С.Цэгмид: Фронтод бэлэг хүргэж өгсөн явдал бол түүхэнд марташгүй, агуу үйл хэрэг байгаа юм
-Цэгмид гуай Та, 1942 онд фронтод бэлэг хүргэж өгч байсан Монголын төлөөлөгчдийн нэг. Энэ сайхан дурсамжаа хуваалцана уу.
-Манай улсаас дэлхийн II дайны ид үед 12 дугаар сард фронтод 217 вагон тусламж аваачиж өгч байсан юм. Дээл, хувцас, цэргийн хувцас, идэш хоол гээд л... Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Б.Ширэндэв, Ш.Гонгор баатар, Жанжин Мижид гээд л төрийнхөө томчуултай хамт явсан. Мөн жүжигчин Цагааны Цэгмид, Ц.Дамдинсүрэн нар явж байлаа.
Хорь гаруй монгол хүн явж, Москвад очоод дөрвөн хэсэг болж хуваагдаад бэлгээ хүргэж өгсөн юм. Москвагаас баруун хойш найман зуугаад км-т Жанжин Мижид, Гонгор баатар тэргүүтэй долоо, найман хүн очиж бэлэг тарааж өгсөн.
Тэрний наана Свердловскийн фронт гэдэг дээр Намын төв хорооны дарга байсан Г.Сүрэнжав даргалаад, Хэрэг эрхлэх газрын дарга нь Бадарч гэдэг хүн байсан, Моёор Одсүрэн, Ховдоос Занаа гэж нэг хүн байсан, 17-р армийн 37 настай гэж нэг орос хүүхэн бид хэд хамт явсан юм.
Свердловскийн фронт гэдэг маань галдан байлдаанд орж байсан хамгийн хүнд газар байсан. Тэгээд Монголын ард түмнээс явуулж байгаа захидлыг Сүрэнжав дарга уншаад нэг газар суман цэрэг цуглуулаад л нэг хүнд 2-3 янзын дээл, гутал хувцас, гарын саван, бээлий өгч, нэг хүнийг тэгж бүрэн хувцаслаж гаргаж байсан юм.
Тэд нар бол жинхэнэ гардан байлдаж байсан улс. Явган давшилт хийгээд л, уранхай бакалан гуталтай, уранхай шинельтэй, ус цасан дундуур мөлхсөн, тийм улсад л бид бүх хувцсыг нь аваачиж өгч байсан юм. Сталинградын фронт дээр Чойбалсан тэргүүтэй хэдэн хүн бэлэг аваачиж өгсөн. Харин Бумцэнд гуай болохоор Калининградын фронт руу явж байсан юм. Эндээс явсан төлөөлөгчид ингэж дөрвөн хэсэг болоод л дайны тэр хүнд үед нь бэлэг тарааж өгч байсан даа.
Тэр хүмүүсийн дунд би хамгийн бага нь байсан. 19 настай байлаа. Бид нарыг тэнд байх үед Германаас нэг тосгон чөлөөлж авч байлаа. Автомат буу гэдгийг чинь мөрөндөө үүрч, ленттэй 32 сум гардаг буугаар буудаж үзсэн. Газар доор оковтой, тэнд өвс дэвсээд дээр нь нэг шинельтэй тийм орон дээр бид нар зургаа, долоо хоног байж байгаад бэлгээ тараасан юм даа.
Биднийг агаараар болон явган цэргүүд хамгаалж явдаг байсан. Бэлгээ тараачихаад Сүрэнжав дарга "бид нар гар бие оролцьё” гэж, их буунаас бас дугтарч үзэж байлаа. Монголын ард түмнээ төлөөлж Сүрэнжав дарга, монгол цэргүүдийг төлөөлж Моёор Одсүрэн, эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж би их буугаар буудаж байсан юм. Гэмтэй нь юм уу, гэмгүй нь юм уу, "хэдэн герман сөнөөлөө” гэсэн мэдээ ирж байсан. Орой нь долоон цагийн үед буудахад маргааш нь долоон цагийн үед л сонин дээр гарчихсан байсан.
Тэгээд би тэр сонингоо авч явдаг, хадгалж байсан чинь сүүлдээ үрчихсэн юм аа. Оросын архивт байдаг л байх. Тэгж нэг дайнд гар бие оролцож явсан юм даа бид.
-Бэлэг хүлээж аваад орос цэргүүд маш их баярлаж байсан байх даа, ямар үйл явдал болж байсан бэ?
