“Ганцад” орсон тойргуудын санал хураалтыг хойшлуулъя
Ардчилсан нийгмийн хамгийн чухал юм бол шударга сонгууль явуулахад байдаг. Нэр дэвшигчдээс заримыг нь шоронд хорьчихоод заримыг нь сурталчилгаагаа хийгээд сонгогд гэх нь яагаад ч шударга сонгууль биш юм. Хэрэв сонгууль ийм шударга биш явагдвал дотоодод үймээн бужигнаан үүсэх магадлалтай. Үүнээс гадна гадаадад манай сонгуулийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь эргэлзээтэй. Сонгууль хүлээн зөвшөөрөгдөхгүй бол олон улсад гадуурхагдан элдэв хориг, элдэв муу жагсаалтаас салахгүй юм болдог. Хэрэв СЕХ эдгээр тойрог дээр санал хураалтыг хойшлуулахгүй бол иргэдэд ганц найдах юм бол хэнд санал өгөх вэ гэдгээ сайн шийдэх хэрэгтэй. Нэг намаас дангаар нь сонгож болохгүй, бид нэг намын 65 гишүүн гаргаад ясандаа тултал шулуулчихаад сууж байгаа шүү. Энэндээ ч биш, шинэ УИХ 39 гишүүний саналаар хууль батална. Тэгэхлээр нэг намаас олон гишүүн сонгож болохгүй. МАН-ын 65 гишүүн гараад юуг ч хуйвалдан хийдэг болсон. Одоо бүүр байчихаад төрийг гурван хүн мэддэг байхаар болгочихоод сууж байна. Иргэд аль болох олон нам, бие даагчдаас гишүүн сонгохоор эрмэлзэх хэрэгтэй байна. Олон намаас, бас бие даагчдаас сонгогдсон гишүүд саналаараа юуг ч удирдах эрхтэй болно. Тиймээс шударга сонгууль явуулдаг жишиг тогтоохын тулд эдгээр шоронд орсон нэр дэвшигчидтэй тойргуудад дахин сонгууль зарлах хууль батлах хэрэгтэй байна. Ингэж байж энэ нэр дэвшигчдийг нь шоронд хорьж байгаад өөрсдийн хүнээ ялуулж шударга бус сонгууль явуулах гэсэн эрмэлзлийг таслан зогсооно. Асуудал иймдээ хүрэлгүйгээр уул нь СЕХ, нэр дэвшигчид нь шоронд орсон тойргуудад санал хураалтын товыг хойшлуулах улс төрийн зориг гаргах хэрэгтэй. Ингэх нь ардчиллыг аварч байгаа хэрэг юм.
Ж.Дорж
Эх сурвалж: Өдрийн сонин