэй доройтлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй доройтлын нөлөөллийг багасгах суурь нөхцөлийг хангадаг. Бэлчээр, байгаль орчин болон газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, Швейцарын Хөгжлийн Агентлагийн "Ногоон Алт” төсөл, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран улсын сүлжээнд хамаарах мониторингийн 1450 цэг дээр 2014 онд хийсэн үнэлгээгээр бэлчээрийн 65% нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэх боломжгүй болж цөлжсөн бэлчээр 7%-ийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг  аймгийн нутагтай дүйж байгаа нь малын бэлчээргүй болж, "буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн” ноцтой сэрэмжлүүлэг  юм. 

        Бэлчээр доройтоогүй гэж маргах хүн бий. Үүнийг батлахад заавал шинжлэх ухаан ч хэрэггүй. Улаанбаатарынхан Туулын эрэг, Яармагийн дэнж дээр наадмаа хийж, зүлэг ногоон дээр нь суугаад бөхөө үздэг байсан цаг саяхан. Одоо тэндхийн шарилжийн үнэр, гутал хувцсанд шингэсэн нарийн тоосноос нь зугтаж, бохирын өмхий үнэртсэн Туул голдоо харамсаад л суух гэж үү. Баруун аймаг уруу явах зам дагуу шарилжаас өөр ургамал харагдахгүй байна. Төв, суурин, худаг ус,  зам гээд хүн, мал шавдаг газар бүрд зүлэг ногоо үгүй болж элсний нүүдэл газар авсныг аль ч аймаг, суманд очоод харж болно. Ширгэж алга болсон гол горхи, нуур цөөрөм тоогоо алдсан. Энэ бүхэнд цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн ч бидний үеийнхэн л үйлдэл, эс үйлдлээрээ хийсэн -бохирдуулсан, талхалсан, огтолсон, хуйвалдсан, дуугүй сууж өөгшүүлсэн. 100 жилийн дараа хариуцлага нэхэгдэхэд ямар нэг компани, засгийн нэр ч  дурсагдахгүй, харин 1990 оны ардчилсан хувьсгалын үеийнхэн гэдгээрээ бидний үе түүхийн хуудаснаа нүгэл, буянаа дэнслүүлнэ.

Хүүхэд насандаа шумбаж өссөн цэвэр тунгалаг гол, горхи, нуур, цөөрөм, дөрөө шүргэсэн нарийн өвс, цэцэгт тал, шимт бэлчээр, сэнгэнэм үнэрт ой, шугуйгаа үр хүүхэд, хойч үеэсээ бидний үе булааж байна, үүнээс илүү нүгэл гэж байхгүй, хэчнээн чулуун суварга босгоод ч байгаль эх, хойч үе маань уучлахгүй, сэргээн үлдээж чадвал тэрнээс илүү амьд буяны суварга гэж байхгүй.  
        Манай бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь бэлчээрийн даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож талхлахаас гадна  байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна. 1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх огт малгүй болж, 26.7 мянган өрх МАА-г орхиж байв. 2009-2010 оны зудаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жалгын нэг тарж, малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирдог чөтгөрийн тойргоос малчдыг гаргаж, амьдралд нь наалдахгүй байгаа тооны хөөсийг өөрчлөхөд асуудлын гол нь байна. 

        
        Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь  малын чанар, ашиг шим буурч, эрсдэлд өртөмхий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин 8 кг-аар,  сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц 8%-р бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна. Бэлчээр нь биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болдог тул түүний унаган төрх алдагдах нь нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын  үнэ цэнийг бууруулж байна. 

        Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй "нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байгаа хэрэг. Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал  буруугүй, харин тоог биш чанарыг тэтгэсэн сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх гарц нь  бэлчээрийг гэрээгээр ашиглуулах. Үүнийг бэлчээрийг хувааж өгөөд нүүдэл суудал байхгүй болж, довон дээрээ үхэх сэхэхээ үзнэ, бэлчээрийн мал аж ахуй устах нь гэж буруугаар ойлгож, санаатайгаар мушгих хэрэггүй юм. Харин бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх арга юм. 