-Баярлалгүй дээ хөөрхий, баярлаад л зүгээр жигтэйхэн. Тэр үед 16-хан настай байсан Филатов гээд цэрэг миний гараас бэлэг авч байсан юм байж, тэгээд 1973 онд тэртээ Москвагаас надад энэ "Гвард” авчирч өгсөн шүү дээ.
217 вагон бэлэг хүргэж өгснөөс гадна "Хувьсгалт-Монгол танкийн цуваа” гээд манай Монголоос фронтод бэлэглэсэн 40, 50 танкийг бид бас аймаг, аймгийн нэрийн өмнөөс гардуулж өгсөн юм шүү дээ. Би Дундговь аймгийнаа ард түмниы өмнөөс үг хэлж, "манай энэ эрэлхэг, баатарлаг зэвсгээр ялалт байгуулаарай” гэж хэлж байсан юм.
Биднийг эндээс явахад л өрх бүрээс мөнгө хурааж авч байсан юм. "Хувьсгалт-Монгол танкийн цуваа” байгуулна гээд. Тэгээд бид нарыг Москвад очоод дараа нь бэлгээ тарааж явах хооронд танк нь бэлэн болчихоод бид бас гардуулж өгсөн.
Чойбалсан дарга 10 дугуйтай танкийг "Монголын ард түмний өмнөөс” гээд, би "Дундговь аймгийн ард түмнээс” гээд л гардуулж өгч байлаа шүү дээ. Хаяг адресийг нь биччихсэн байсан.
Манай монголчууд фронтод олон сайхан морьдоо өгсөн. Манай монгол морьдыг "хамгийн их эрэлхэг, дайчин, мундаг чадалтай, эр зоригтой морьд байдаг юм байна” гэж их магтаж байсан. Жинхэнэ атаканд орж байхыг нь би үзээгүй. Гэхдээ ийм ийм мориор давшилтад орсон, ингэж баатарлагаар тулалдлаа гээд л ярьцгааж байсан шүү тэр үед.
Бэлэг хүргэж ирчихээд 1943 онд би аймгийнхаа зүүн талын сумдаар хэдэн оросуудтай явж, морь цуглуулж байсан юм. Манай ард түмэн хамгийн сайн, шилдэг морьдоо л өгдөг байлаа шүү дээ. Дэлгэрхангайн Гончиг тайжийнх гэдэг айл л гэхэд 50-иад морио бэлэг болгон өгч байсан. Олон морьдоо өгч байсан юм аа, хөөрхий.
Би өөрөө фронтод морь, 10-аад хонь, хэдэн мянган төгрөг, өдий төдий арьс нэхийгээ бэлэглэж байсан. Фронт дээр бид нэг цэрэгт эсгий гутал, нэг дулаан хөдсөн дээл, шинель өгч, нэг хүнийг бүрэн хувцаслаж байсан юм. Ёстой нэг өрөвдмөөр байхад нь очсон доо бид. Их л өрөвдөж байлаа. Дөнгөж хувцсаа сольж өмсөөд л байлдаандаа орж байсан. Тэгээд Сталин гэдэг том удирдагч биднийг хүлээж авч, "Ядрахад нөхрийн чанар танигддаг” гэж хэлж байсан юм шүү дээ. Бидэнд нэг кино үзүүлж, өөрийнхөө байранд хүлээн авч, цайлж, дайлж байсан. Оросууд маш их баярласан. Энэ бол түүхэнд марташгүй, агуу үйл хэрэг байгаа юм.
-Тэр үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач. Дайны фронт дээр танилцаад дараа нь найз нөхөд болсон сайхан дурсамж байгаа байх даа.
-Намайг бэлэг хүргэж өгөх тэр үеэр Носов гээд 20 настай жаахан хүү шумбадаг цагаан онгоцоор олон германыг устгаж, гавьяа байгуулаад "Баатар” цол авсан юм. (Тэр бол ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носов) Би болохоороо Монголд хамгийн анх ийм залуугаараа "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” зүүсэн "Улсын сайн малчин” болсон малчин байсан юм. Тэгээд манай Бумцэнд гуай "та хоёр тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу, ярилцаж, хөөрөлд” гээд бидний зургийг авч, бид хоёр "Ил-12” гэдэг онгоцоор хамт нисэж байсан юм. Хоёр орны найрамдлын баталгаа болж, бид хоёр ингэж сайхан танилцаж, нөхөрлөж, үерхсэн улс байгаа юм. Ийм сайхан дурсамжтай.
