О.Баасанхүү АН доторх С.Эрдэнийн намыг унагаж Б.Хурцын намыг байгуулна
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тухайд 1994-2011 оны хооронд Ардчилсан намын гишүүн байсан хэдий ч МАХН-ын ирээдүйг харж, батлахаа эргүүлэн шидсэн түүхтэй. Харин өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний нөхдөд хөөгдөхтэйгээ зэрэгцэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын зуучлалтайгаар Ардчилсан намдаа эргэн элссэн нь энэ. Нэг ёсны тэрбээр энэ удаад Ардчилсан нам болон тус намын дарга С.Эрдэнэд бус Б.Хурцад итгэж улс төрийн шийдвэр гаргасан гэсэн үг.
Тэгээд ч С.Эрдэнэ даргын тухайд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хувь улстөрчийнх нь тухайд таагүй ханддаг гэдгээ олон нийтээс нууж байсан удаагүй бөгөөд нэгэн удаа "Улс төрийн панзчин” хэмээн цоллосон бол саяхан "О.Баасанхүү чи зүгээр байгаарай. Ам хамраа жаахан мэдэж ярьж бай. Ганцаараа амтай нь юм шиг дарвалзаад...аятайхан байгаарай. Дандаа хүн загнадаг чи хэн юм. Би чамайг юм ярьж байхад дугараагүй шүү. Дуугүй бай л даа, чи. Гараад зайл. Наад мэдрэлээ тэр шар хаданд үзүүл. Эрүүл саруул байж энэ УИХ-д суудаг юм шүү. Овоо гайгүй залуу юм байх гэж бодсон чинь сүүлийн үед гаж донтой болчихсон юмуу. Намаасаа хөөгдчхөөд сэтгэл мэдрэлээр уначихсан юм уу. Намгүй болчихсон юмнууд ер нь ингэдэг...” гэхчлэн ил тод доромжилсон түүх ч бий.
Гэхдээ энэхүү үйлдлийг тэдний хэн хэн нь байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн энгийн л нэг хэрүүл хэмээн тайлбарлаж болох ч олон нийтийн зүгээс Ардчилсан намын дарга С.Эрдэнийг сэтгэл сайтайдаа О.Баасанхүүд намдаа элсүүлсэн гэж итгэх нь юу л бол.
Тэгээд ч О.Баасанхүү гишүүний өнгөрсөн улс төрийн түүх намтраас харахад С.Эрдэнийн араас нэг л өдөр чулуу нүүлгэж дөнгөх хэмжээний, ёстой л Ардчилсан намын даргын өөрийнх нь хэлдгээр улс төрийн "панзчин” гэдгээ баталсан үг үйлдэл олон. Иймийн учир Б.Хурц ийшээ бол О.Баасанхүү тийшээ гэдэгчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хошууч генералыг дагаж Ардчилсан намын сонгосон уу гэхээс С.Эрдэнэд итгэж гишүүнчлэлээ сэргээсэн нь юу л бол.
Товчхондоо, тэрээр цаашид Ардчилсан намын доторх С.Эрдэнийн намыг унагаад Б.Хурцын намыг байгуулахыг л чухалчлах болов уу. Тиймээс ч Ардчилсан намын батлахыг гардаж авах үеэрээ "Би Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд С.Зориг агсны амийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа” хэмээн зоригтой дуугарсан биз ээ.
Эх сурвалж: sonin.mn