        
        Одоогийн байгаа малын тоо, ашиглаж байгаа улирлын болон отрын бэлчээрийн байршлаа үндэслэн ашиглалтын хил заагаа малчид өөрсдөө тогтоон түүнийгээ шууд хил залгаа хөрш малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглалт, нийтээр ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянаж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа маргаан, зөрчил гарахгүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь баян, ядуу, тавиул малтан хэн ч бай мал нь дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм. 
        Бэлчээрээ улирлаар сэлгэж ашигласнаар унаган төрхийг нь сэргээн хадгалах, ган, зудын үед орох нөөц нутагтай болсноор эрсдэлд хохирол бага үзэх, уул уурхай зэрэг бусад ашиглалтад бэлчээрээ зүй бусаар алдахаас хамгаалагдах, хамгийн гол нь малын тоог өсгөж бэлчээрээ талхлах биш, байгаль орчинд ээлтэй аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болох юм. Малынхаа сүргийн бүтэц, чанар, ашиг шимийг нь дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг ашигладаг болно гэсэн үг. Ийм асар их боломж байгаагаас дурдвал одоо жилдээ 10% орчим өсгөж байгаа тооны өсөлтөө зогсоогоод хээлтэгчийн хувийн жинг одоо 45% байгааг нэмэгдүүлж 53%-д хүргэн малаа бүрэн заазалж борлуулахад л (бойжуулсан төлтэй тэнцүү тооны малыг борлуулна гэсэн үг) 100 толгой хонь дутам мах үйлдвэрлэлийг одоогийнхоос 48%-р буюу 236.7 кг-аар нэмэгдүүлж, орлогоо 947 мянган төгрөгөөр өсгөх боломж малчдад байна. Энэ нь улсын дүнгээр тооцвол 55 мянган тонн гулууз мах, 220 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого юм. Хамгийн гол нь энэхүү нэмэгдэл бүтээгдэхүүн, орлогыг байгальд ээлтэй аргаар, малын тоог өсгөхгүйгээр олж байгаа нь зорилтот зах зээлийн шаардлагыг хангана гэсэн үг. Хонины махан дээр хийсэн ийм тооцоог аль ч малын бүтээгдэхүүн бүрээр хийж болно.

        Таван төрлийн малын сүргийн эргэлтээр тооцоход дундаж малчин өрхийн жилийн мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд 5 жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж, 6.4 сая төг-өөр илүү байна. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой. Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн хоол тэжээлийн архаг дутагдал юм. Бэлчээрийн даац 50% хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг юм.  


        Манай улсын мал одоо 55.9 сая буюу хонин толгойгоор 92.6 сая байгаа ч малаа хангалттай борлуулдаггүйгээс өрхийн хэрэглээг оруулаад 311 мянга орчим тонн мах борлуулах нөөц байгаа юм. Сүргийн эргэлтийн загвараар тэмээнээс бусад малын тоог бууруулан үүний дотор адуу, ямааг арай түлхүү бууруулан бэлчээрийн оновчтой даац болох 60 сая хонин толгойд буулгаж (тэмээ 367 мянга, адуу 2054 мянга, үхэр 2774  мянга, хонь 16433 мянга, ямаа 13182 мянга, нийт 34.8 сая болгох) энэ хэмжээнд тогтмол барьсан тохиолдолд махны борлуулалт 433 мянган тонн болж өснө. Үүнд дээр дурдсан эх малын хувийн жинг нэмэгдүүлэн өсвөр насанд борлуулалт хийх, махлаг чанар сайтай нутгийн үүлдэр, шилмэл омгоор сайжруулах, бэлчээрийн даац тохируулснаар түүний ургац нөхөн сэргэх зэрэг бусад нөөцийг оруулаагүй бөгөөд эдгээрийг оруулбал мах 500 мянган тонн хүрэх бүрэн боломжтой. Үүнээс дотоодын махны хэрэглээ 250 орчим мянган тонныг хасвал 250 орчим мянган тонныг экспортлох боломжтой гэсэн үг. Үүнийг 4 доллараар борлуулахад л 1 тэрбум доллар буюу одоогийн Оюу Толгой, Эрдэнэтийн нийлбэрээс илүү гарна. Дээр нь гар аргаар нядалж байгаагаас ашиглалгүй хаягддаг дагавар бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир, ноос, сүү, бусад бүтээгдэхүүнийг тооцож, зорилтот зах зээлд хүрч үнээ өсгөж чадвал 2 тэрбум доллар олох боломж бий. Зөвхөн ноолуур гэхэд 4000 тонн байх бөгөөд үүнээс хамгийн багадаа 500 сая доллар олох боломжтой.  Ийнхүү зөв замаар залсан нөхцөлд бэлчээрийн МАА нь Эрдэнэт, Оюу Толгой, Таван Толгойн нийлбэртэй тэнцэх орлогын эх үүсвэр, тэднээс ялгаатай нь дуусашгүй, харин ч үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх баялаг юм. Үүн дээр унаган төрхөө сэргээж хадгалсан бэлчээр нутаг, биологийн төрөл зүйлийн аялал жуулчлалын үнэ цэнэ нэмэгдэж, аялал жуулчлалын орлого өсөж, 1 тэрбум доллар олох боломжтой.

        
        1990 оны ардчилсан хувьсгалаар бид улс төрийн тогтолцоогоо  хүн төрөлхтний нийтлэг голдрилд оруулсан боловч эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх гарцаа олоогүй байна. Ямар ч байсан энэхүү гарц нь дөрвөн өнгөөр үзэсгэлэнг гайхуулавч эмзэг, хатуу ширүүн ч өгөөжтэй бидэнд заяасан энэ нутагтай  маань хүйн холбоотой бэлчээрийн мал аж ахуйгаас салангид шийдэгдэх нь юу л бол. 


        Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь монголын бэлчээрийн МАА-н өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам бөгөөд үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь ч утгагүй юм. Бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвх санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжээсэй гэж хүсэж байна. 

  • Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах нь

        Мал, бүтээгдэхүүний чанарыг дараах чиглэлээр баталгаажуулах шаардлагатай. Үүнд нэгд,соргог, талхлагдаагүй бэлчээрээс үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг бэлчээр ашиглалтын гэрээнд заасан  бэлчээрийн даацыг тохируулж, чанар, төлөв байдлыг хангаснаар,хоёрт, байгаль орчинд халгүй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгээ мөн дээрх үзүүлэлтээр,гуравт, хоригдоогүй малын бүтээгдэхүүн гэдгээ олон улсын жишигт нийцсэн стандарт баталж, хэрэгжүүлснээр, дөрөвт, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан гэдгээ энэ чиглэлийн олон улсын болон импортлогч орны стандартад тэнцүүлснээр тус тус баталгаажуулна.
        Дээрх чиглэлээр улс орнууд өөрийн орны гаргасан стандарт, дэг жаягийг мөрдөхийн зэрэгцээ олон улсад хэрэглэгддэг стандартыг мөрдөх, үүндээ хөндлөнгийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар баталгаа гаргуулах практикийн аль алиныг хэрэглэж байна. Тухайлбал, Канад улсад торонд хашаагүй тахианы өндөг, эврийг нь тайрах зэргээр өвтгөж зовоогоогүй, доголгүй /арчилгаа, маллагааны тайван, амгалан нөхцөлд байлгасан/ хонины мах, ноос, антибиотик, өсөлт идэвхжүүлэгч дааврын бэлдмэл хэрэглээгүй малын бүтээгдэхүүн гэх мэт олон үзүүлэлтээр үндэсний стандартаа батлан шаардлагад тэнцсэн малчид/фермерүүдийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарахад нь тусгай тэмдэг дарж, баталгаажуулж байна. Манай орны хувьд шаардлагатай үндэсний стандарт, түүнийг баталгаажуулах журмаа яаралтай боловсруулж мөрдөх шаардлагатай. Ингэж байж олон улсын зах зээлд гарах бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадвартай болно. Малын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага гэж олон жил  яригдсан боловч одоо болтол шийдэгдээгүй байгаа нь нэг талаар малчид, орон нутаг, хүнс, хөдөө аж ахуй, стандарт, мэргэжлийн хяналтын байгууллагууд нэг баг болж нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллаж чаддаггүй,  нөгөө талаар худалдан авагч орнуудын зүгээс үүгээр шалтаглан манай бүтээгдэхүүний үнийг хямдруулж авах худалдааны бодлогынх нь үргэлжлэл болдогтой холбоотой юм.

 

        Тухайлбал манай махны дотоодын үнэ өсөж, олон улсын зах зээлийн үнийн түвшинд хүрээд байгаа. Махны үнийг хямдруулах нэг арга нь махны үүлдрийн мал үржүүлж бордон амьдын жинг нь богино хугацаанд огцом нэмэгдүүлдэг эрчимжсэн арга юм. Үүнд их хэмжээний тэжээл, дулаан байр шаардагдана. Манай орон энэ чиглэлээр өрсөлдөх боломж муу тул экологийн цэвэр бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг онилох шаардлагатайг дээр дурдсан билээ. Манай хөрш хоёр орны хувьд хүнснийхээ нийтийн хэрэгцээнд зориулан манайхаас хямд мах авах сонирхол байна. Гэвч манай махны дотоодын үнэ өсөж, мах хямд нийлүүлэгч орнуудтай үнээр өрсөлдөж чадахгүй болсон тул нийтийн хэрэгцээний зориулалтаар хөрш орнуудад мах экспортлох боломж бага. Харин эдгээр орнууд болон өндөр хөгжилтэй орнуудын зорилтот зах зээлд гарах үүднээс мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах нь манай экспортын зах зээлийн ирээдүй юм.

  • Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах нь

        Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана гэдэг юуны өмнө хамтрахын нэр юм. Одоогийнх шиг амь амиараа бүтээгдэхүүнээ портерт ачаад аймаг, хот барааддаг, аль эсвэл ченжийн аманд орсон үнээр хотноосоо борлуулдаг аргаар олон улсын зах зээлд хүрч өрсөлдөнө гэж байхгүй. 
    Бүтээгдэхүүнээ тээвэрлэх, хадгалах, анхан шатны боловсруулалт хийх, чанарыг нь баталгаажуулах ажлыг нэг нэгээрээ салангид хийлгэх нь гарах зардлыг асар их нэмэгдүүлж, малчны бүтээгдэхүүний үнийг өсгөн зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулдаг, бүтээгдэхүүнээ багцлан нийлүүлж үнээ өсгөх боломжоо алддаг, малчдад хүргэх үйлчилгээг хүндрүүлэн үр өгөөжийг нь багасгадаг сөрөг дагавартай. 


        Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсний дараа хэрэглэгч хүртэл дээр дурдсан бүх шат дамжлагыг "өртөг нэмэгдэх сүлжээ” (ӨНС) гэх бөгөөд малчны хотноос гарсан бүтээгдэхүүний өртөг шат дамжлага болгон дээр нэмэгдсээр  эцсийн хэрэглэгчид очих үнэ нь өндөр тусдаг. Иймд мал аж ахуй эрхлэгчид гарах зардлыг хэмнэх, авах үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, бүтээгдэхүүнээ бөөнд нь багцлан үнэ хүргэх үүднээс ӨНС-нд зайлшгүй хамтран ажилладаг байна. 


        Тухайлбал Шинэ Зеланд улс махны экспортоор дэлхийд тэргүүлж буйн шалтгаан нь малынхаа тоог өсгөөд байсанд биш эсрэгээрээ хонины тоог 2005 онд 40 сая байсныг 2015 онд 29 сая болтол бууруулж, бэлчээрийнхээ чанарыг хадгалдаг, хонин сүрэгт хээлтэгчийн эзлэх хувийн жинг 60-с доошгүй хувьд барин малаа аж ахуйн эргэлтэд бүрэн оруулж борлуулж чаддаг, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан олон улсын зах зээлд хүрч өрсөлдөхөд улс, үндэстнээрээ зангидсан гар шиг ажиллаж чаддагт байна. Шинэ Зеланд мах үйлдвэрлэгч фермерүүд, боловсруулах үйлдвэр, маркетингийн үйл ажиллагааг Махны зөвлөл гэдэг байгууллагад зангидан нийт оролцогчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэг баг болон ажиллаж байна. Зөвлөл нь 10 хүнтэйгээс 6 нь малчин фермерүүдээсээ 3 жилээр сонгогдон, 2 нь боловсруулах үйлдвэрүүд, 2 нь Засгийн газрыг төлөөлж ажилладаг бүрэлдэхүүнтэй. Гишүүн фермерүүдийн нядалсан махны дүнгээс хувь тооцон санхүүждэг энэхүү зөвлөл нь мах борлуулалтыг шууд гүйцэтгэдэггүй бөгөөд харин зах зээл олох, мэдээллээр хангах, олон улсад сурталчлах, махны ангилал, зэрэглэл тогтоох, чанарыг баталгаажуулах үүрэгтэй ажилладаг. 


        Манай оронд малчид, ченж, боловсруулах үйлдвэрүүд нэг баг болж ажиллахын оронд өөр хоорондоо толхилцсоор  26 жилийг үдээд байна. Олон улсын зах зээлд өрсөлдөж, ашиг орлогоо нэмэгдүүлье гэж байгаа бол үүнийг өөрчлөх цаг болсон байна. 


        Олон улсын зорилтот зах зээлд хүрэх нь урт хугацааны уйгагүй зүтгэл, санаачилга, хамтын ажиллагаа шаардана. Үүнд сумаараа хамтран ажиллахаас эхэлж, аймаг, улсаараа нэгэн зүгт зангидсан гар шиг хөдөлж байж амжилтад хүрнэ. 
        Малчид, ченжүүд, түүхий эд худалдан авагч үндэсний үйлдвэрүүд багахан ашгийн төлөө бие биеийн үнийг унаган хоорондоо өрсөлдөхөө больё гэсэн үг. Хавсарга ихтэй хавар болохоор малчид нь ноолуураар овоо мөнгө олох нь гэж баярладаг (шуурганаар ноолуурын гадуур нарийн тоосон бүрхүүл хуримтлагдаж бохир жинг нь нэмдгээс тэр. Чанар харахгүй жингээр тооцож авдаг үнийн тогтолцоо нь чанарыг биш, бохир жин өсгөхийг урамшуулдаг гэсэн үг, энэ нь эцсийн бүтээгдэхүүний үнэ, чанарт нөлөөлдгөөс малчид, боловсруулах үйлдвэр, салбар бүхэлдээ хохирдог), ченж, боловсруулах үйлдвэрүүд нь малчдынхаа бүтээгдэхүүнийг хямд авах арга саам хайдгаа больё гэсэн үг. Банк, санхүү, төртэйгөө нийлээд нэг баг болж хамтран ажиллаж чаддаггүйгээс түүхий эдийг бөөндөөд авах гаднын өрсөлдөгчдийн өмнө хүчин мөхөсддөг явдлаас салъя гэсэн үг. Харин бэлчээрийн "хоригдоогүй” малын экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг Монгол брэндийг олон улсын зорилтот зах зээлд хүргэх нэг зорилгын төлөө хамтран ажиллана гэсэн үг. Ингэж чадвал хэн хэнийх нь орлого одоогийнхоос хавьгүй өснө. 

        Ашиглаж чадвал ийм боломж дүүрэн байна. 2015 онд "Ногоон алт” төсөл, Оюу Толгой ХХК-ний "Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 16-17 микронтой торомны ноосыг самнаж бэлтгэн орлого нэмэгдүүлэх боломжийг туршсан дүнгээс үзвэл ӨНС-нд оролцогчдын бүтээгдэхүүний 1 кг дутам малчдын орлого 4000 төг-өөс 12000 төг, бэлтгэгч хоршоонд 2000 төг-өөс 6300 төг, ангилах угаахад 3000 төг-өөс 4234 төг, самнахад 6000 төг-өөс 8500 төг, ээрэхэд 15050 төг-өөс 21240 төг болж өсөх боломжтойг харуулсан байна. Туршилтын бүтээгдэхүүн болох 26/2 утас нь чанарын шаардлага бүрэн ханган 1 кг-ийг нь  85000 төг-өөр дотоод зах зээлд борлуулагдсан байна. Ийм утсаар эцсийн бүтээгдэхүүн хийх, мөн самнасан ноос, утас, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зорилтот зах зээлд хүргэж чадвал үүнээс хавьгүй илүү орлого олох боломжтой. Туршилтын хүрээнд бэлтгэсэн самнасан ноосны өртөг дотоодод 50000 төг болж байсан бол олон улсын зах зээл дээр 2015 оны 7-р сарын 16-ны байдлаар  18 микронтой торомны самнасан ноос 38 ам доллар буюу 76000 төгрөг байв. Харин зорилтот зах зээл болох Английн Брадфорд хотноо байрладаг Евростекс (Eurostex) компани гар аргаар ээрэхэд зориулан самнаж бэлтгэсэн Алашаны (Өвөр Монголын Өмнөговь, Баянхонгортой хил залгаа муж) торомны 17 микронтой ноосыг 90 ам доллар буюу 180000 төгрөгөөр зарж байв. Энэхүү туршилт нь ӨНС-ий шат дамжлага бүрд оролцогчдын аль нэгнийх нь явцуу эрх ашгийг бус нийт салбарын эрх ашгийг дээдлэн нэг баг болж ажиллах, мэргэжлийн байгууллагын оролцоог хангах, төр, засгийн бодлогод нийцүүлэн туршилтын үр дүнг урт хугацаанд тогтвортой болгох зарчмаар хамтарч ажиллавал үр дүнд хүрч болохыг харуулсан жишээ юм.  