-Та бүхэн фронтод удаан байсан уу? Одоо тун удахгүй Ялалтын 75 жилийн ойн баяр болно, та баярын үйл ажиллагаанд очиж оролцох уу?
-Бид бүхэн Улаанбаатараас 1942 оны 11 дүгээр сарын 26-нд мордож, 12 дугаар сарын таванд Москвад очсон. Тэгээд бэлгээ хувааж аваад 12 дугаар сарын 15, 16 болтол фронтод бэлэг тараагаад ирж байсан юм. Ялалтын ой бүрт л очиж байдаг юм. Энэ жил тавдугаар сарын есөнд Ялалтын ойдоо очих байх аа. Очно доо.
Эмээ нь одоо 99 нас хүрч байна. Илүү, дутуу сараа тооцохоор 100 нас хүрсэн байх гэж боддог. Өдийхөн 18, 19 настайгаасаа л сайн малчны "аварга” гэдэг цолыг л авсан хүн шүү дээ. Таван настайгаасаа л өдгөө хүртэл мал дээр байж байгаа. Малын төлөө дуугүй сууж чаддаггүй л хүн байгаа юм.
-Та их залуугаасаа "Улсын сайн малчин” болж байсан, түүнийхээ ч ачаар Монгол Улсаа төлөөлж, Аугаа эх орны дайны фронтод бэлэг хүргэж өгч байсан гавьяатай хүн. Мал маллаж байсан дурсамжаа бидэнтэй хуваалцах уу?
-Би Улсын сайн малчдын анхдугаар хуралд 18 настай оролцож байсан. 1941 онд Дэлгэрхангай сум чинь Өмнөговийн харьяа байсан юм. Тэгээд "Улсын сайн малчин” гэсэн энэ алдар цолыг авч, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.
Би багаасаа мал маллаад одоо хүртэл л мал дээрээ байж байна. Улсын сайн малчдын I, II, III, IV хуралд оролцож явсан, "Алтан гадас” одон гээд олон медалиар шагнуулсан хүн дээ. 1962 онд гамшиг шуурга болоход би 40 гаруй ботгоо гэртээ оруулаад л аварч байсан юм. Дандаа малынхаа төлөө бодож явдаг, малын төлөө л төрсөн хүн дээ.
Найман настайгаасаа л эмнэг тэмээ унаж байсан, багаасаа малын дөртэй. Нэгдлийн гишүүн байхдаа доод тал нь 25, дээд тал нь 65 ингэ ботголуулж байлаа ганцаараа. Бүх ботгоо номхон болгож уяна. Хурга ишиг шиг л хоёр тийш нь ялгаад явуулчихдаг, жинхэнэ нэг малын мэргэжилтэй хүн юм шүү дээ би.
Одоо болтол малдаа хайртай. Тэмээ маань бүгд нэртэй, зүстэй байдаг байлаа, 1000-гаад ингэ ботголуулсан даа, сумандаа. Надад мал их амархан дасдаг, дуудахаар л гүйгээд ирдэг ямаа бий. Мал шиг сайхан юм байхгүй. Малтай хүн баян байна шүү дээ.
-Өөр нэмж юу хэлэх вэ, танд хүсч, мөрөөдөж явдаг зүйл юу байна даа?
-Би насаараа мал малласан, малчин хүн шүү дээ. Мал бол миний амьдрал, одоо ч малынхаа дэргэд л байж байна. Тиймээс хэрэв болдог бол "Гавьяат малчин” гэдэг нэр алдрыг хүртэхсэн гэж боддог юм.
Малын буян хишиг гэдэг их шүү дээ. Монгол Улсыг тэжээж байна. Малчид гэдэг чинь халуунд халж, хүйтэнд хөрч, шуурга шороонд нүдүүлж байж л хэдэн малаа өсгөж, хүн ардаа тэжээж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн үнэтэй юм энэ малчид байна. Малчдыг үнэлж байх хэрэгтэй юм шүү дээ. Өнөө үед мал маллахад хэцүү биш болжээ. Бидний үед хашаа хороо муутай, морь, тэмээгээ унадаг, гараар усаа татдаг байлаа шүү дээ. Малаа хайрла, малчдаа үнэл гэж л хэлнэ дээ.
Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе.