Н.Учрал гишүүн ээ, нэрээ тат

🕔 2020/05/15 16:09

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ЖДҮХС-г тоносон "хулгайчдаа” нэр дэвшүүлэх үү гэдгийг харах л үлдээ-

Ингэж хэлэхийн учир нь түүнд нэр дэвших эрх байхгүй. Учир нь тэрээр иргэдийнхээ тэр тусмаа сонгогдож гарсан Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн боломжийг "хулгайлсан” ЖДҮ-чин. Тиймээс л түүнийг нэр дэвших эрхгүй нэгэн гэсэн юм. Тэрээр тойргийнхоо ЖДҮХС-ийн зээлд хамрагдах иргэдийн 950 сая төгрөгийг нь "хулгайлчхаад” хээв нэг "Одоо төлчихье” хэмээн аархаж байсан. Тэр үүнийгээ мартсан ч мань хийгээд манай үеийнхэн мартаагүй.

Ичсэн хүн хүн ална гэгчээр тухайн үед хамаг буруугаа аав Н.Ням-Осор руугаа чихэж булайгаа дэлгэсэн ч тэрээр нэр цэвэр үлдэх нь бүү хэл хөгөө хөлдөө чирж "ЖДҮ-чин Н.Учрал” гэх автортой болсон. Уг нь тэрээр ядарсан иргэдийнхээ боломжийг хулгайлаад байх нэгэн биш. Ямартай ч 30 гаруй насыг зооглож буй тэрээр үеийнхэн дундаа тасархай баян төдийгүй 1.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлэг батлана.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт "Рояал Академи”, "Гоц жаалууд цэцэрлэг”, "Массив трейд”, "Грийн Ланд групп”, "Их Засаг олон улсын их сургууль”, "Эвэргрийнлайф” компаниудын 30­-100 хувийг эзэмшдэг. Үүгээр ч зогсохгүй 475 сая төгрөгөөр үнэлэгдэх "Nissan Tiida”, "Mercedes Benz”, "S-550”, "Lexus­ 570” маркийн үнэ бүхий төмөр хүлгүүдтэй хэмээн мэдүүлсэн байдаг. Мэдээж түүний энэхүү хөрөнгө дээр аав Н.Ням-Осорынх нь "Хүннү финанс” банк бус санхүүгийн байгууллагын хадгаламж болон зээлийн хүүгээс олсон орлогын сар болон жилийнх нь хувийг бичвэл тоймгүй их тоотой мөнгөн дүн бичигдэнэ.

Ийм л ойгүй баян нөхөр ичих ч үгүй ард түмнийхээ боломжийг хулгайлчхаад дахин УИХ-д нэр дэвшихээр санаархаж буй нь ичмээр.

Уг нь мань хүн Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-ээс ялалт байгуулж УИХ-д сууж, олон мянган иргэдийн итгэл найдварыг хүлээсэн төрийн хүн болсон ч түүний дээр дурдагдсан хөрөнгүүд чамлалтай санагдаж ядарсан иргэдийнхээ боломжийг хулгайлсан нь боловсролтой хүнд байж боломгүй үйлдэл. 

Уг нь тэрээр ард түмнээ, сонгогч олноо хүндлээд өөртэй нь яг адилхан ЖДҮ-ээс мөнгө "хуссан” УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар шиг "Энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн бахархалтайгаар хэлсэн бол түүнийг олон нийт үнэлэх байсан. 

Гэвч түүнд ийм ёс зүй хийгээд зориг зүрх байсангүй. Эсрэгээрээ дахин нэр дэвшихээр улайрч У.Хүрэлсүхийн баруун бөөрөнд наалдаж нэр дэвших квотоо авчихсан яваа нь харамсалтай. Тиймээс, Н.Учрал гишүүн ээ, итгэл хүлээлгэн сонгосон тойргийнхоо иргэдийг энэ мэтээр дорд үзэж, даапаалж байхаар бусад нөхөддөө боломж олговол яасан юм бэ. Хэдийгээр та зээлээ төлж барагдуулсан ч ард түмний боломжоос хумсалсан гэх муу нэр тань хусавч арилахгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл, бор зүрхээрээ явж буй бусад залуустаа зайгаа тавьж хувийн бизнесээ хийвэл яасан юм гэж хэлж буй юм.

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёс, сахилга хариуцлагыг дээдэлж, зарчимтай ажиллана гэж хэлсэн үг нь хөрсөн дээр бодитоор буувал Н.Учрал мэтийн ЖДҮ-чин гишүүд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Олон түмний хүлээлт ч тийм буй. 

Ж.Ууган

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!