        Дээрх маягаар хамтарч ажиллахад малчид, ӨНС-нд оролцогч нэг бүр санаачилга гарган нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй боловч олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боловсруулах үйлдвэр тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай. 


        Энэ ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, санхүүжүүлэх нэг хувилбар нь ӨНС-ий санхүүжилт (value chain finance) юм. ӨНС-ний санхүүжилт нь ХАА-н салбарын санхүүжилтийг тэлж, түүний үр ашиг, эргэн төлөлт, ӨНС-д оролцогсдыг уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах арга зам гэдгээрээ орчин үед хүрээгээ улам тэлж байна. ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид, тэдгээрийн бүтээгдэхүүнийг зуучлагчид, худалдан авагчдыг салангид байдлаар биш харин ӨНС-ний уялдаа холбоонд авч үзсэнээр бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг нь баталгаажуулах, үл хөдлөх хөрөнгө зэрэг хатуу барьцааны оронд ирээдүйн борлуулалтын гэрээ зэрэг зөөлөн барьцаанд шилжих гэх мэт зээл олгоход тулгардаг хүндрэлийг даван туулж, үйлчилгээний зардал, эрсдэлийг бууруулдаг байна.

Малчид хэрэглээний зээлд төвлөрч, үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авах эрэлт хязгаарлагдмал байгаа одоогийн нөхцөлд тэднээс авах түүхий эдийн чанарт хяналт тавих, чанарын шаардлага хангасанд нь нэмэлт урамшуулал олгох зориулалттай нөхцөлт зээлийг түүхий эд худалдан авагч боловсруулах үйлдвэрт олгож, тэдний түүхий эд цуглуулах хэрэгцээг хангах, нөгөө талаар малчдын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад хөрөнгө оруулах сонирхлыг урамшуулах зорилтыг давхар шийдвэрлэх боломж байна. Мал, түүнээс гарах бүтээгдэхүүний чанарыг сайжруулах сонирхол нь нэмэгдэхийн хирээр малчдын зээлийн эрэлт хэрэглээнээс үйлдвэрлэл рүү шилжих тул энэ асуудлыг ӨНС-ний санхүүжилтийн хүрээнд яваандаа шийдэх боломжтой. Тухайлбал, торомны ноос, ямааны ноолуурын микрон дээр босго тогтоон уг шаардлагыг хангасан бүтээгдэхүүнд чанарын урамшуулал нэмж олгох нөхцөлт зээлийг ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрт, махны эрүүл мэндийг хянах тогтолцоог сайжруулан гэрчилгээжүүлж, гэрчилгээтэй мах бэлтгэх, малчдыг урамшуулахад шаардлагатай зээлийг мах боловсруулах үйлдвэрт, сүүний ӨНС-д чанарын хяналтыг сүү цуглуулах цэг дээр тогтоон хүлээж авдаг, чанар хангасан нөхцөлд чанарын урамшуулал олгох нөхцөлт зээлийг сүү боловсруулах үйлдвэрт өгөх зэргээр зохион байгуулж болно. 

