Улс төр бол популистуудын байх газар биш

🕔 2020/06/06 18:54

Хамгийн анх Монголд ардчилсан хувьсгал хавар биш, өвөл болж байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Тэр үед л өнөөгийн улс төрчид гадаа гудамжинд зогсож ардчилалд уриалан дуудаж, Монгол орныг коммунист тогтолцооноос салгахыг шаардаж байсан нь олон хүний сэтгэлд тодхон үлджээ. Өдгөө тэдгээр гудамжинд зогсоод орилж явсан хүмүүсээс маш олон хүн төр засгийн өндөр сэнтийд заларсан гэдгийг монголын ард түмэн сайн мэднэ.

Монгол улсыг дэлхийн ардчилсан улс орнуудтай харьцуулбал тэд нарын хаана нь ч хүрээгүй гэдгийг өнөөдөр ямар ч улс төр судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэр утгаараа Монголын ардчилал бол нялх ардчилал гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Ямар сайндаа л АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлах үеэрээ Монголыг "ардчиллын лаборатори улс” гэж нэрлэж байхав. Энэ үгнээс ургуулаад бодоход өнөөгийн манайхны дагаж дуурайгаад байдаг тэр барууны орнууд биднийг ямархуу янзаар дүгнэж байгаа нь илт ойлгомжтой харагдаж байна.

Тэр утгаараа өнөөдөр монголд ардчилал гэдэг үгийг эсрэгээрээ нь ойлгодог маш олон хүн байдаг. Тэр хүмүүсийн нэг нийтлэг шинж чанарыг дурдвал яасхийж худлаа ярьж популизм хийж байгаад дарга даамал болчихдог юм лээ гэсэн санаа агуулдагт байдаг. Өнөөдөр ийм улсуудыг давраасаар байгаад монгол улс ямар төр засагтай болсныг бид бүгдээрээ мэднэ. Улс төрд шунаж баяжих хүсэлтэй иймэрхүү хүмүүсийн тухай яриад байвал дуусахгүй. 

Өнөөдөр Монголд хэн мөнгөтэй нь сонгуульд оролцож парламентад суудаг жишиг тогтоод удаж байна. Тэр утгаараа улс төрд ямар ч хэрэггүй дуучин, жүжигчин, бөхчүүд, гэх мэт нийгмийн янз бүрийн төлөөллүүд улс төрд орно гээд явж байх жишээтэй. Үүний нэг тодхон жишээ бол Халдвартын эмч Ж.Чинбүрэн болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг нэрлэж болно. Ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэдэг шиг хэн дуртай нь улс төрд ордог цаг болсон юмуудаа гэж бодогдохоор байна. 

Саяын нэр дурдсан Ж.Батзандан гэж айхавтар галзуу солиотой гэмээр нэг хүн байдаг. Тэр хүн анх гудамжинд орилж хашхирч, Монголын ард түмнийг хувьсгалд уриалан дуудаж явсныхаа хүчинд УИХ-ын гишүүн ч болж амжсан. Харин одоо тэр хүн дахиад л УИХ-ын сонгуульд өрсөлдөж ард түмний тархийг угаахаар популизм хийж явна. Тэгвэл ийм хүмүүсийг ардчиллын төлөө цогтой тэмцэгчид гэж хэлэх үү? Харамсалтай нь үгүй юм. Тэд зүгээр л ардчилал гэдэг үгээр гул барьж, төрийн сэнтийд суухыг хүсдэг дүр эсгэсэн тэнүүлчид юм.

Тэгээд ч тийм хүмүүс УИХ-д очоод юу ярьж, ямар хууль батлалцах вэ гэдэг нь өөрөө их ойлгомжгүй асуудал. Одоо ч гэсэн УИХ-д урьд нь бөх байгаад гишүүн болсон хүмүүс сууж байгаа харагддаг. Хүмүүсийн ярилцах нь хөөрхий нэг суудал бөглөдөг л ухаантай юм байхдаа гэлцэх нь бий. УИХ-ын бусад гишүүд ч гэсэн тэд нарийг тэгтлээ ойшоож үздэггүй гэсэн яриа байдаг. Түрүүчийн тэр хүмүүсээ яаяадаа гэж байхад одоо эд нар ч бас юув. Ингээд бодохоор УИХ-ын сонгууль үнэхээр инээдтэй марзан шоу маягийн зүйл шиг санагдаж байна. Уул нь УИХ бол улс төр, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүмүүс сууж ухаанаа уралдуулдаг газар байх ёстой. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ байх юм. Хэрвээ цааш цаашдаа ийм жишиг тогтчихвол улс үндэстэн сөнөж мөхөхийн шинж. Нэг үгээр хэлвэл улс төр бол популистуудын байх газар биш.

Тийм болохоор тэдгээр хүмүүс хоёрын хооронд ардчилагч болж жүжиглэх ямар ч хэрэггүй юм. Ард түмэндээ хандаж хэлэхэд хоёрын хооронд хэнд ч хэрэггүй чухал царай гарган, ардчилагчын дүр эсгэж хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа ийм хүмүүсээс болгоомжлоорой гэж уриалмаар байна. Эс тэгвэл үр дагаврыг нь бид дахин олон жил хангалттай амсах болно гэдгийг хэлье. 

 

Ж.Бат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!