Дундговь аймгийн “Есөн гайхамшиг”-ийн нэг “Их газрын чулуу”

🕔 2020/05/04 13:04

Дундговь аймгийн төвөөс зүүн тийш 80 орчим км-т буюу Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгийн уулзварт уртаараа 30, өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам.км талбай бүхий хойшоо урагшаа, буруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц хадан тогтоц байдаг. Энэ бол Их газрын чулууны уул юм.

2003 онд "Их газрын чулуу”-г Улсын тусгай хамгаалалтад авч, 2013 оноос Байгалийн цогцолбор газар болгожээ.

Энэхүү цогцолбор газарт гадаад, дотоодын жуулчид олноороо ирдэг бөгөөд Дундговь аймаг энэ нутгийг аялал жуулчлалын бүс болгох чиглэлээр ихээхэн анхаарч, хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд Их газрын чулууны уулнаа байгалийн Задгай театр байгуулсан нь Монголдоо анхдагч болсон юм. Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд 1 метр 40 сантиметрийн өндөртэй.

Энэхүү задгай театрын тайзнаа 2006, 2013 онд хоёр удаа Олон улсын урлагийн наадам, 2019 онд "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг тус тус зохион байгуулсан юм.

Мөн 2006 онд тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг  босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон байна.

Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй, Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц олонтой. Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн 40 гаруй агуйтай.

"Их газрын чулуун”-нд ирсэн хүн бүр "Эхийн умай”-гаар орж, бие, болоод сэтгэлээ ариусгасны дараа "Нүхт хад”-нд очиж рашаан хүртэн ариусч, дараа нь "Өлгий” хаданд очиж өлгийдүүлэн "хүн болох” зан үйлийг гүйцэтгэх ёстой гэдэг.

Нутгийн ард түмэн "Нүхт хад”-ыг дөрвөн алд уурга оруулахад ёроолд нь хүрдэггүй гүнзгий гэж ярьдаг, нүдний мах ургах, улайх зэрэгт энэ рашаанаар нүдээ угаадаг аж.

"Их газрын чулуу”-ны уулнаа хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна ганга, алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.

Алаг даага, хадны борогчин, монгол чижүүл зэрэг мэрэгчид, сахалт багваахай, жижиг соотон багваахай зэрэг гар далавчтан, тас, бүргэд, харцага, ногтруу, хээрийн тагтаа, болжмор зэрэг жигүүртэн, аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг 20 гаруй төрлийн ан амьтан амьдардаг байна.

2000 оны дунд үе хүртэл энэ нутагт тарвага элбэгтэй байсан ба иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж, 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасч, ер нь бараг устаад байжээ. 2017 оноос хойш тус нутагт тарвага ганц нэг үзэгдэх болж, 2018 оноос Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарвага нутагшуулах төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус цогцолбор газарт 2009-2010 оны зуднаар аргаль, янгир цөөрч, бараг үгүй болсон байсан бол 2018 оны байдлаар дээрх амьтдын зурвас замналын судалгаагаар 222 аргаль, 129 янгир тоолуулсан байдаг.

"Их газрын чулуу” нь усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай.

Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азарга адуу багтаах зайтай, алдарт бөх "Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогт гардаг "Хур харцагын таг” юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоо тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгал олонтой юм.

Энэ нутагт байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий "ембүү” хад, "Лян буюу үр гуйх” хад зэргийг монголчууд зорин ирж, хүслээ шивнээд явдаг гэх баримтууд олон бий. Энэ ууланд нутгийн өвөрмөц тогтцыг нь ашиглан "Талын цуурай”, "Ичээнд нь”, "Бушхүүгийн үлгэр”, "Загийн алим”, "Тууврын замд” зэрэг киноны зураг авалтыг хийж байжээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!