  • Санаачилгыг өнөөдөр, өөрсдөөсөө эхэлье
  • Бэлчээрийн тухай хууль УИХ-аар батлагдаж амжихгүй бол Иргэний хуулийн 327.1, Газрын хуулийн 52.2, 52.5 дахь заалтыг үндэслэн бэлчээрээ гэрээгээр ашиглах хүсэлтээ гарган Засаг даргатай зөвшилцөн шийдвэрлүүлэх боломжийг малчид маань ашигламаар байна. Хот айл, айл саахалт, баг, сумаараа ярилцаад санаачлаад явбал бүтнэ. Сум, дүүргийн  Засаг дарга нар ч МАА-н тогтвортой хөгжлийн гарц болсон бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг хуулийн дээрх заалтын дагуу хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Санаачилга гаргавал эрх зүйн ийм боломж байгааг Мянганы сорилтын сангийн "Хот орчмын бэлчээр” төслийн хүрээнд 5 аймаг, хотын 42 сум, дүүрэгт 384 малчны бүлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт” төслийн хүрээнд 7 аймгийн малчны 33 хэсэг, бүлэг хөрш малчидтайгаа зөвшилцөн бэлчээрийн хил заагаа тогтоож, 15 жилээр гэрээ байгуулаад ашиглаж байгаа туршлага харуулж байна. Малаа аж ахуйн эргэлтэд оруулан борлуулах, сүргийн бүтэц, ашиг шимийн чанараа сайжруулах гээд хийх ажил их байна. 
  • Малчид сум багаараа ярилцан нэгдэж, дор хаяж сумын төвд бүтээгдэхүүнээ цуглуулдаг, түүндээ анхан шатны түвшинд чанарын баталгаа гаргуулдаг, ингэснээр боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан үнэ, хадгалах, тээвэрлэх нөхцөлөө тохирон борлуулдаг зохион байгуулалтад ормоор байна. Одоогийн ченжүүдтэйгээ ил тод ярилцаад үз, харилцан ашигтай бол тэд татгалзахгүй хамтарна. Гишүүн малчдаасаа бүтээгдэхүүнийг нь хямд аваад үнэ хүргэн зарж ашиг олох гэсэн одоогийн зарим даргын хоршооны хэлбэрээр биш, харин гишүүдээсээ сонгогдсон удирдлагатай тэдний эрх ашигт үйлчилдэг, үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг зөв хоршоо байгуулаад явбал малчид итгэнэ. Цөөн боловч ийм хоршоо байгаа, "Ногоон алт” зэрэг төслөөс ийм хоршоог дэмжээд ажиллаж байна. Малчид, орон нутгийн байгууллага санаачлаад мэдлэг чадвар дутвал нутгийн зөвлөл, мэргэжлийн байгууллагуудад хандахад юу нь болохгүй байх вэ. Нутгийн зөвлөл, орон нутгаас төрсөн эрдэмтэд, бизнес эрхлэгчид санаа оноогоо нэмээд хамтраад ажиллахад энэ ажлыг зохион байгуулах, зах зээлтэй холбоход их тус хүргэж чадна.
  • Боловсруулах үйлдвэрүүд олон улсын зорилтот зах зээлд хүрэх гүүр юм. Бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах, сурталчлан таниулах, брэнд болгон үнэ хүргэж чадах эсэх нь тэднээс хамаарна. Дэлхийн зах зээлд Монгол гэдэг нэрээр гарах учир хоорондоо өрсөлдөхөөсөө илүү түүхий эдийн чанарын хяналт, зээл, үнийн бодлого, судалгаа ба хөгжил (Research & Development), экологийн цэвэр түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийхээ сурталчилгаа дээр хамтран ажиллаад хожих зүйл их байна. Үүнд мэргэжлийн байгууллага, холбоод, орон нутаг, малчид, тэдний төлөөлөл, ченжүүд, банк санхүүгийн байгууллагатай асуудлаа ил тод хэлэлцэн харилцан ашигтай шийдвэрлэх хувилбарыг илрүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм. 
  • Орон нутгийн санаачилгыг өрнүүлэх, урамшуулах, судалгаа, туршилт хийх, олон улсын зорилтот зах зээлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх нь төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтгүйгээр хэрэгжих боломжгүй юм. "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д "Үйлдвэрлэлийг ӨНС-ээр хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байх” зарчмыг томьёолсон байна. Бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдын малын тоог цөөлөхөд дотоодын зах зээлийн багтаамж багаас үнэ нь унах учир малчдын өргөн хэрэглээний гурил/улаан буудай, цагаан будаа, элсэн чихэр, өргөн хэрэглээний бусад бараагаар тухайн бүтээгдэхүүнийг хямд үйлдвэрлэн үнэ дээр буулт хийх боломжтой хөрш орнуудтай бараа солилцоо хийх санаачилга өрнүүлж болмоор. Түүнчлэн малын тоог цөөлөх нь хүлэмжийн хийн дэгдэлтийг шууд бууруулах учир үүнийгээ үнэлэн хөндлөнгийн хяналтаар баталгаажуулан арилжаалах санаачилга гаргавал холбогдох олон улсын байгууллага, хүлэмжийн хийн бууралтыг гаднаас худалдан авах сонирхолтой Япон, Европын орнуудын Засгийн газар болон хувийн салб

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!